“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулав.

Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын удмын сан, бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэнээр ажиллаж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд тэнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих юм. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн үүц болсон Халх гол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд хамруулах юм байна. Тогтоолын төсөлд “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх, чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх, чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх зэрэг зарчмыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 100 хувиар дэмжлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Мөн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Дашдорж нарыг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд, Д.Арвин, Ц.Оюунгэрэл нарыг ажлын хэсгийн гишүүнээр баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.