Улаанбурханы вакцинжуулалтыг 529 нэгжээр дамжуулан хийнэ
Улаанбурхан өвчнөөр 18-30 насны залуучууд өвдөх болсонтой холбогдуулан Засгийн газар 948.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 624 мянган хүн тун вакцин авахаар болсон. Тэгвэл энэ сарын 5-нд улаанбурханы нэмэлт вакцинжуулалтыг ХӨСҮТ-ийнхөн хулээн аваад буй юм. Вакцинжуулалт энэ сарын 12-25-нд орон даяар хийгдэх юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгалаас зарим зуйлийг тодрууллаа.
 
-Улаанбурханы вакцинжуулалт ирэх дөрөв дэх өдөр эхэлнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?


-Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар 529 нэгжээр дамжуулан улаанбурханы вакцинжуулалтыг хийнэ. Вакцинжуулалтын ажлыг байнгын цэг, түр цэг, явуулын цэг гэсэн гурван зохион байгуулалттайгаар хийж байгаа. Байнгын цэг нь вакцин хийдэг томоохон өрхийн эмнэлгүүдэд байрлах бол түр цэг нь албан байгууллага, сургуулиудад очиж вакцин хийх юм. Явуулын цэг нь вакциндаа хамрагдахгүй байгаа айлуудад очиж хийнэ. Гэхдээ хүмүүс аль болох идэвхтэй байж байнгын цэгүүдэд өөрсдөө очиж вакцинаа хийлгэх хэрэгтэй. Мөн албан байгууллагууд ч гэсэн цөөхөн ажилчинтай бол харьяа газартаа өөрсдөө очоод вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Хэрвээ иргэд идэвхтэй оролцвол 14 хоногийн хугацаанд вакцинжуулалтад хамрагдалт өндөр байх юм.
 
-Вакцин хийх цэгүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Иргэд оршин суугаа хаягынхаа дагуу вакциндаа хамрагдах ёстой юу?
 
-Бид вакцинжуулах ажлыг зохион байгуулалттай, эмх цэгцтэй хийхийн тулд гурван цэг бий болгосон. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн V дугаар хороонд ажлын байр нь байдаг, тэнд ажилладаг 18-30 настай хүн байлаа гэхэд V дугаар хороондоо л вакцинжуулалтад хамрагдах юм. Өөрөөр хэлбэл, тухайн албан байгууллага харьяалагддаг хороондоо 18-30 нас хүртэлх ажилчдаа вакцинжуулалтад хамруулж болно гэсэн үг. V дугаар хороонд байдаг албан байгууллагууд тавдугаар хорооны байнгын цэгт ажилчдаа вакцинд хамруулна. Хэрвээ олон ажилчинтай албан байгууллага байвал вакцин хийх өрөө гаргаад түр цэгээр дамжуулан вакцин хийлгэх боломжтой. Манай түр цэгийн ажилчид хэлсэн тогтсон цагт нь очоод вакцин хийж өгнө. Мөн ажилгүй, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс байвал өөрийн оршин суудаг хорооныхоо вакцинжуулалтын цэгүүдэд очиж хийлгэж болно. Байнгын цэгүүд 14 хоногийн турш ажиллана.
 
-Хөдөө орон нутагт харьяалалтай оюутнууд сургуулиараа дамжуулан хийлгэнэ гэсэн үг үү?

-Тийм. Их дээд сургуулиудад түр цэг очиж ажиллана. Эмчийн өрөөнд нь түр цэгээ байлуулаад вакцинжуулалт хийнэ. Харин сургуулийн удирдлагууд нь оюутнуудаа вакцинжуулалтад бүрэн хамруулах ажлыг сайн зохион байгуулаад өгөх хэрэгтэй.

-Улаанбурханы дэгдэлт өндөртэй байгаа долоон аймаг байгаа шүү дээ. Тэдгээр аймаг болон бусад аймгуудад вакцин очсон уу?

-Энэ сарын 6-нд үндэсний хэмжээний сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад аймаг, дүүргийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэнүүд хамрагдсан. Сургалтад суусан мэргэжилтнүүд өөрийн аймаг дүүргүүддээ очиж сувилагч, ахлах сувилагч нарт сургалтыг явуулна. Мөн Улаанбаатар хотод ажиллах 350 нөөц сувилагчыг бэлдсэн. Тэдгээр хүмүүс албан байгууллагуудад очиж ажиллах түр цэг болон явуулан цэгүүдэд хүрч ажиллах юм. Одоо байгаа 529 нэгжид нэг л вакцинатор байгаа. Нэг вакцинатор бүх нэгжид хүрч ажиллаж чадахгүй учраас нөөцтэйгөөр зохион байгуулсан.
 
-Хөдөө орон нутагг вакцин очсон уу?


-Очсон. Өнгөрсөн баасан гарагт хийсэн сургалтынхаа үеэр 21 аймаг есөн дүүрэгт вакциныг тараасан.
 
-Иргэд вакцин хийлгэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?


-Вакциндаа хамрагдахаар ирэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч ирэхэд болно.
 
-Энэ вакциныг улаанбурхан тусч байсан хүмүүс хийлгэх үү?

-Энэ сарын 12-25-нд хийгдэх дархлаажуулалтын вакциныг урьд нь улаанбурхан тусч байсан хүмүүс ч хийлгэх ёстой. Учир нь одоо хийгдэж байгаа вакцин улаанбурханаас урьдчилан сэргийлж байгаа юм. Мөн урьд нь вакцинд хамрагдаж байсан хэдий ч уг дархлаажуулалтын вакциныг хийлгэнэ. Хамгийн гол нь вакцин хоорондын зай нэг сарын хугацаатай байх ёстой. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд дархлаажуулалтын вакцин хийхгүй. Тэгэхээр вакцин хийлгэхээр ирж байгаа эмэгтэйчүүд бүгд таниулах зөвшөөрлийн хуудас бөглөнө. Энэ хуудас нь жирэмсэн биш гэдгийг батлахаас гадна вакцин хийлгэснээс хойш сарын хугацаанд жирэмслэх төлөвлөгөөгүй гэдгийг баталгаажуулах юм.
 
-Өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн нэмэлт вакцинд хичнээн хүүхэд хамрагдсан бэ?

-2015 оны тавдугаар сард зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдэд вакцин хийсэн. Хамралт нь 93 хувьтай байсан. Мөн голомтын вакцин хийгдсэн.
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2016-05-15 16:41:08
    Jiremsnii ehen ve 2 ;3n doloo honogtoi medegdeegvi vedee wagchim hiilgechihsen hvmvvst ymar shinj temdeg ilreh we? uragt yaj nolooloh we?
    27.123.214.95
    Мэдэгдсэн Хариулах
  • oyunsuwd 2016-05-15 16:26:25
    Jiremselher tolowlosn bj bgad wagchind hamdragdchihsan bol yahuu
    27.123.214.95
    Мэдэгдсэн Хариулах