Ш.Доржсүрэн: Гадаадад кино  хийхийн амтыг мэдрээгүй хүн бол худлаа хэлбэрдээд байна гэх  байх
Жүжигчний мэргэжлээсээ нэлээд хугацаанд хөндийрч,  найруулагчийн карьер, хөөж хэд хэдэн кино бүтээгээд амжсан жүжигчин Дооёо цоо шинэ дүр бүтээж, үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 

-Сайн байна уу? Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Сайхан мэдрэмж авсан өдрүүд өнгөрлөө. Цаг хугацаа хурдан өнгөрөх юмаа. Би нилээн дээр үед тоглож байсан гацаа хүүгийн тухай нэг тоглолт  байсныг зарим хүмүүс санаж байгаа байх. Тэр үед тайзан дээр Ааяа эгч бид хоёр ээж хүү хоёр болон тоглодог байсан.Тэр үзүүлбэр дээр хүмүүс их л өхөөрдөн инээж байгаад төгсгөлд нь нулимс дуслуулан алга ташдаг байлаа.Тэр үзэгдэл дуусаад гэрэл харанхуйлж дараагийн үзүүлбэр лүүгээ харанхуй тайзан дээр арын өрөө рүү алхаж явахад хүмүүсийн үнэн сэтгэлийн алга ташилт уухайн дууг сонсоод сэтгэл дотроо хүнд хэлэх аргагүй нэг тийм сонин мэдрэмж авдагсан.Тэр дүрээ киноны нэг дүр болгон ашиглана гэж бодож байсангүй. Харин тэгсэн чинь тэр үед тайзан дээр ээрч муурсан сайхан сэтгэлтэй хүү маань надтай цуг хөгшрөөд хотын нэгэн ээрч муурсан хижээл насны залуу болж дээ. Гэхдээ тэрний сайхан сэтгэл хэвээрээ л байгаа. Ийм л дүр дээр бас кинон дээр ажиллалаа. Нэр нь НЭГ ӨДРИЙН ДАЙСАН...

-Сүүлийн хэдэн жил найруулагчийн карьер хөөх болсон. Эргэн кинонд тоглох ямар байв?

-Би СУИС -ийг найруулагч жүжигчний мэргэжлээр төгссөн ухаантай юм шүү дээ. Хоёр диплом хамгаалсан гэсэн үг. Найруулагч хүнд төрөлхийн олон талын мэдрэмж заяагдмал увидас байх хэрэгтэй л дээ.Тэрнээс киноныхоо мөнгийг нь гаргасан хүн бусдаар юмаа хийлгэчихээд найруулагч гэж өөрийгөө бичүүлээд сууж байхыг нь хараад өмнөөс нь яс янгинадаг.Тийм амар сайхандаа жаргасан ажил биш л дээ. Найруулагч мэргэжлийг суралцах нэг хэрэг амьдрал дээр олон зүйлийг хийж үзээд түүнээсээ суралцах гэдэг бас өөр зүйл юм шиг байна. Би найруулагчийн ажлыг хийж байхдаа өөрөө жүжигчин хүн учраас жүжигчинд ийм юм хийхэд хэцүү байдаг энэ талаас хийвэл зөв болдог гээд олон талын туршлага байна л даа. Өөрөө зовлонг нь үүрч байсан хүний хувьд. Энэ нь миний давуу тал. Яагаад гэвэл зөвхөн техник талын мэдлэгтэй туршлагатай найруулагчид жүжигчин нь юу хийх яах ёстойг мэдэхгүй болохоор маш том асуудлууд үүсдэг гэж би боддог. Тэгээд эргээд камерийн өмнө өөрөө зогсож тоглож эхэллээ. Маш сайхан байсан шүү. Өөрийгөө бэлдээд өөр дээрээ ажиллаад олон жил уралдсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг л байлаа. Харин өөрийнхөө тоглолтыг хараад нүд маань тогтож нүүрэнд маань үрчлээ сууж нэг л танихгүй хүн өмнө маань яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн шүү. Яагаад гэвэл би өөрийгөө дэлгэцэн дээр харалгүй бараг 10 аад жил болчихсон байна шүү дээ.Тэгээд л нэг хөгшин хүн яваад байгааг харсан чинь сонин л байлаа.

-Уран бүтээлүүдийнхээ зураг авалтыг гадаадад хийх нь танай продакшны онцлог болжээ. Ингэж гадаадад зураг авалт хийхэд мэдээж хэрэг зардал харьцангуй өндөр байдаг байх?

-Гадаадад кино  хийхийн амтыг мэдрээгүй хүнд бол худлаа хэлбэрдээд байна гэх  байх  л даа. Мэдээж зардал өндөр гарна л даа. Гэхдээ киноны нэг том үндсэн зүйл нь локейшн буюу байршил байдаг. Нэг өвөрмөц нарийн гудамж, нэг муу шавар тагз, нов ногоон тариалангийн талбай, уулнаас уулны хооронд татсан нарийнхан олсон гүүр, уул ороон сүлжсэн машин зам гээд харахад нүд баясгаж сэтгэгдэл төрүүлсэн сайхан газар зураг авах үнэхээр урамтай бас маш сайхан кайф өгдөг л дөө. Манай хот бол нэг л адилхан ёотон шиг дөрвөлжин дөрвөлжин байшингууд харагдана. Харин гэр хороолол бол сонирхолтой. Хөдөө ч бас сайхан шүү. Ингээд л бид шинэ гарц, шинэ зам, шинэ баг, шинэ мэдлэг, шинэ улс орон үзэх гээд дуртай ажлаа хийгээд их ч газраар дэмий тэнэлээ. Гэхдээ энэ бол бид өөрсдийнхөө хөрөнгөөр өөрсдийнхөө хүсэл зоригоор л хийж байгаа зүйл. Харин улсын мөнгөөр ингэж тонгочих юм бол хүмүүс шүүмжлэлтэй хандаж болох юм. Одоо бид улам л туршлагатай боллоо. Алдаж оносон зүйл байлгүй яах вэ.  Гэхдээ бүдэрч уначихаад хэвтээд байсангүй. Босч ирээд шороогоо гөвчихөөд цаашаа алхаж байна даа.

-Гадны олон уран бүтээлчтэй хамтран ажилладаг хүний хувьд тэдгээр уран бүтээлчдээс хамгийн авууштай чанар юу байв?

-За даа мэргэжлийн хүн гэдэг бол шал өөр шүү дээ. Бидэнд энэ чанар бас хариуцлага амбиц мөн ч дутуу байна даа. Би олон алдартай жүжигчидтэй ажиллаж үзсэн. Тэд найруулагч юу гэж хүснэ тэрнийг үг дуугүй биелүүлдэг. Гэхдээ найруулагчаа би гурван янзаар хийж үзүүлье та өөрөө сонгоорой гээд хүртэл үзүүлж байсан жүжигчид байдаг. Маш их бэлдсэн байдаг даа. Би ч эхлээд битүүхэндээ сүрддэг л байлаа. Аргагүй шүү дээ. Шанхайн наадамд эрэгтэй гол дүрийн шагналтай жүжигчин,холливүүдийн маш олон кинонд тоглочихсон акул жүжигчин эд нар ирхэд туслахууд нь бөндөгнөж гүйгээд бөөн сүр болно шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийг өөрийн эрхэнд оруулж зангидаж өөрийн хүссэн зүйлээ гаргуулах гэж байгаа хүн эхлээд балмагдана биз дээ. Гэвч тэдний найруулагчтайгаа харилцаж байгаа хандлаг тэс өөр.

Найруулагчийг маш их хүндэлж алдаатай зүйл хэлсэн ч хийхэд  бараг бэлэн байдаг. Гэвч тийм юм хаанаас болох вэ. Кино баг бол маш өндөр зохион байгуулалттай ёстой манайхны хэлдгээр хагас цэргийн зохион байгуулалт бол тэнд л байна. Бүгд нэг гарын дор нэгдэж хамтарч нэгж хүн бүр хийж байгаа зүйлээ гаргуун эзэмшсэн байхыг хараад бид ч болоогүй байна даа гэж бодогдох үе байдаг л юм. Гэхдээ өөрсдийнхнөө голж байгаа юм биш ээ. Бид цөөн багаар гадныхантай ажиллаж л байсан тэгэхэд танай цөөхөн хэдхэн монголчуудын нэг нь л гурван хүний ажлыг яс хийж чадах юмаа. Ёстой жинхэнэ Чингэс хаанууд байна гэж хүртэл гайхаж бахархаж  Италчууд маань ярьдаг л байсан. Цөөхүүлээ ч гэсэн манайхан нэг дайрах юм бол нүд эрээлжилтэл ажиллаж чадна шүү дээ бас. Ганцхан кино хийх аргыг нь зөв тавиад өгөх хэрэгтэй санагддаг.

-Монголын кино урлагийг хөгжиж байгаа гэж үзэх хэсэг байхад чанаргүй бүтээлүүд ар араасаа төрж байна гэж шүүмжлэх хэсэг байдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Одоо би юу хэлэх вэ? Би чинь энэ кино урлаг дотор чинь бас явж байгаа хүний хувьд сайн мууг нь хамт үүрэлцэх ёстой хүний нэг шүү дээ. Өөрөө цэвэрхэн амьтан бусдаас нь болоод болохгүй байгаа мэт яримааргүй байна. Нэг зүйлийг л бид их сайн ойлгох хэрэгтэй байх шиг байна. Киног зөвхөн мөнгө олох нэг арга гэж боддог хэсэг байхад нөгөө хэсэг нь кино өөрөө кино байх ёстой гэсэн ойлголтын зөрүүтэй хүмүүс  байна. Уг нь сайн зүйл хийж үзэгчдэдээ өгснөөр ашгаа ч олж чадна гэж би хэлмээр байдаг. Одоо ч бүр сүүлдээ хийх ажилгүй хүн кино хийдэг болоо шив дээ. Энэ алдааг засах гэж кино театрууд зөв ажиллаж эхэлж байна .Жишээ нь Өргөө кино театрын захирал Төмрөө залуу хүн гэхэд маш зөв цензур тавьж эхэлж байна.Бид эхэндээ ойлгодоггүй байж. Муу кино хийчихээд албатай юм шиг гаргана ашиг олно гэж зүтгээд байх юм бол Монголын киноны нэр хүнд шалаар нэг унана биз дээ. Тийм болохоор кино театрууд урьдчилсан үзлэг хийгээд энэ киног авна энэ киног авахгүй гэж хэлж байгаа нь зөв шаардлага гэж бид үзэх ёстой.

Бизнес хийх гэж байгаа бол сайн л зүйл хийх хэрэгтэй болов уу. Түүнийг нь үзэгчдэд хүргэж байгаа театруудын шаардлага хатуу байх тусмаа чанартай бас ашиг орлоготой кинонууд их байх болов уу. Гэхдээ бид алдаж онохгүйгээр эрийн цээнд хүрэх гэдэг юу л бол. Хуучны кинонуудыг сайн л гэдэг. Тэр чинь улсын мөнгөөр ямар ч дутагдах гачигдах зүйлгүй цаг тавиу хийж байсан үе шүү дээ. Гэхдээ тэр үед улс дэмжээд байхад тэр дотор тааруухан кино олон л байдаг. Яах вэ цаг хугацааны дараа юм үнэтэй цэнэтэй болж харагдах байдаг л даа. Гэхдээ одоо сайн юм хийж байгаа залуусаа  дэмжих л хэрэгтэй болов уу. Манай зах зээл дээр хир таарсан мөнгөөр л кино хийхгүй бол зардлаа ч нөхөж чадахгүй байгаа шүү дээ. Бараг 100 ны 85 хувь шатаж азаа үзэж байна.Кино мэргэжлийн байх тусмаа л их мөнгө шаардаж байдаг. Яагаад кино үйлдвэрлэл гэдэг вэ гэвэл маш олон шат дамжлаг олон хүний авьяас чадвараар кино бэлэн болдог. Бид энэ шаардлагын дагуу олон кино гадны хүмүүстэй хийж байсан. Хүмүүс мартчихдаг байх гэхдээ л бид олон зүйлийг шинэ зам руу оруулж гарц нээж зөв зүйл рүү уруу татаж чадсан компани гэж боддог шүү.

-Монголын кино уран бүтээлчид Холливууд,  гадны зах зээлд ойрын жилүүдэд гарах боломж  бий болов уу?

-Юм мэддэг хүнд ч ичмээр дамшигдаа гэж үг байна. Бид сүүлийн үед холливүүд гэж их ярьдаг боллоо. Таминээ кино урлаг нь дэлхийг байлдан дагуулаад байгаа Солонгос улсаас хоёрхон жүжигчин Холливүүдэд данстай байдаг юм шүү дээ. Гэхдээ тэд одоо болтол Холливүүдын киноны голд дүрд тоглоогүй л байна.Одоо тэгсэн чинь манайхан юү болов оо? Би холливүүд рүү явлаа гэнэ үү. Юм мэдэхгүй хүмүүсийн сэтгэл зүйд өөрийн нэр хүндийг өсгөх таатай орчин манай оронд байх шиг байна. Гадны орон өөрийн орны контентыг маш сайн хамгаалж гадны орон луу довтолгоо хийж байдаг. Гадны зах зээлд орох тэнд зураг авах гэдэг нь зөвшөөрөл авахаас эхлээд татвар татаас хөдөлмөрийн хуулийг нь дагаж мөрдөх гээд баргийн аавын хүү хийчихдэг тийм амар ажил биш. Харин манайд бол өөр байх л даа...Өөрийн орныг нь доромжилсон кино хийчихээд явж байхад анзаарах тоох хүн ер нь байдаг юм уу? Энэ мэтчилэн гадны зах зээл болон тэр холливүүд гэдэг чинь очоод гуйж байгаад орчихдог газар биш ээ. Үнэндээ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  Sony pictures, Warner Bros Pictures, 20 century Fox pictures, Parmount,Dream works  гэх мэт 10 студийг албан ёсоор Холливүүдын киноны акул студи гэж  дэлхий даяараа хүлээн зөвшөөрөөд удаж байна. Америкт гэхэд л олон мянган жүжигчид бий.Тэдгээр бүх жүжигчдийг Холливүүдын жүжигчид гэж нэрлэдэггүй. Энэ утгаараа холливүүдэд тоогдож, сонгогдох гэдэг бол өөр хэрэг. Жишээ нь энэ хэдэн студийн кинонд оролцон тоглохыг хичнээн сая хүн хүсэж тэр битгий хэл улс нь бодлого гарган ажиллаж байна. Тухайлбал олон ангит кино сүүлийн үед их газар авч байгаа болохоор ямар улсын тухай ямар сэдвээр хийж байгаагийнхаа  хүрээнд тухайн орны жүжигчдээс эсвэл жирийн хүмүүсээс сонголт хийгээд тоглуулдаг тал хаа ч байдаг л үзэгдэл. Шар, хар арьстай Америк хүн л ажилласан бол  Холливүүдтэй хамтарлаа гэх нь хэр үнэний ортой бол. Тэр битгий хэл Хятадын одууд  Болливүүд хүртэл Холливүүд рүү хүссэнээрээ нэвтэрч чадахгүй л байна шүү дээ. Нэр хүндээ өсгөх гэж хэн ч бодох л зүйл. Гэхдээ жоохон ханатай байвал ямар вэ?

-Танайхан гэр бүлээрээ кино урлагтай холбогдсон гэдгийг үзэгчид мэддэг. Хүүг тань кино найруулагч болсон гэдгийг мөн сонслоо. Энэ та хоёрын сонголт байв уу өөрийнх нь сонголт байв уу?

-Миний хүү компьютер графиктаа сайн.Өөрийн үзэл бодолтой хэлтэй устай залуу хүн. Тэр бид хоёрын зөвлөснөөр явах хүн биш ээ. Өөрийнхөөрөө л зүтгэнэ мэдэрнэ. Хар багаасаа хичээлээ тараад ажил дээр хоолтой хоолгүй хамт сууж өрөөний мухар, машины сандал дээр унтаж цуг явсаар байгаад том боллоо.Хэзээ хэн зааж өгөөд сургачихсан юм бүү мэд. Өөрөө хэлээ сураад нэг л мэдэхэд монтаж,график,киноны өнгө хийгээд ангайлгаад өгсөн. Ээж нь багаас нь бүх хэрэгтэй юмыг нь авч өгөөд сургачихсан юм л даа. Энэ л өөрийнх нь дуртай зүйл рүү хөтөлсөн байх.Ингээд миний хүү аавтайгаа ээжтэйгээ ахиад л ажил дээрээ хоноод сууж байна.Нэг өөрчлөгдсөн зүйл нь хүү маань хичээлийнхээ формтойгоо унтаад л бид хоёрыг хүлээж байдаг байсан бол одоо өөрийнхөө киног хийгээд ээж аавыгаа хүлээлгээд л сууж байна даа хө.

-Гэр бүлээрээ уран бүтээлч байхын давуу болоод сул талыг товчхон хэлж өгөөч?
-Хүмүүс Зулаа нь тоглоод Дооёо нь найруулаад гээд аль болох л унагчих санаатай их юм ярих юм даа. Юуны буруу байна аа? Зулаа маш сайн зохион байгуулагч продюссер хүн. Гадна дотны олон хүмүүстэй харилцаатай байдаг. Тэр хүмүүсийн дүгнэж байгаагаар эхнэрийг маань агуу эмэгтэй гэж маш хүндэтгэлтэй ханддаг. Бид өөрсдөө дүгнэлт хийж байгаа юм биш гадны мэргэжилтнүүд Зулаагийн тоглосон дүрүүдийг маш өндрөөр үнэлдэг. Энэ нь кинонд тоглох туршлагыг Зулаа сайн суулгаж авсных бас маш олон ажлыг нэг дор зохицуулж чаддаг чадварыг нь ч бас үнэлсэн хэрэг байх. Яг үнэндээ би найруулагчийн нүдээр харахад Зулаагийн тоглолтууд дотоод сэтгэлийн буюу нүдээр илэрхийлэх киноны тоглолт  дээр маш чамбай няхуур мэдрэмжтэй ханддаг. Үнэндээ манай Монголын ихэнх жүжигчид кинонд театрын тоглолт хийгээд учраа олохгүй л цохиж явна шүү дээ.Тэгээд тэрийгээ дүр бүтээсэн энэ тэр гээд байхаар чинь бас санаа зовох л юм. Бид өөрсдийн шийдвэрээр бас өөрсдийн хөрөнгөөр киногоо хийдэг.Тийм болохоор энэ нь зөвхөн бидний л шийдвэр. Харин улсын мөнгөөр ийм зүйл хийж байгаа бол бидний хэн нь найруулж хэн нь тоглохыг та бүхэн хэлж засаж үзэл бодлоо илэрхийлж болох юм. Бат үүл гуай коммент бичигчдийг нүүрээ нуусан лалрууд гэж хэлсэн байна лээ. Энэ ортой шүү. Хүссэн хүсээгүй оймс үйлдвэрлэдэг компанийн хоёр захирал автоматаар бие биедээ дургүй болдог юм байна. Учир нь тэд зах зээл дээрх өрсөлдөгчид. Үүнтэй нэгэн адил кино хийгчид бие биетэйгээ өрсөлдөхдөө буруу арга замыг сонгож байгаа нь мэдрэгддэг. Жирийн үзэгчид бидэнд хайртай бас сайн л ханддаг. Учиргүй тэд биднийг үзэн ядаад байх долоон шалтгаан байхгүй шүү дээ. Учир бид нойлоос эхлээд хамтдаа үнэнчээр урлагт сэтгэл зүрх, оюун ухаанаа зарцуулж  уйгагүй хөдөлмөрлөж байгаа гэр бүл. Гэтэл бидний тухай нэг л хэсэг хүмүүс нөгөө л унагах гэсэн аргаараа улайран цаг заваа бараад байдагт нь тэднийг өөрсдийнх нь өмнөөс  өрөвддөг. 

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
Гадны найруулагчид Зулааг урьж тоглуулах саналууд ирүүлсэн байгаа. Энэ манай Элэг нэгтэн кино Энэтхэгээс шагнал авсантай холбоотойгоор тогтоосон контакт. Сая оросын кино наадамд уригдсан. Зулаа англи хэл дээр илтгэл тавьсан байна лээ. Манайхаас Зангараг кино шагнал авсанд баяр хүргэе. Бид ч одоо шагнал авсан энэ тэрээ нэг их сенсацилаад байхаа больсон шүү дээ. Зүгээр л амьдралын минь дурсамж болоод үлдэг. Хийх зүйл их байна хичээгээд байна даа. Алдсан оносноо эргэж хараад алдарт найруулагч хайртай ах Балжинням гуайн хэлснээр хүнд л хэрэгтэй зүйл хийж гэрэлтэхийн тулд шатаж явъя л гэж бодож байна даа.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ok 2016-05-10 14:45:55
    AMJILTTAI YABAA GER BUL SHUU, HICHEEJ ZUTEGEED YABJ BHAD BOLONOO DOOEO DUU. NOHOD HUTSAJ L BDG, JINGIIN TSUBAA URAGSHILJIL BDG
    • Dorjsurend 2016-05-10 22:07:30
      Holliwoodiin kinond toglono gedeg jiriin Mongolchuudiin hubid sonin bish and mini. Ta hed mergejil talaasaa haraad baina.
      • Surjognehee baich8hie and mini 2016-05-10 22:10:19
        Hollywoodiin kinonii ehenh zurgiig barrandow kino studed abdag. Manai mongolchuud toglood udaj baina. Ogloo hollywoodad oroi ajildaa kkk surjignehee baichihie ....
  • Irgen 2016-05-10 12:44:02
    Sain l bn shu de hudulmurluj bn.bitgii ataarh da . uuruu ch mash sain jujigchin shu du
  • монгол 2016-05-10 06:40:56
    Та -2 т ажилын өндөр амжилт хүсье хийж бүтээж бгаа хүн л дандаа шүүмжлүүлж байдаг Хүмүүс янз бүрээр хэлж л байг тэр үед бид сайн л явж бгаа юм байна гэж бод
  • Иргэн 2016-05-10 06:33:44
    Би энэ залууг сайн ойлгодоггүй юм. Эхнэрээс нь өөр эмэгтэй жүжигчин нүдэнд нь харагддаггүй юм байх да. Болсон болоогүй баахан гол дүрд эхнэр нь тоглож байх юм.
  • Үнэн 2016-05-10 01:35:15
    Монголын сүүлийн үеийн кино хэцүү дээ. Үзэхээ ч байсан. Театрт хүүхэн дагуулаад очихоор гадаад кино байхгүй бол аргагүй шахалтаар л нэг үзэх юм даа.