Засгийн газар эрхзүйн чадамжтай, чадамжгүй
Эсрэг тэсрэг байр суурь

 
Д.Лүндээжанцан: Засгийн газар огцрох ёстой
/УИХ-ын гишүүн/
 
-Хувь гишүүн гэдгээс илүү хуульч хүнийхээ хувьд харахад, энэ бол их ярвигтай асуудал үүсчихээд байна. УИХ-ын тухай хуульд УИХ-ын олонхи ба цөөнх гэж бий. Сонгуулийн дүнгээр 39 ба түүнээс дээш суудал авсан нам эвслийг УИХ дахь олонхи гэж нэрлэнэ. Гэтэл 2012 оны сонгуулиар аль ч нам олон суудал аваагүй учраас АН, “Шударга ёс” эвсэл нийлж Засгийн газрын эрхзүйн чадамжийг бий болгож байгаа. Гэтэл Засгийн газар хамтран байгуулсан нэг бүлэг нь тарчихаар УИХ-ын олонхи буюу 39 гишүүндээ хүрч байна уу, үгүй юу гэдэг асуудал байна. Ердийн үед бол шинэ Засгийн газрын асуудал яригдах ёстой. Гэтэл өнөөдөр сонгууль дөхчихсөн үед яах вэ гэдэг асуудал байна. Гэхдээ 21 дүгээр зууны 20-иод он шахчихаад байхад эрүүл, мэндийн салбараа сайдтай болгож чадахгүй тав, зургаан cap болж байгаа Засгийн газар ажлаа хийж чадаж байна уу. Түүнд хяналт, шаардлага тавьж ажиллах ёстой УИХ ажлаа хийж чадаж байна уу. Тиймээс би Засгийн газар огцрох ёстой. Тэр бүү хэл УИХ тарах ёстой гэж үзэж байна.
 
Я.Содбаатар: Засгийн газар эрхзүйн чадамжгүй болсон уу гэдгийг ярих шаардлагатай
/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд гарч, найман гишүүн хүрэхгүй болсон болохоор энэ бүлэг тарж байх шиг байна. “Шударга ёс” эвсэл АН-тай эвслийн гэрээ байгуулж, эвслийн Засгийн газар ажиллаж байгаа. Энэ хоёр намын байгуулсан гэрээний нэг субъект чадамжгүй болчихлоо. Энэ утгаараа өнөөдрийн Засгийн газар чадамжгүй болно. Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр Эрүүл, мэнд спортын сайдын асуудал орж ирээд хэлэлцэх гэж байх үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бүлгээсээ гарч байгаа тухай мэдэгдэл хийсэн. Тиймээс Эрүүл, мэнд спортын сайдыг өргөн барьсан субъект нь эрх зүйн чадамжгүй болсон учраас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй болж хойшлуулсан. Энэ талаас нь аваад үзвэл өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газар эрхзүйн хүрээнд чадамжгүй болсон уу гэсэн асуудлыг ярих шаардлага үүсээд байна.
 
О.Баасанхүү: Хууль бус Засгийн газар сонгуульд орох нь

/УИХ-ын гишүүн/

-Манай бүлгээс гишүүд гарч УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан бүлэг байгуулах гишүүдийн тоонд хүрэхгүй болсноор Засгийн газар чадамжгүй болно. “Шударга ёс” эвслийн бүлэг тарснаар Засгийн газар чадамжгүй болохгүй гэж хүчээр бариад байж болно. Гэхдээ хүчээр бариад хууль бус Засгийн газар сонгуульд орно. Тиймээс хуулийн дагуу юмаа засаад л явах байх.

С.Баярцогт: Засгийн газар эрх зүйн чадамжтай
/УИХ-ын гишүүн/

-Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролдсон субъектүүдийн хувьд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн улдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.
 
Х.Тэмүүжин: Парламентын олонхи Засгийн газрын ард байхад хөдлөхгүй
/УИХ-ын гишүүн/

-“Шударга ёс” эвслийн бүлэг чадамжгүй болсноор Засгийн газар унахгүй. Засгийн газрыг дэмжиж байгаа парламентын олонхи нь олонхи биш болсон тохиолдолд унана. “Шударга ёс” эвсэл задарсан байж болно. Энэ нь өөрөө парламентын олонхид буюу 39-өөс дээш гишүүн хөдөлгөөн орсон уу, үгүй юу гэдэг нь тодорхой болсны дараа энэ Засгийн газрын ард УИХ-ын олонхи байна уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. “Шударга ёс” эвслээс гарсан гишүүд аль нэг нам руу нь орно биз дээ. Тэгэхээр парламентын олонхи Засгийн газрын ард байхад Засгийн газар хөдлөхгүй гэсэн үг.
 
М.Батчимэг: Засгийн газар унах нөхцөл байдал харагдахгүй байна
/УИХ-ын гишүүн/

Гишүүд эвслээ гарангуут шууд Засгийн газар унана гэсэн байдал хуулийнхаа үүднээс харагдахгүй байгаа. Мэдээж улстөрийн ойлголцол засаг, төрөө тогтвортой байлгахад хэрэгтэй. Засгийн газарт ажиллаж байгаа Засгын газрын гишүүд хоорондоо зөвшилцөж байгаа байх. Улс төрийн тогтвортой байдал, кабинетийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа байх гэдэгт итгэж байна.
 
Сэтгүүлчийн дүгнэлт

Засгаар оролдохоос өөр хийх ажил их байна

 
 
Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрд халуухан үйл явдал, урвалт шарвалтууд мөн ч их болж байна даа. Зарим хүний өмнөөс бөгс улайгаад мөн ч хэцүү байна. Ийм л халуун өдрүүдэд Засгийн газар эрхзүйн чадамжтай, чадамжгүй гэх хэрүүл хачир нэмж эхэллээ. МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл тарж, бутраад дуусч байна. Зарим гишүүд нь АН руу, нөгөө хэсэг нь МАН руу орчихлоо. Уг нь эрх баригч Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлтэй хамтарч, Засгийн газар байгуулсан.
 
Гэтэл тэр эвсэл нь тарчихаар Засгийн газар чадамжтай, чадамжгүй талаар ярихаас өөр аргагүй байх л даа. МАН-ын гишүүдийн яриад байгаа шиг хуулийнх нь талаас хараад үзвэл Засгийн газар чадамжгүй ч юм шиг. Угаас дийлэнх олонхи болж чадаагүй учраас АН-д дангаар Засгийн газар байгуулах боломж байхгуй. Хамтарч засаг байгуулсан “Шударга ёс” эвслийнхэн нь бутарчихлаа. Тэгэхээр яах аргагүй Засгийн газар чадамжгүй болж таарах гээд байгаа юм. Нөгөө талаас АН-ын гишүүдийн яриад байгаа ч ортой. “Шударга ёс” эвслийн гишүүдээс АН руу орж байгаа нөхдүүд ч бий. Дээрээс нь Иргэний Зориг намын нөхдүүд ч АН-ын бөөрөнд наалдаж байгаа. Тэгэхээр “Шударга ёс” байсан байгаагүй сайдуудаа хуваарилаад, ажиллаж болно. Мөн С.Баярцогт гишүүний тайлбарлаад байгааг ч үгүйсгэх аргагүй. Нэг иймэрхүү нөхцөл байдалтай л нүүр тулчихаад байна. Гэхдээ өнөөдөр Засгийн газрын чадамжтай, чадамжгүй талаар яриад сууж байх зав бидэнд бий бил үү. Удахгүй сонгууль болох гэж байна.
 
Тэртэй тэргүй энэ Засгийн газарт хоёр сарын л нас байгаа. Тэгээд бүрэн эрхийн хугацаа нь дуусна. Сонгуулийн дараа ялсан хүчин нь Засгийн газраа шинээр эмхлэн байгуулах байх. Иймхэн хугацаанд Засгийн газраар оролдоод, унагах шаардлага үнэндээ алга. Хуулийнхаа хүрээнд эрхзүйн хувьд чадамжгүй байна уу, чадамжтай байна уу хамаа алга. Нүдээ аниад л зүтгүүлэхээс биш яах юм. Одоо өөрчлөөд, шинээр сайд энэ тэр сонгож, томилоод ажиллана гэвэл түүн шиг үлгэрийн далай байхгүй. Ганцхан эрүүл мэндийн салбарын сайдын асуудлыг шийдэж чадахгүй хэчнээн cap болов. Энэ хугацаанд салбар нь эзэнгүйдэж, Монгол Улс улаанбурханд дарлуулаад л байж байна. Иймэрхүү л яст мэлхийн хурдтай ажиллаж байгаа, Засгийн газар. Томилгоо тал дээрээ шүү дээ. Мэдээж нам, эвслийн асуудал, хувь хумүүсийн амбийц гээд олон зүйлээс шалтгаалж байгаа байх. Гэхдээ л энэ мэт асуудлаа хурдан шийдэх л ёстой байсан.
 
Гэтэл одоо болтол сураггүй. Ойрноос С.Ламбааг дахин Эрүүл мэндийн сайдаар томилох сураг дуулдаад л байгаа. “Шударга ёс” эвсэл тарсан болохоор Засгийн газарт орж ажиллах боломжгүй болсон. Тиймээс АН-ынхан өөрсдөө асуудлаа шийдэхээр болж байгаа нь энэ байх. Нэг иймэрхүү дэгэн догон л байна, Засгийн газар. Гэхдээ юу юугүй барианд хүрэх гэж байхад унаагаа юүлээд яах вэ дээ. Тэртэн тэргүй сонгуулиар ард түмэн амууд, улстөрчдийг дүгнээд, шинэ Засгийн газар оайгуулагдана. Одоо “Шийдлийн” Засгийн газрыг өөрчилнө гэвэл угаасаа сонгуулиас өмнө амжихгүй, ямар ч боломжгүй. Жинхэнэ жонхуу шиг юм болно. Түүний оронд энэ чигээрээ зүтгээд, шийдэх ганц нэг юмаа шийдээд явж байсан нь дээр байлгүй. Ийм л зам байна. Тийм болохоор МАН-ынхан ч гэсэн хууль журам ярьж, Засгийн газар чадамжгүй гэх асуудал яриад яах вэ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-05-10 09:28:30
    Яаачиж бодсон улс, эрүүл мэндийн асуудлыг тэнэг хүн бодсон ч энэ богино хугацаанд шинэ сайд хэрэггүй биз дээ ажилаа ойлгож мэдэх судлах гээд тиймээс Ламбаа ок
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-10 06:47:39
    ЭМС-аас Шийлэгдамбыг чөлөөлөөгүй байгаа, цаадах чинь хэргээ Энхбаяр чихэх АН-ын даалгаврыг биелүүлсэн тул одоо сайдаар ажиллуул
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-10 01:32:28
    унаж байгаа ЗГ-г унагаах гэлээ. ЗГ чадамжтай чадамжгүй нь хамаагүй нүдээ аниад зүтгүүл. МАН-г хууль журам яриад хэрэггүй гэжээ. Бүх хуулиа хүчингүй болгочих.
    183.81.171.98
    Мэдэгдсэн Хариулах