Дахиад бие даагчдад хулхидуулж, гуравдагч хүчний тухай үлгэрт итгэхгүй юм шүү
Ардын нам, Ардчилсан намын бүлэг өчигдөр улс төрийн “урвагчид”-аар бүл нэмж, хадаг яндар, мөнгөн аягатай угтан авлаа. Ингэснээр МАН-ын бүлэг 30-уулаа бол, АН-ын бүлэг харин 39-үүлээ болж байгаа юм. Зовох цагт нөхрийн чанараа таниулаад хаяж одсон тэд бөөлжсөн бөөлжсөө эргэж долоохдоо хадаг сүүтэй, мөнгөн аягатай угтуулж буйг хараад өнөөх улс төрийн соёл, үнэт зүйл, үнэ цэнэ гэгч хаана хэзээ мартагдаж орхисныг олон хүн асуусан нь тодорхой. Гэвч тойрог л олдож байвал, төрсөн эцэг эхээсээ ч урвахад бэлэн тэдэнд ичих булчирхай гэж даанч байхгүй нь гачлантай юм. Ойрын өдрүүдэд Монголын ард түмэн урвалт шарвалт, улс төрийн хоржоонтой тохиролцоо гэгчийг үзэхээрээ нэг болж буй.
 
Бие даагчийн автороор сонгогчдын итгэлийг олж УИХ-д суучихаад одоо дахин гарахгүйгээ мэдэж, улмаар МАН-д урвасан хоёр гишүүн /Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун/-ээр эхэлсэн улс төрийн урвалт ИЗНН-ын хоёр дарга /СДэмбэрэл, С.Оюун/, МҮАН-ын хоёр гишүүн /Н.Батцэрэг, М.Сономпил/, МАХН-ын хоёр гишүүн /Ч.Улаан, Д.Тэрбишдагва/-аар үргэлжлэв. Ингэснээр улс төрд өнөөх үгүйлж эрээд байсан гуравдагч хүчний орон зай эзгүйрч өчигдрөөс эхлэн “Шударга ёс” эвсэл бүтцээ задалж, сул гишүүдтэй боллоо. “Шударга ёс” эвсэл гэсэн нэр л үлдэж, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гэсэн дөрвөн гишүүн эвслийн бүлгээс тунаж үлджээ.
 
Харин МҮАН-ынхан нэг нэгээрээ гомдож туниж гарч МАХН, Тусгаар тогтнол, эв нэгдэл, АН гэсэн намуудад хуваагдлаа. Бие даагч гишүүдийн орон зай ч эзгүйрч, ИЗНН-ын түүх улс төрийн тавцангаас арчигдах нь цаг хугацааны л асуудал болж хувирав. С.Ганбаатарын хувьд хэдийнэ сонголтоо хийж ХҮН-д элссэн ч даргын суудлыг хүчээр авч самарч орхисон, Улмаар АН-д орох тохироог хийж Дарханы тойрог, дээрээс нь сонгуульд зарцуулах мөнгө нэхсэн ч тохироонд хүрч чадаагүй тухай гадуур шуугиж байна.
 
Тэрбээр, өчигдөр мэдэгдэл хийж “Хэзээ ч МАНАН-д элсэхгүй. Тэгж үнэт зүйл үзэл бодол мөрөөдлөөсөө урвахгүй. Харин МАНАН л биш бол хэнтэй ч эвссэн яах вэ. Намайг дарамталж, сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж улайрах л байх. Гэхдээ би айхгүй” хэмээн шоу тавихаа мартсангүй. ХҮН-ыг самарч, бие даагчийн нэр хүндээ ч талаар нэг тарааж орхисон түүнд ирэх сонгууль тойрог авахын тулд аль нэг намыг сонгохоос өөр хувилбар байхгүй. Тэр ч утгаараа С.Ганбаатарын хувьд энэ сарын 23-наас өмнө МАХН-д элсэнэ гэх яриа явж байгаа юм. Мөн Г.Уянгатай яриа хөөрөө хийж байгаа гэх мэдээлэл ч яваад байгаа билээ.
 
 
Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд дандаа гуравдагч хүчний орон зайг нөхөж ажиллана, МАНАН-г арилгана хэмээн амлалт өгч УИХ-д сонгогдсон билээ. Урвасан шалтгаанаа ч тэд шударга ёс байхгүй, дарангуйлал тогтоосон МАН, АН-аас залхсан, тэдний ноёрхолд байхыг хүсээгүй учраас хэмээн тайлбарлаж байв. Ард түмэн МАН, АН-ын ноёрхлоос залхсандаа, МАНАН-ын луйвар, улс төрийн элдэв шантаажийг хусээгүй учраас тэдэнд итгэл үзүүлж байсан гэхэд хэтийдэхгүй. Гэвч тэдний хэн нь ч итгэл хулээж ажиллаж чадсангүй. Ард түмний итгэл рүү “ус цацаж”, тусыг усаар хариулчихлаа.
 
Шударга ёсыг тогтооно хэмээн амласан МАХН, МҮАН-ын гишүүд өнгөрсөн хугацаанд хамгийн шударга бус зүйлийг хийлээ. Төрийн ажилд дандаа гацаа тээг тавьж, ганцхан хүний дохиогоор улсын ажлыг хойшоо татаж байжээ. Гайгүй гэсэн албан тушаал бүхнийг тэд бохир наймаа, шантаажийн хүчээр авч, бүр улсынхаа том орд газрыг гадныханд зүгээр шахуу өгөөд гаргах гэж байсан нь худлаа биш шүү дээ. Бие даагч гишүүдийн хувьд ч зүгээр суугаагүй. Хуулийн төслөөр шантааж хийж, худлаа үнэн мушгиж гуйвуулсаар тэд кнопоороо “биеэ үнэлдэг” байсныг хэн ч мэднэ. Гурван бие даагчийн кноп том төсөл, том мөнгөний хууль батлахад хэрэг болж, тэр хэрээрээ ч манай гурав хангалттай шантааж, улс төрийн хор найруулсан даа.
 
ИЗНН-ынхантай улс төрийн үнэт зүйл, соёлын талаар яриад ч хэрэггүй биз. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр С.Зориг агсаны нөлөөгөөр улс төрд 16 жил тэд “биеэ үнэллээ”. АН-ын эд эс гэсэн үгээр халхавчилж, аль ч төрийн үед тэд албан тушаалтай үлдэж ирсэн. Гэвч өнөөдөр гурван дарга нь гурван тал руу хараад суучихсан, намынхаа генсекийг хөөгөөд явуулчихсан, намынхаа аппаратад үнэнчээр ажиллаж байсан хүмүүсийнхээ цалин пүнлүүг ч тавьж чадахгүй болтлоо тэд доройтжээ. Өөдлөх гэхээсээ илүү жил бүхэн тэд зөрчилдөж, тэмцэлдэж тэр хэрээр нэр хүндээ алдаж ирлээ.
 
Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа эдэлдэг сонгох, сонгогдох эрхээрээ арай дөнгүүр гэсэн хүмүүст л итгэж саналаа өгдөг. Бидний үгийг төрд дуулгачих болов уу, улс төрийн элдэв хороос холуур байж улсынхаа эрх ашгийн төлөө ажиллах болов уу гэсэн нэгэнд итгэж найддаг. Харин итгэл үзүүлсэн хэдийнх нь байж байгаа царай нь энэ. Монголчуудын итгэл рүү ус цацчихаад тэд хоёр том намын хоржоонтой тоглоомын золиос болж, урваж шарваж, бөөлжсөө эргэж долоож арчаагаа алдаж явна. Одоо тэднээс юу ч хүлээх хэрэггүй нь тодорхой. Нэг хуурсан эр нөхөр дахиад заавал хуурдаг гэгчээр нэг удаа урваж чадсан тэд дахиад ч урвана. Бүр улсаа ч худалдаж мэдэх нь, тэд. Албан тушаалын төлөө анд найзыгаа, амраг саднаасаа ч урваж чадаж байгаа тэдэнд ард түмний итгэл юу ч биш.
 
Монголын улс төрд хоёр том нам ноёрхлоо тогтоочихсон, Сонгуулийн хуулиа зөвхөн тэд өөр ашигтайгаар өөрчилж байгаа ийм цаг үед гуравдагч хүчин дахиад хэрэггүй юм байна. Тэр тусмаа итгээд гаргасан нь арчаагаа алдаж урваж, намын сүр хүчинд дулдуйдаж ард түмний итгэлээр тоглож байгаа учраас цаашдаа төрөө л самруулахыг хүсээгүй бол тэдэнд итгэл үзүүлэхийн хэрэг алга. Бие даагчид ч ялгаагүй. 76 бие даагч л гарч ирдэггүй юм бол цөөн хэдэн бие даагч сонголоо гээд тэд урваж, шарваж, улс төрд “биеэ үнэлэх”-ийг л үзүүлдэг юм байна. Гуравдагч хүчний орон зайг бүрдүүлэх учиртай намууд нь төрийн ажилд тээг садаа болж, шантаажаар албан тушаалд очихыг л үзүүлдэг юм байна. Ийм улс төр, ичгүүргүй урвалтыг хангалттай үзлээ. Магадгүй аль нэг нам дангаараа ялвал энэ бүх булай зүйл арилах ч юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч дахиад л бие даагчдад итгэж хулхидуулж, гуравдагч хүчний тухай үлгэрт итгэхгүй юм шүү, ард түмэн минь.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-05-17 14:43:13
    AN d sanala uguhgui de.sain hun bwal bie daagchid ugnu bi
    103.212.117.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsoorhoi harmaa 2016-05-10 06:26:28
    AN minii harmaanaas us dulaan tsahilgaan hiisleliin tatavr, zamin mungu nemj avsan, ter hemjeegeer ger bul ur huuheddee ugch chadaagui
    202.70.40.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-10 04:32:53
    Хүнээ сонгоно гэж бидний орилоод байдаг тогтолцоо хүссэн хүсээгүй 2 намын тогтолцоонд оруулдаг юм даа харанхуй Монголчууд аа.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-10 03:47:29
    Гуравдагч хүчин баттай хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай. Гуравдагч хүчнийг устгах МАНАН -ийн төлөвлөгөөгөөр энэ урвалт шарвалт болоод байгаа шүү дээ.
    202.21.106.121
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-10 03:11:08
    Энэ харин хөөрхөөн том намуудын бичээч үү
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-10 00:23:51
    Harin ch 3 dagch huchin heregtei.uurtu tohirsin huuli gargaj huuli zurchij bgag bid harj suuna
    103.212.116.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanaa zowj bn 2016-05-10 00:22:25
    AN g l bolohgui.bid eh orongui bolno.ur zeeltei hun uudulduggui gedeg.yamar ch ikh ur tawidag yum be undesnii ayulgui bdal haachsan beZ.Enhboldoo
    103.212.116.208
    Мэдэгдсэн Хариулах