Шилэн дансны хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй зарим саналын томъёоллоор санал хургаалгав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ч. Хүрэлбаатар  нар манай орны хувьд бүх сум интернэтэд хамрагдаж чадаагүй учир цаасаар гаргасан шийдвэрийг хэвлэн самбарт тавьж байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж,   ямар шийдвэр ил тод байх, мэдээллийг тавиагүй тохиолдолд  ямар хариуцлага тооцох  талаар  тодруулж хариулт авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц. Оюунбаатар, Ц. Цолмон нараас  хяналт тавихад Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг нэмж оруулах, шийдвэрийг ил тод тавих үүргээ давтан зөрчсөн бол албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал  гаргасныг гишүүдийн олонхийн саналаар дэмжээгүй  бөгөөд  харин  иргэн, хуулийн этгээд нь мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах хэрэгтэй гэсэн саналыг нь дэмжиж  хуулийн төсөлд нэмж тусгалаа.

Түүнчлэн С.Баярцогт гишүүний   мэдээллийг хэвлэж гаргахыг төслөөс хасах нь зүйтэй, мөн   мэдээллийг цахим хуудсаар мэдээлэх, хэрвээ  цахим хуудасгүй бол байгууллагынхаа үүдэнд цахим самбар байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байх нь зүйтэй гэсэн саналууд дэмжигдэв. Гишүүдээс гаргасан саналтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч. Өнөрбаяр хариулт өгсөн юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.