Монголчууд Бээжин, Токиог бус Эрдэнэтийг зорьж эрүүл болох боломж бүрдлээ

Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ХХК Япон улсын Засгийн газартай хамтран улсад эмнэлэг барьж, хүлээлгэн өглөө. Монголдоо томоохонд тооцогдох “Эрдэнэт медипас” эмнэлгийн нээлт өнгөрсөн баасан гарагт болж Орхон аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад оролцсон юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК иргэдэд асар том хөрөнгө оруулалт хийлээ

Нээлтэд Монголын талаас “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, УИХ-ын гишүүн С.Батчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар, Японы талаас Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимицү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эрдэнэт медипас” эмнэлэг баригдсанаар монголчууд эрт үеийн өвчний оношлогоог гадаадад гарахгүйгээр эх орондоо оношлуулах боломж бүрдэж байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК асар их хөрөнгө гаргаж, ард иргэддээ маш том хөрөнгө оруулалт үлдээлээ” хэмээн онцолсон юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Батчимэг “Японы Засгийн газар Монголын анагаах ухааны салбарт олон жилийн турш хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Үүний нэг жишээ нь “Эрдэнэт медипас” эмнэлэг юм. Энэ эмнэлэгийн чадварлаг эмч нар Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэгт маш том давуу тал, дэвшил юм. Мөн Монголын эмч нар Японд ажиллаж, тэд бас Монголд ирж харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь талархмаар хэрэг” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн эмнэлгийн хүртээмж муутай манай улсын хувьд энэ нь нүдээ олсон ажил гэдгийг албанынхан онцолж, "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийлж байв.

 Япон эмч нар алсын зайнаас оношилно

 

Ингээд нээлтийн үеэр сэтгүүлчид тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Энхчулуунаас дараах тодруулгыг авсан юм.

-“Эрдэнэт медипас” эмнэлгийн онцлог, давуу талын талаар танилцуулахгүй юу?

-Энэ эмнэлгийн барилгын дизайнаас эхлээд Япон улсын тоног төхөөрөмжөөр тохижуулж, тус улсын менежментийг нэвтрүүлсэн. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан. Бид эмчилгээнээс гадна бүх төрлийн өвчний оношлогоог хийх тул хангайн бүсийн иргэд Улаанбаатар болон гадаад явахгүйгээр эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой. Нэг онцлог нь өвчний оношийг иж бүрэн дижитал системээр дамжуулан Японы эмч нартай хамтарч оношилно. Өөрөөр хэлбэл, алсын зайн онош хийх давуу талтай.

-Боловсон хүчний хувьд?

-Одоогоор 130 орчим эмч, ажилтан ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 170 хүний нөөцтэй. Манай эмнэлэгт одоо Япон, Хятад, Солонгос, Европын орнуудад суралцаж, ажиллаж байсан туршлагатай эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

-Эмнэлэгт нийт хэдэн төгрөгийн өртгөөр боссон бэ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ эмнэлгийг өөрийн 100 хувийн хөрөнгөөр хийсэн гэж мэдээлж байгаа?

-Тиймээ. Нийт 69 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ мөнгийг 100 хувь гарган барьж, ашиглалтад оруулсан. Дараа нь Японы тал энэ хөрөнгийг худалдаж аваад эргүүлж төлөх нөхцөлтэй ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн дотор Японы тал өөрийн хөрөнгөөр нэмж 200 ортой эмнэлэг барьж өгөх гэрээтэй ажиллаж байна. 

Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдээс 10 хувийн хямд үнээр үйлчилнэ

Эмнэлгийн нээлтийн ажиллагааны дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Нямхайнямбуу ийн ярилаа.

Тэрээр “Зуны эхний сарын шинийн нэгний өдөр тус эмнэлгийг нээж байна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компани. Энэ жил 15 дахь  жилдээ Топ ААН-ийн нэгээр шалгарсан. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК 2012 оноос эхлэн энэ эмнэлгийг барьж эхэлсэн. Энэ хооронд дэлхийн болон манай улсын санхүүгийн эдийн засгийн хямрал бэрхшээл учруулсан. Манай үйлдвэрийн гол экспорт зэсийн үнэ унасантай холбоотойгоор нэлээд сунжирлаа. Японы талтай тохиролцсоноор 69 тэрбумын өртгөөр босч байна. 

Японы талтай тохиролцсоноор 69 тэрбумын өртгөөр босч байгаа. Бид анхнаасаа цогц эрүүл мэндийн төв байгуулъя гэж төлөвлөсөн. Энэ дагуу зам харилцаа, гүүр, инженерийн шугам сүлжээ зэргийг хамгийн сүүлийн үеийн шийдлээр байгуулсан. Оросын талын хувь нийлүүлэгчтэйгээ харилцан ярилцаад Япон технологийг нэвтрүүлсэн. Өнөөдөр Японы Элчин сайд болон хамтран ажиллаж буй салбарын төлөөллүүд энд ирсэн байна. Энэ эмнэлэгт Эрдэнэтчүүд төдийгүй хангайн бүсийн иргэд үйлчлүүлж, эмчилгээ, оношлогоог түргэн шуурхай хийлгэх боломжтой” гэлээ.

Нэг удаа 300 мянган төгрөгөөр оношилгоо хийнэ

“Эрдэнэт медипас” эмнэлэг нь долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алсын зайн оношлогоог нэвтрүүлж эхлэх бөгөөд үнэ тарифын хувьд “Сонгдо”, “Интермэд” зэргээс 10 хувиар хямд үнээр иргэдэд үйлчлэх юм байна. 

Тухайлбал, дүрс болон дуран оношлогооны сүүлийн төхөөрөмжтэй гэх тус эмнэлэг бүтэн биеийн оношлогоог 300 мянган төгрөгөөр хийх аж.  Дүрс оношлогооны төв нь 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд өдөрт 400-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн агаараар тархах халдварын эрсдлийг бууруулах агааржуулах систем болон оношлогоог шуурхай явуулах иж бүрэн цахим системээр тоноглогджээ.

Мөн улсын Монголын томоохон эмнэлгүүдэд байхгүй тоног төхөөрөмж болон зарим улсын эмнэлэгт ганцхан байдаг багаж, хэрэгслүүд ч олон тоогоор байгааг тус эмнэлгийнхэн онцолж байлаа. Тухайлбал, дурангийн тасагт улаан хоолой, ходоодны эмгэг, өвчлөл, 12 хуруу гэдэсний эмгэг, шулуун, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүдийг уян дурангаар оношилж, туяа эмчилгээний дараах цус алдалтыг түлэх аргаар эмчлэн, эрт болон хожуу үеийн хавдрыг илрүүлэх үйлчилгээ үзүүлэх аж.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа: Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт маш том үйл явдал болж байна

Монгол улсын эрүүл мэндийн салбарыг удирдаж яваа хүн нээлтийн үеэр ингэж хэлсэн. С.Ламбаа “Энэ эмнэлэг цаашдаа Монголын гурав дугаар шатлалын том эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, туршлагаа солилцож хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө нэгэн санаагаар ажиллаж Монголын ард түмний өмнө тулгараад байгаа оношилгоо, эмчилгээний асуудалд том дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Япончууд нэг л амласан бол хийдэг, зүтгэдэг зан чанартай хүмүүс. Тийм болохоор Японы техник технологиор тоноглогдсон энэ эмнэлэг япон менежментээр үр бүтээлтэй ажиллаж чадна гэж бодож байна” гэсэн.

Эрдэнэт үйлдвэр монголчуудад асар том хөрөнгө оруулалт хийлээ 

“Медипас” эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс ард түмэндээ хүлээлгэж өгсөн энэ өдөр хэн, юу гэж хэлснийг товчлон сонирхуулж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу: “Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” төдийгүй нийт монголчуудын хувьд онцгой ач холбогдолтой өдөр тохиож байна. Анхны шийдвэр 2008 онд Үйлдвэрийн Зөвлөлийн Хурлаас гарч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгө оруулалтаар боссон энэ төсөлд нийт 40 сая гаруй доллар зарцуулагдсан. Эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг бид 3 үе шаттайгаар хийх зорилт тавьсан. Эхний шатанд дэд бүтцээ шийдэж, барилгаа барьж, тоног төхөөрөмжөө суурилуулж дуусгасан. Хоёр, гурав дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр Япон улсын Медипас нийгэмлэг, Японы хөрөнгө оруулалттай Медипас компанитай манай “Эрдэнэт үйлдвэр” гэрээ байгуулсан.

Энэ гэрээнд Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний менежментийг хэрэгжүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалтыг эргэн төлөх, “Медипас” төв эмнэлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон заалт тусгагдсан. Хүн жаргалтай сайхан амьдрахыг хүсвэл эрүүлийг хүс гэсэн үг бий. Эрүүл хүн аз жаргалаар дүүрэн байна. Аз жаргалтай хүнээс амжилт бүтээл ундран гарна. Тэр амжилтууд улс эх орныг минь хөгжихөд тулах цэг болж өгнө. Ийм болохоор бидний өнөөдөр хүлээлгэн өгч буй энэхүү дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ оношилгооны төв маань хүн бүрт эрүүлийг бэлэглэж, аз жаргалыг түгээн дэлгэрүүлэх болтугай”

Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн: “Сүүлийн жилүүдэд Монголын түүхэнд гараагүй том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт боллоо. Орхон аймгийн төдийгүй Монгол улсын иргэд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сайн үйлчилгээг авах боломж бололцоо бидэнд тохиож байгаа нь талархууштай сайхан үйл явдал юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ц.Даваацэрэн захиралтай удирдлагын баг, хамт олон, ажилтан ажиллагсдад Орхон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагаа өндөр хэрэгжүүлдэг компани. Энэ хүрээнд олон зүйл хийж байгаагийн оргил нэгэн ажил нь өнөөдөр нээлтээ хийж байгаа “Медипас” эмнэлэг боллоо”

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимузи:“Японы засгийн газар эрүүл мэндийн салбарыг дэлхийн бусад улс орнуудад хөгжүүлэх үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаа. Тусгай газар Ерөнхий сайдын удирдлагын дор байгуулагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ийм сайхан дэлхийд хамгийн сайн Японы тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаад сайн эмчилж чадах эмнэлгийг байгуулсанд талархаж байна. Монголчуудыг хурдан эмчилж чадна гэдэгт би найдаж байна”

ЕТГ-ын дарга П.Цагаан: “Өнөөдөр их баяртай өдөр. Монголын ард түмний дундаж наслалт 70 хүрээд байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд хүрэхэд ахиад 10 насаар уртсаж 80 насанд хүргэх хэрэгтэй. Энэхүү “Медипас” хэмээх оношилгоо, эмчилгээний гайхамшигтай төвийнхөн 3 сая монголчуудыгаа 4-5 саяд хурдан хүргэхийн төлөө их үүрэг гүйцэтгэх байхаа гэж найдаж байна. Энэ бүхнийг Монголын ард түмэнд зориулан бүтээн байгуулж, босгосон “Эрдэнэт үйлдвэр”-тээ их баярлалаа. “Медипас” эмнэлгийн хамт олонд өндөр амжилт хүсье”

УИХ-ын гишүүн М.Батчимэг: “Монголчууд маань эмнэлэгт үзүүлэхээр Токио, Бээжин бус Эрдэнэтийг зорих цаг удахгүй ирэх нь. Энэ эмнэлгийн чадварлаг эмч нар Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэг нь маш том давуу тал, дэвшил юм. Мөн Монголын эмч нар Японд ажиллаж, тэд бас Монголд ирж харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь талархмаар хэрэг”

“Медипас” эмнэлгийн захирал Я.Энхчулуун: “Монголчууд зөв амьдарч, үр дүнтэй ажиллаж, аз жаргалтай байх өдрүүдээ уртасгахад үр ашгаа өгөх “Медипас” эмнэлэг үүдээ нээж байгаа тийм сайхан өдөр өнөөдөр тохиож байна. Манай эмнэлгийн хамт олон Японы менежментийг нэвтрүүлэн Монголынхоо ард түмний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа амлая”

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: “Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тэр бүх бүтээн байгуулалтын оргил нь болсон, хүний төлөө гэсэн хамгийн чухал хэрэгтэй бүтээн байгуулалт бол энэ “Медипас” оношилгоо эмчилгээний төв байлаа. “Медипас” бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн ялалт байлаа. “Медипас”-ын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд амжилт хүсье!”

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jk 2016-05-09 23:42:00
    saihan medee bna
  • Иргэн 2016-05-09 15:20:51
    Хичнээн сайхан орчин үеийн эмнэлэг, тоног төхөөрөмж байгаад ямарч нэмэргүй байдаг юм билээ. Мэдлэггүй хэдэн мангуу халаадтай алуурчидаа мэрэгшүүлэхгүйгээр гадаг...
  • zochin  2016-05-09 14:12:47
    onshildog l ym bna. emchildeg esehiig ni medehgui ym.
  • зочин 2016-05-09 14:12:34
    Зараад оруулсан херенгее буцаагаад олоод авсан бна. Санхуугийн шалгалтаас юунаас айх бэ. Япон Улсын емч болж бна.Амжилт хусье.
  • jervis 2016-05-09 13:44:16
    Songuuliin daraa mash tom sanhuugiin shalgalt oroh bolno.Buh uyeiin dargantsaruud bugd shorond,ed horongiig ni huu hamj ulsiin orlogo bolgono.!!!!
  • Зочин 2016-05-09 08:14:06
    Хүн амаа дагаад Улаанбаатарт хийхгүй улсын төсвийн асар их хөрөнгийг зарцуулж байж. Улаанбаатар чинь Эрдэнэтээс 10 дахин том м байгаа биздээ энд хэрэгтэй
  • зочин 2016-05-09 07:15:38
    Бүтэн биеийн оношлогоо гэж яг юугийн нь хэлээд бнаа, дотор, зүрх, уушиг, элэг, бөөр, нойр булчирхай, гэх мэтийг бүгдийг нэг дор оншлохуу тэгээд 300,000 төгрөгүү...