Өвстэй, Сүүтэй, Тахилгатай, Үүлэн тооцоолуурыг биширсэн тэмдэглэл /Үргэлжлэл/

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны хамтын ажиллагааны хүрээнд 20 гаруй сэтгүүлч дөрөвддүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 30-ны хооронд Хөх хотод айлчлан, Ордосоор аялан, “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцсон юм. Энэхүү айлчлал, аяллын үеэр хийсэн тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна.


Хоёр улсын хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах зорилт

Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн 6 дугаар форумын үеэр үзэглэсэн Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт, ярилцлага дөрөвдүгээр сарын 26-ны өдөр боллоо. Энэ уулзалт ярилцлага манай сэтгүүлчдийн айлчлалын гол зорилго байсан юм.



Уулзалтад Монголын талаас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Цахим мэдээллийн төвийн дарга Ж.Жаргалсайхан болон гишүүд болон news.mn, mnb.mn, ikon.mn, mminfo.mn undesten.mn, inder.mn, urlag.mn зэрэг 20 гаруй сайтуудын төлөөлөл оролцсон бол Хятадын талаас Солонго мэдээллийн төв, northnews.cn зэрэг томоохон сайтуудын төлөөлөл, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга Д.Баянжаргал тэргүүтэй зочид төлөөлөгчид  оролцож, мэдээллээ солилцлоо.

Ярилцлагын үеэр ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын ХМА-ны дэд дарга Чен Бао Чен мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр талаас харилцан илтгэлүүдийг тавьж хэлэлцлээ. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны уулзалт ярилцлагыг хоёр улс ээлжлэн зохион байгуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хүргэх зорилт тавьж ажиллахаар болов.



ӨМӨЗО-ны Цахим сэтгүүл зүйн байгууллагын зүгээс шинэ тутам хөгжиж байгаа цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд хоёр улсын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хамтарсан мэдээллийн вэб сайт байгуулах, хамтарсан сурвалжлага хийх тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан  юм.


Азтай Монгол

Уулзалтын дундуур ӨМӨЗО-ны Их сургуулийн Олон улс судлал харилцааны дээд сургуулийн магистрын ангид суралцаж байсан Б.Золбадрахын алтан амийг аварсан талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болж, манай сэтгүүлдчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

 Б.Золбадрах өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр сургуулийнхаа дотуур байранд байхдаа гэнэтхэн толгой нь эргэн унаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэр даруй ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн хорооны эмч нар магистр шаардалгатай үзлэг оношлогоог хийхэд баруун тархины төв судас тасарч, өвчний байдал нь нэн хүндрэлтэй, амь насанд нь аюултай нөхцөл байдал  үүссэн байжээ.



Ийм нөхцөл байдалд ӨМӨЗО-ы Их сургуулийн Олон Улс судлал, хэлшинжлэлийн дээд сургуулийн удирдлагууд болон гадаадын оюутан хариуцсан албаныхан, Өвөр монголын эмнэлгийн хорооныхон харилцан хэлэлцээд шаардлагатай мэс ажилбарыг цаг алдалгүй хийсэн байна. Энэхүү шуурхай, цаг алдалгүй ажилласны үр дүнд өнөөдөр Б.Золбадрахын бие өдрөөс өдөрт сайжирч, эмнэлгээс гарах болсон тухай Хөх хотын Их сургуульд дээр Монгол улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул  болон  ӨМ-ын Их сургуулийн орлогч захирал профессор Эрхэмбаяр, ӨМ-ын Ардын эмнэлгийн хорооны мэдрэлийн  мэс заслын их эмч Сү Нин, эмчлэгч эмч Үрлээ,  ӨМИС-ийн ОУСХД-ийн захирал  профессор Бадам-Одсэр болон түүний амь насыг аварсан эмч нар, суралцагч Б.Золбадрахын ах, Б.Золбаяр тэргүүтэй зочид төлөөлөгч оролцсон хэвлэлийн хурал босон юм.

Төрсөн нутгаасаа хол сурч боловсорч байхдаа хэлж биш, хийсэж ирдэг өвчинд нэрвэгдэн, амь нас нь “дээсэн дөрөөн дээр  байсан” ч  Монгол ахан дүүс болох ӨМӨЗО-ны Их сургуулийн ачтай эмч нар, Засгийн газрын тэтгэлгийн дагуу  оюутны  эрүүл мэндийн даатгалыг хариуцсан ӨМ-ын даатгалын байгууллага, Хөх хотод суугаа Монгол улсын консулын газрын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлж ӨМ-ын Ардын эмнэлгийн хорооны эмч нарт талархлаа илэрхийлэн, Хүндэтгэлийн туг гардуулан өгсөн. Үүний дараа хэвлэлийн хуралд оролцогчид хамтдаа ӨМӨЗО-ны Ардын эмнэлэгт очин Б.Золбадрахыг эргэсэн юм.



Ийнхүү эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг багш ажилчдын сэтгэлийн, мөн Монгол-Хятад хоёр улсын харилцан  найрсаг хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын нэгэн иргэний амь нас аврагдлаа. Энэ үеэр Б.Золбадрахын найзууд хэвлэлийн хуралд хүрэлцэн ирж, сэтгэгдлээ илэрхийлсэн.

Үүний дараа Хятад Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзал, ярилцлага үргэлжилж, Хятадын хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа цахим салбар хэрхэн хөгжиж, нийгмийн сүлжээнд хэрхэн ач холбогдол өгч, орон зай нь тэлж буй талаар ӨМӨЗО-ы Багшийн Их сургуулийн Сэтгүүлзүйн сургуулийн захирал, доктор, профеесор н.Тогтох лекц уншсан юм.
Ийнхүү анхдугаар уулзалт, ярилцлага амжилттай, үр өгөөжтэй болж өндөрлөсөн.


Ордос “эздээ” хүлээж байна

Аяллын 5 дахь өдөр Хөххотоос 300 км зайтай ӨМӨЗО-ны Ордос хотын Эзэн хороо хошуунд байрлах Их эзэн Чингис хааны онгон цогцолбороор зочиллоо. Энэ өдөр Чингис хааны цагаан сүргийн их тайлга тохиосон юм. Тайлгын үеэр бөөгийн шашны ёсоор ерэн есөн цагаагч гүүний сүүгээр ерэн есөн тэнгэрт цацал өргөн тахил тавьж, 512 хүчит бөхийн барилдаан боллоо.

Цагаан сүргийн тайлга нь дөрвөн цагийн тайлгын хамгийн том тайлга бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн тайлгад Монгол Улс, Америк, Хонконг зэрэг улс орон болон Хятад улсын дөрвөн зүг найман зовхисоос 100 мянга гаруй сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн байна.



Түүнчлэн тайлгын үеэр Хятад Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, арилжаалах зорилгоор худалдааны цэгийг байгуулан хоёр өдрийн турш тайлгад оролцохоор ирсэн зочдод үйлчилсэн юм. Цөөнгүй Монголчууд тэнд арилжаа наймаа эрхэлж, нэгэнт зориод ирснийх Шилэн гол аймагт болох үзэсгэлэн худалдаанд оролцох гэж буйгаа дуулган бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.



Ноос ноолуур, бөс бараа, үндэсний хувцас, гутал, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүхий л төрлийн арилжаа эрхлэх монголчуудтай эн зэрэгцсэн Өвөр монгол, Хятадын наймаачид орос чихэр, амттан, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ түлхүү арилжаалан оролцож байлаа. Монголын арилжаа наймаа эрхлэгчдийн хувьд гадагшаа зах зээлээ тэлэх хүсэл байвч мэдээлэл дутмагаас тэр бүр гадагш гарч чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн албан ёсны үзэсгэлэн худалдаа зэрэгт оролцохгүй бол гаалийн татвар өндөр байдгаас ашиг олох боломж бүрддэггүй тухай ч хэлж байлаа.



Бидний аялал цааш үргэлжилж, Ордос хотын жүжгийн театр, Монгол шатрын онцлог бүхий цэнгэлдэх талбай, Ордос хотын Засгийн газрын өмнөх төв талбайтай танилцсан. 3 жилийн өмнө зочлоход Ордос шинэ дүүрэгт 60 мянган хүн амьдарч байгаа гэх мэдээлэлтэй байсан бол энэ удаад 100 мянга болон өссөн гэнэ. Орон сууцны м2-ийн үнэ 900 мянган төгрөг.

Аялал, жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн Ордос шинэ дүүрэг угтаа 6 сая хүн амын даацтай юм билээ. Тиймээс төрийн бодлогоороо Ордост ажиллаж амьдрах иргэдийн тоог тогтвортой өсгөхөөр зорьж буй гэсэн. Ийнхүү бидний Өвөр Монголын Хөх хот, Ордосын аялал өндөрлөлсөн.



Өвөр Монголын талаар цөөн тоо баримт сонирхуулахад нийт Хүн ам нь 24 сая. Түүний 17,1 хувийг буюу 4,58 сая нь монгол үндэстэн.
Газар нутгийн хувьд Монгол Улстай ойролцоо буюу 1,183,000 км² нутагтай. Байгалийн баялгийн баталгаатай нөөцөөрөө Хятадад тэргүүн байрыг эзэлдэг  аж.



18 нисэх онгоцны буудалтай, 150 гаруй маршрутаар дотоод гадаадын 50 гаруй хоттой холбогддог байна.



2013 онд Өвөр Монгрлын нийт төмөр замын урт нь 11 мянган км-т хүрт нийт Хятаддаа тэргүүлэх болсон байна.

Мөн гадаадад нээлттэй 16 боомттой бөгөөд Манжуур нь Хятадын эх газрын хамгийн том боомт аж.

Эрээн хот бол Хятадаас Монгол улсад нээлттэй хамгийн том төмөр зам, автозамын боомт бөгөөд Евроазийн эх газрын шинэ гүүрийн чухал тулгуур цэг болно гэж үздэг байна.



Харин бид тэтгэлгээр суралцах, бизнесийн зах зээлээ өргөсгөх, Монголын урлаг, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд таатай зах зээл Өвөр Монголд байна. Аялал, жуулчлалын бизнес хамтран хийх, амралт зугаалгын бүс болгох тохироо бүрдсэн санагдав. Ойлголцож, хамтарч чадвал бидэнд багадхааргүй урлаг, спортын зах зээл тэнд бийг Монгол Улсаас Хөх хотод суугаа өргөмжит консул хэлж байсныг дурдсанаар энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.


 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.