Тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авсан ч нэг хонуулаад гаргадаг “Нийгмийн хамгааллын тусгай төв”-ийг татан буулгая
Монгол хүний үнэлэмжийг нэн тэргүүнд тавьдаг хүн өнөөгийн нийгэмд тийм ч олон  тааралдахгүй л болов уу. Тэр дундаа орон гэргүй тэнэмэл гэх тодотголтой тэдгээр иргэдийг нийгэмшүүлэхийн төлөө амьдралаа зориулж явах зоригтон бүр ч олдохгүй биз ээ. Тэгвэл бидний дунд тийм нэгэн хүн өнөөдөр буруу зуршлаасаа болоод нийгмийн ёроол руу халтирч орсон ч эргээд засрахаар зүтгэж яваа хүмүүсийг өөрийн төрсөн үр хүүхэд, ах дүү мэт хайрлан, халамжилж яваагийнхаа төлөө элдвээр хэлүүлэн, ад шоо үзэгдэн амьдарч байна.

Нийслэлийн БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг хаврын хавсаргатай өдөр эрж хайн очин тус төвийн тэргүүн Г.Загдаатай уулзлаа. Тэрбээр бие нь жаахан тааруу байгаа  хэдий ч биднийг орноосоо босож, инээмсэглэсээр угтсан юм. Ингээд ярилцлагын эхэнд мэнд мэдэн, ах нь арга ядаад л сууж байна. Биднийг зорьж ирж, туслая гэсэн хүмүүс олон л байна. Хэвлэл мэдээллийнхэн ч бас их ирэх юм. Гэхдээ гаргаж байгаа нь цөөн юмаа хэмээн ярьснаар бидний өнөөдрийн сурвалжилга эхэллээ. 

Тус төвд өнөөдрийн байдлаар 0-70 насны хоорондох 132 хүн амьдарч байгаа бөгөөд тэдний дунд бүтэн өнчин,  хүчирхийлэлд өртөн гэр орноосоо дайжсан, мөн өөрийн эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхдүүд ч байгаа аж. Түүнчлэн томчуудын тухайд архины хэт хамааралтайгаасаа болж амьдралдаа алдан гудамжинд гарсан, гэр бүлийнхнээсээ холбоогоо тасалсан, мөн буруу зүйл хийж өргөст торны цаана сууж байсан хэдий ч эргээд засрахаар хичээнгүйлэн амьдарч буй тийм л хүмүүс амьдардаг аж.
 
Иргэдийг ажлын байраар хангаж, 200-400 мянган төгрөгөөр цалинжуулж байна

“Зөв амьдрах ухаан” ТББ-аас нийслэлийн орон гэргүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2006 оноос хойш үйлчилж ирсэн бие даасан төрийн бус байгууллага. Өдгөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалалтай бөгөөд хашаандаа хувийн цэцэрлэг байгуулсан, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, хувийн жижиг компани ажиллуулж, ажилгүй иргэдийг ажлын байраар хангадаг юм. Ингэхдээ 200-400 мянган төгрөгийн цалинг өгдөг юм байна. Тус төвийн тэргүүнийг Г.Загдаа гэдэг бөгөөд тэрбээр эхнэрийнхээ хамт өнөөдөр 21 өрхийн 73 иргэн, 60 хүүхдийг хооллож ундалж, өмсөх хувцсыг нь олж, ажлын байраар хангаж, мөн хорихоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлж, ажилтай орлоготой болгох хүмүүнлэгийн ажлыг хийж байна.

Харин 2013 онд Нийслэлийн удирдлагууд албан ёсоор санал тавьж орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд хамтран ажиллая хэмээгээд жил бүр тухайн иргэдийн хоолны мөнгийг нэг хүний 12 мянган төгрөгөөр тооцож олгохоор болжээ. Энэ дагуу жилийн 162 сая төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулжээ. Гэвч уг мөнгө нь сүүлдээ нэг хүний 9000 төгрөг болон хувирчээ. Харин 2015 оны гуравдугаар сараас хойш дээрх мөнгөө огт өгөхөө больсон байна.Ингээд  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа  гэрээний дагуу нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас мөнгөө нэхэж эхлэхэд тэн ондоо зүйл ярьж эхэлжээ. Тодруулбал нийслэлийн удирдлагууд эдгээр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийслэлийн харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд шилжүүлнэ, ингэхдээ зөвхөн том хүмүүсийг нь авна. Харин хүүхдүүдийг гудамжинд гарга хэмээн хэлэх болжээ. 
 
Үүнд эмзэглэсэн дээрх төвийн тэргүүн Г.Загдаа “Элэг бүтэн өсч байгаа хүүхдүүдийг эрх мэдэлтнүүд нийгмээс нь гадуурхаж, гудамжинд гаргаж хая гэж байна. Яалаа гэж ээж ааваас нь салгах юм бэ. Тэгээд ч манай төвд гэр бүлээрээ амьдардаг хэд хэдэн өрх бий. Тэднийг шууд л салгана гэдэг чинь байж боломгүй зүйл. Хэдийгээр алдсан ч гэсэн эдгээр хүмүүст эргээд нийгэмших, хүүхдүүдэд харин эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрах эрх бий хэмээн хэлсэн юм. 

Нээрээ ч түүний хэлснээр БЗД-т байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаанд өнөөдрийн байдлаар 24 гэр бариастай бөгөөд тэнд хэд хэдэн гэр бүлүүд халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдарч байлаа. Түүнчлэн гэр бүлгүй нэгэн нь  бас л нэгэн гэр бүл найз болон тав, зургаагаараа нэг гэрт амьдарч байсан юм. Тэдний гэрээр орж сонирхоход айл гэрт байж болох бүхэн байсан  бөгөөд тохь тухтайг энд хэлэхийн аргагүй байлаа. 

Харин ингэж амьдарч байгаа иргэдийг салгаж өөр төвд шилжүүлснээр энэ хүмүүсийг эргээд буруу зам руу оруулах эхлэл  тавигддаг гэдгийг Загдаа гуай учирлаж байсан юм. Учир нь барилгын компаниудад ажилд оруулаад тогтвор суурьшилтай ажиллуулаад, тусд нь гэр орон өгөөд гаргаад явуулахаар эргээд жилийн дараа траншейнаас хүмүүсээ түүж авдаг хэмээн тэрбээр ярилаа. Нэгэнт алдсан хүмүүсийг хажуудаа байлгаж харж хандахгүй бол нийгэм рүү тавихаар эргээд хальтирчих гээд байдаг юм хэмээн ярих түүний сэтгэлээс Монгол хүн Монгол хүнээ хайрлах, хувь хүний үнэлэмж ямар уужим болохыг харж болохоор. 

Гэр оронгүй иргэдийг сургалтад хамруулж, үйлдвэрлэл явуулж байна
 
Манай сурвалжлах багийнхан тус төвөөр зочлох үеэрээ мөн иргэдийн хийж буй үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд паркетан шал, сийлбэртэй хаалга, авдар,Монгол гэрийн тулга, гээд нэлээд олон төрлийн мод болон төмрөн эдлэл хийж байлаа. Чадахгүй нэгэн нь нэгнээсээ сийлбэр хийхийг сурч буйтай ч таарлаа. Мөн цагаан сар дөхсөн үед  хамгийн эрэлттэй байдаг тавгийн идээний царны үйлдвэрлэл ид явагдаж байлаа. Харин сурагчдын амралт таарсан учир хүүхдүүд гэр гэртээ амарч байсан юм. Мөн хажуудаа хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллаж байгаа тул багш нарыг бэлтгэх шаардлага гарсан тул дотроосоо зургаан бүсгүйг сонгон харьяа хороон дээрээ хүүхэд харах үйлчилгээний сургалтад суулгаж, цэцэрлэгийн багш болгож байгаагаа энэ үеэр Г.Загдаа гуай  дуулгалаа. 

Ийм нэгэн сайхан сэтгэлт хүмүүн нийгмийн эмзэг давхаргын гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүсийг Монгол хүн хэмээх талаас нь харж, зөв замд оруулахаар гэр бүлийн хүний хамт зүтгэж явна.

Харин түүнийг Монголын төр дэмжих нь бүү хэл элдвээр хэлэн доромжилж буйд сэтгэлээр унаж байгаагаа нуусангүй. Гэхдээ хүн юу ч гэж хэлж, шүүмжилсэн бай түүний төвөөр нэг ороод гарахад, тэгээд тэдгээр хүмүүсийн хэрхэн аж төрж байгааг харах юм бол таны энэ бодол өөрчлөгдөх нь дамжиггүй. 
 
“Зөв амьдрах ухаан” ТББ нь гурван жилд 372 сая төгрөг авсан бол “Нийгмийн халамжийн төв” энэ хугацаанд тэрбум гаруй төгрөг төсвөөс авчээ

Бидний сурвалжлагын төгсгөлд Г.Загдаа гуай  төр засгаас нэг их зүйл шаардаагүй багахан дэмжлэг л хүссэн.  2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа бие даан явуулж байхад, Нийслэлийнхэн өөрсдөө санал тавьж ирсэн. Үүнээс хойш нийтдээ 372 сая төгрөгийг л авсан. Өөр зүйл авч байгаагүй хэмээн хэллээ. Энэ мөнгө эдгээр хүмүүсийн дан ганц хоолны л мөнгө байсан. Өөрөөр иргэдээ нийгэмшүүлье, хүүхдүүдээ сургая гэсэн сэтгэлээр  өгсөн мөнгө огт биш байсан гэлээ. Гэтэл эдний төвтэй яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн харьяа “Нийгмийн хамгааллын тусгай төв”-нь 19 ажилтантай хэдий ч зөвхөн 58 хүн л хүлээн авах хүчин чадалтай аж. Харин улсын төсвөөс авдаг мөнгө нь эдний төвөөс хэд дахин их мөнгө авдаг байна. Тухайлбал “Зөв амьдрах ухаан” ТББ нь гурван жилд 372 сая төгрөг авсан бол “Нийгмийн халамжийн төв” энэ хугацаанд тэрбум гаруй төгрөг төсвөөс авчээ. Харин үйл ажиллагааны хувьд 58 хүнд үйлчилдэг бол Г.Загдаа гуайн “Зөв амьдрах ухаан” ТББ нь 132 хүн үйлчилдэг аж. Түүнчлэн  төсвийн санхүүжилттэй “Нийгмийн хамгааллын тусгай төв”-нь орон гэргүй тэнэмэл иргэдийг дуудлагаар олж авчран нэг хонуулаад явуулдаг байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын дундуур Хан-Уул дүүрэгт сааданд амьдардаг нэгэн эмээг иргэдийн дуудлагаар авч явсан ч нэг хонуулаад явуулжээ. Ингээд эмээ өнөөх саадандаа дахин хонож эхлэхэд иргэд Г.Загдаа руу ярьснаар эмээ “Зөв амьдрах ухаан” ТББ-д  гэр оронтой болж амьдрах болсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fb 2016-05-09 16:34:20
    Zagdaa ooroo tom jeep unaad toriig shantaachlaad bayjaad bh um naad humuusdee taliin ogooch
  • зочин 2016-05-09 08:54:58
    АН гарсанаас хойш хулгай хийдэггүй салбар нэгж гэж алга боллоо доо
  • Батаа 2016-05-09 07:40:57
    Энэ нийгэмд нийгэмшиж чадаагүй мөн чадах ч үгүй 1-2 үе өнгөрч байж нийгэм жаахан зүгширнээ ой мод хүртэл өндөртөй мөн намтай гэдэг
  • Zochin 2016-05-09 06:22:22
    BAt UUl ter ITX darga Battulga nar iin uursdiin humuusiinh ni baiguulsan TBB gej baisan gej humuus helsen ni unen bol argagui sh dee
  • fd 2016-05-09 03:57:45
    fd
    202.21.100.246
    Мэдэгдсэн Хариулах