Амжилтыг нь булаалддагаа болиоч
Манайханд нэг муухай зан бий. Тэр нь зүтгэж зүтгэж, арай гэж амжилтад хүрсэн нэгнийхээ байгуулсан гавьяаг өмчлөх гэж уралцдаг байдал. Нэг сайн тамирчин амжилт гаргаад ирэхээр бүгд хүлээж аваад л, баяр хүргээд, манайх ч ингэнэ, тэгнэ гээд л хөөрөөд байдаг. Зарим компанийн захирлууд далимдуулж сурталчилгаа хийгээд, байр өгнө гэж амлаад л. Аймгийн удирдлагууд манай нутгийнх, үгүй манайх гэх мэтээр булаацалдах нь холгүй юм болно. Ийм жишээ маш их бий.
 
Тухайлбал, өнгөрсөн жил чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болоход эрэгтэй баг тамирчид түүхэн амжилт гаргасан. Ирснийх нь дараа яам, холбооноос авахуулаад хүлээж аваагүй хүн байхгүй. Гэтэл дасгалжуулагчид нь “Биднийг явахад дэмжсэн юм байхгүй. Энэ амжилтыг бид бор зүрхээрээ гаргасан. Холбоо энэ тэртэй хамаагүй” гээд л бухимдаж байж билээ. Гэтэл медаль цуглуулаад ирэхэд нь баахан шагнаа биз дээ.
Хэд хэдэн тамирчинд лав байр өгсөн санагдаж байна. Гэхдээ яг түлхүүрийг нь гардуулж өгсөн нь хэд юм байгаа юм. Иймэрхүү маягаар л амжилт гаргаад ирснийх дараа баахан хөөрцөглөж, гавьяаг нь өөртөө нялзаах гээд гүйлдэнэ дээ. Тэгсэн мөртлөө явахаас нь өмнө огт дэмждэггүй.
 
Саяхан Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн зураач хүү Залуу зураачдын дэлхийн аваргад оролцоод, түрүүлээд ирсэн.  Өөрөө хувиараа замын зардлаа гаргаад, автобус, галт тэргээр явж байж тэмцээн болох газраа очсон гэж байгаа. Гэтэл бусад бүх улсын зураачид онгоцоор ирээд бүгд ивээн тэтгэгчтэй байсан гэсэн. Харин манайх тийм юм байхгүй.
Хэн ч тоодоггүй. Тийм байхад Хятадын нэг компани хамтарч ажиллая, ивээн тэтгэе гэж санал тавьсан байсан.
 
Үсчид яваад, дэлхийн аварга болоод л ирлээ. Хэн тоов, тусалж дэмжив. Төр засаг үйл ойшоогоод л байж байгаа. Аргаа барахдаа тэд Засгийн газар амлалтаа биелүүлж, хууль журмаа барьж, шагналаа мөнгөө өгөөч гээд гуйгаад байж байх вэ дээ. Залуу тамирчид гараад ирдэг, тив, дэлхийд тэмцээн уралдаанд оролцоход асуудалтай. Шигшээ багт багтаж, амжилт гаргаж чадахгүй л бол өнгөрөө. Хэчнээн жил спорт хөогөөд, дараа нь орох оронгүй, бэртэл гэмтэлтэй л үлддэг. Нийгмийн асуудлыг нь шийдээд, тусалж дэмжээд явах хүн, компани, төр засаг гэж бараг байхгүй. Өнөөдөр бүхий л компани үндэсний бөхийн нэг аймгийн арсланд хүртэл цалин өгоөд, дэмжээд байдаг. Гэтэл тив, дэлхийн тэмцээнд оролцож байгаа тамирчдаа огт тоодоггүй. Ийм л байдалтай байна.
 
Н.Түвшинбаяр аварга Бээжингийн Олимпийн наадамд түрүүлж байхад Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Би бүх асуудал, байр савыг чинь шийдэж өгнө. Чи санаа зоволтгүй барилдаад, түрүүлэхээ л бод” гэх утгатай зүйл ярьж, сэтгэл санааг засч өгч байсан гэдэг. Нэг талаараа тэр бүхэн Н.Түвшинбаяр аваргыг түрүүлэхэд нөлөөлсөн ч байж болох. Амжил гаргах нь тодорхой болчихсон, өнгөтэй өөдтэй байгаа тамирчныхаа байр савны асуудлыг шийдээд өгчихдөг бол сэтгэл амар тэмцээндээ оролцоод л явна. Амжилт гаргана, түрүүлнэ.
 
Ийм л бага сага дэмжлэг манай тамирчдад дутаад байна. Яах вэ, өнөөдөр дэлхийн тэмцээнд, Олимпийн наадмаас медаль авбал мөнгө төгрөг өгдөг болчихсон. Түүнд хүрч, амьдралаа баталгаажуулахын тулд тамирчид илүү их зүтгэж л байна. Энэ бол дэмжлэг. Гэхдээ амжилт гаргахаас нь өмнө гаргуулахын тулд дэмждэг дэмжлэг бага ч болов хэрэгтэй байна шүү дээ. Зөвхөн тамирчинд гэлтгүй бүхий л салбарын амжилтад хүрч байгаа хүмүүсээ бага ч болов дэмждэг, тусалдаг баймаар байна. Түүнээс биш түрүүлээд, медаль хүртээд ирэхээр нь хий хөөрцөглөж, худлаа үнэн амлаж, тамирчдаар, авьяас чадвартнуудаар сурталчилгаа хийдэг байдлыг халах хэрэгтэй байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.