Зорилтот бүлгийн хүүхдүүдийг зусланд амраана
Сурагчдын зуны амралт хаяанд иржээ. Тиймээс энэ жил хэчнээн зуслан үйл ажиллагаагаа явуулах болон зуслангийн төлбөр, амрахаар зэхэж буй сурагчид ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай зэргийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс тодрууллаа.
 
-Нийслэлийн ногоон бүсэд энэ жил хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Энэ жил хүүхдийн 24 зуслан үйл ажиллагаагаа явуулна гэсэн мэдээ ирүүлсэн байна. Хамгийн эхний зуслан зургадугаар сарын 8-нд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авах саналаа ирүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэнд Онцгой байдал, цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтад тэнцэж зөвшөөрөл авсан зуслангууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болно. Тиймээс хяналт шалгалтын дараа хэчнээн зуслан үйл ажиллагаагаа явуулах болсныг олон нийтэд албан ёсоор мэдээлнэ. Шалгалтыг ирэх сарын 3-наас хийхээр төлөвлөж байна.
 
-Үнэ ханш нь ямар байх бол?

-Үнийн санал одоогоор хараахан гараагүй байна. Гэхдээ 160-165 мянган төгрөгийн хооронд байх болов уу.
 
-Төрийн байгууллагын харьяа зуслангууд энэ жил үйл ажиллагаа явуулах уу?
 
-Тийм ээ. Үйл ажиллагаагаа явуулна. Өнгөрсөн жил 20 зуслан ажиллаж байсан бол энэ жил дөрвөн зуслан нэмэгдсэн. Баянгол дүүргийн дэргэдэх нэг зуслан энэ жил шинээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон.
 
-Өмнө нь зорилтот бүлгийн хүүхдүүдийг зусланд амраадаг байсан. Энэ үйл ажиллагаа энэ жил ч гэсэн үргэлжлэх үү?
 
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зорилтот бүлгийн 300 хүүхдийг зусланд үнэ төлбөргүй амраадаг. Энэ жил ч гэсэн амраана. Зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэл манай дээр байдаг юм. Тиймээс бүртгэлтэй хүүхдүүдээ л амраана.
 
-Зусланд амрах хүсэлтэй хүүхдүүд ямар төрлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?
 
-Хүүхдүүд зусланд амрахын тулд www.child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл  хүчингүйд тооцохыг анхаараарай. Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө. Харин 16-аас дээш насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.