Сонгуулийн өмнөх содон шийдвэрүүдтэй долоо хоног
Сонгуулийн товоо тогтоосон ч ямар системээр сонгууль явуулах нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг хүртэл тодорхой бус байв. Харин пүрэв гарагийн орой 22 цагт чуулган хуралдаж 2016 оны сонгуулийг жижиг 76 тойргоор явуулахаар санал нэгдэв.

Түүнчлэн сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд намаа орхиж, шинэ нам сонгох , гишүүнчлэлээ сэргээх үзэгдлүүд ч хөвөрсөөр байна.

Сонгууль жижиг 76 тойргоор явагдахаар болов

УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.
Ингэснээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гээн дүгнэлтийг дэмжиж байгаа юм
Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Сонгуулийг ямар системээр явуулах талаар УИХ ямар шийдвэр нь нийгэмд хүлээлт үүсгэж байв. Харин энэ долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын сонгууль нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулагдахаар болж байгаа юм. Харин  намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 23-наас эхэлж 5 хоногт багтаах боллоо.
Түүнчлэн тойргийн мандатын тоо, төвийг тогтоох асуудлыг УИХ ирэх долоо хоногоос хэлэлцэх болж байна.

Эрүүл мэндийн сайдын асуудал дахин хойшлогдов

УИХ-ын гишүүн,  ЗГХЭГ-ын  дарга С.Баярцогт Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах, чөлөөлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн лхагва гарагт өргөн мэдүүлэв.

Гэвч энэ асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх байсан ч энэ долоо хоногт хэлэлцсэнгүй, асуудлыг дахин хойшлууллаа.

Уг нь Эрүүл мэнд спортын сайдын албанд Цэрэнхүүгийн Лхагвасүрэнгийн нэрийг өргөн мэдүүлсэн юм. Ц.Лхагвасүрэн нь 1978-1979 онд Улсын Клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1989 онд АУДС-ийн Эмгэг физиологийн тэнхимд багш, аспирант, 1989-2013 онд АУИС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 оноос өнөөг хүртэл мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна. Тэрээр улсад 35 жил ажилласан байна.

СЕХ-оос ХҮН, ИЗНН хоёрыг бүртгэхээс татгалзав

СЕХ-оос өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ХҮН, ИЗНН гэсэн хоёр намыг бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлээ.
 Учир нь Сонгуулийн тухай хуулиар бол сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд бичиг баримтаа дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга гарын үсэг зурсан байсан. Гарын үсэг зурсан даргыг нь Улсын дээд шүүх албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан.

“Шударга ёс” эвслийн бүлэг задарлаа

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элслээ. Тэд “Цаашдаа бид хоёр намыг нэг нам болгохын төлөө ажиллана” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Л.Цог гишүүн МАХН-аас гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орлоо. Л.Цог гишүүн одоо Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
Ийнхүү дээрх гишүүдийн шийдвэрээс үүдэн “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн тоо нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон юм. Ингэснээр тус бүлгийн үйл ажиллагаа албан ёсоор дуусгавар боллоо.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.