Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэгдэн уриалга гаргалаа
Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бид 2016 оны УИХ сонгуулийн өмнө та бүхэнд манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлууд, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа хуулиудыг батлан, хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгахыг зөвлөмж болгож байна. Тус зөвлөмж мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан эсэхэд бид дүн шинжилгээ хийж олон нийтэд мэдээлэх ба сонгуулийн дараа биелэлтэд хяналт тавин ажиллах болно. 

1.Хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах.
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолд 2016 онд багтаан салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг шинэчлэн боловсруулах талаар заасны дагуу олон талын оролцоотой, нотолгоонд суурилан боловсруулсан “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө (2005-2015)”-нд тулгуурлан салбарын урт хугацааны бодлого, стратегийг дахин шинэчлэн боловсруулах.
2016 оны 4 дүгээр сард УИХ-аас баталсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримтлах хууль”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журмыг нэн даруй боловсруулан, эмнэлгийн засаглал,бие даасан байдлыг ханган, бүтэц зохион байгуулалтыг цаг алдалгүй шинэчлэх мөн Нийтийн эрүүл мэндийн хуулийг яаралтай хэлэлцэн батлах, Онцгой албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах.

2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалтыг сайжруулах.
Хүн амын байршил, нягтрал, тусламж үйлчилгээ авах бодит хэрэгцээ шаардлага, газар зүйн онцлогийг харгалзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр ашигтай, оновчтой болгон зохион байгуулах арга хэмжээг улс төрийн төвшинд шийдвэрлэж тууштай хэрэгжүүлэх.

3.Эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх.
Уг стратегид олон улсын жишгээр ДНБ-ий 5-аас доошгүй хувийг (манай улсад 3 хувь орчим байгаа) эрүүл мэндийн салбарт зарцуулах талаар тусгайлан тусгаж хэрэгжүүлэх. Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах. Түүнчлэн Үндэсний эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоонд шилжих, ингэхдээ одоогийн Эрүүл мэндийн даатгалын газрыг бүрэн бие даасан, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй тэгш зарчмаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулан ажилладаг, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түүний гүйцэтгэл, чанарыг харгалзан худалдан авдаг байгууллага болгон хөгжүүлэх.

4.Анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх.
“Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц”-ыг шинэчлэн боловсруулж, өртгийг тооцох, нэг хүнд ноогдох тусламж үйлчилгээний бодит өртөг зардалд суурилсан тарифыг үндэслэн өрх ба сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг боловсронгуй болгох. Багцийг боловсруулахдаа  одоо хэрэгжүүлж буй үндэсний стратеги, хөтөлбөрүүдтэй уялдуулан  зардлыг хэмнэх, бодит хэрэгжилтийг хангах.

5.Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг тууштай хангаж ажиллах.
Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн жор бичилт, эмийг жороор олгох, нянгийн даслаас сэргийлэхэд тулгамдсан асуудлыг шинэ шатанд хүргэхэд нэн шаардлагатай байгаа эрх зүйн орчныг бүрдүүлэх. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн батлаж олон улсын жишгээр “Эмийн зохицуулалтын бие даасан байгууллагыг тогтвортой ажиллуулах. Эмийн зохицуулалтыг бэхжүүлж эмэн эмчилгээнд эмчилгээний  идэвх, чанар, аюулгүй байдал, өртөг үр ашгийг чухалчлах, зах зээл дэх хуурамч болон стандартын бус шаардлага хангахгүй эмийн эргэлтийг зогсоох, эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг үр ашигтай зарцуулж зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

6. Эрүүгийн хуульд орсон эмч нарын хариуцлагын талаарх заалтыг яаралтай өөрчлөх.
Эмч эмнэлгийн ажилтны ажлын гүйцэтгэлийг бодитой тооцож, цалин урамшуулалтай холбох талаар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
 
Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ
Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ
Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.