Зусланд амрах хүүхдүүд ДОХ-ын шинжилгээ өгнө
Сурагчдын амралт ойртож, зун цагийг зугаатай өнгөрүүлэх мөч ойртсоор байна. Хүүхдийн зуслангууд хүүхэд багачуудаа хүлээн авахаар бэлтгэлээ хэдийнээ базаагаад эхэлжээ. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр /2016.05.05/ энэ зун ажиллах хүүхдийн зуслангуудыг танилцууллаа.

Энэ жил хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас эхлэн  хүүхдүүдээ авч эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 24 хүүхдийн зуслан ажиллана. Өнгөрсөн онд нийт 20 хүүхдийн зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраасан байна.

Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг анхааруулав. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Энэ жил Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэсэн зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг зуслангуудад хяналт тавьж ажиллажээ.

Хүүхдийн зуслангуудын нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг байна. Мөн зуслангийн тоо, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүүхдэд ээлтэй зусланг шалгаруулах бөгөөд наймдугаар сарын сүүлчээр шилдэг зусланг тодруулах юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.