Эклерийн үйлдвэрийн ажилчдаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ
 “Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан юм.

Одоогоор 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд  48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон аж.

Харин “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн  564 эклер, үйлдвэрийн  байранд байсан 586, хугацаа дууссан  бусад нэрийн  нийт 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй  эклер болон бусад нэрийн  1457  ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон хэлэхдээ “Бид хоолны хордлого гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа. Одоогоор хордлого юунаас гарсныг нарийн тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторид шинжлүүлж байна.

Шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчны дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” буюу гэдэсний өвчин үүсгэдэг нян илэрсэн байна.

“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу  нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илрүүлжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.