Хөдөлмөрийн нам өнөөдөр хуралдана

Өнөөдөр Умард Солонгос улсын Хөдөлмөрийн намын их хурал Пхеньянд зохион байгуулагдана. Тус улсын залуу удирдагч Ким Жон Уны өвөг эцэг Ким Ир Сений үед буюу 1980 онд хамгийн сүүлд Хөдөлмөрийн намын их хурал зохион байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш яг 36 жилийн дараа намын долоо дахь удаагийн их хурал зохион байгуулагдах гэж байна. Өмнөх удаагийн намын их хурал тав хоног үргэлжилж, 3000 гаруй төлөөлөгчид оролцож байсан бол энэ удаагийн хурал хэчнээн өдөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
 
Гэхдээ 3-4 хоног үргэлжилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн залуу удирдагч Ким Жон Ун анх удаагаа оролцоно гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Үүнээс гадна уг хурлын өдрийг тохиолдуулан Пхеньян асар их хөнөөлт цөмийн зэвсэг харваж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд буй. АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан судалгааны хүрээлэнгээс өчигдөр ирүүлсэн мэдээллээр Умард Солонгос шинэ зэвсэг харвах бэлтгэлээ бүрэн хангасан нь хамгийн сүүлд авсан хиймэл дагуулын зурагнаас тодорхой болсон байна.
 
Тодруулбал, шинэ загварын баллистик пуужингаар тоноглосон шумбагч онгоц болон пуужин харвах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй байгууламжын гаднах өнгө үзэмжийг засч сайжруулах ажил бүрэн дууссан байжээ. АНУ, Өмнөд Солонгос улсын хамтарсан судалгааны хүрээлэн шумбагч онгоцноос харвах технологи бүхий шинэ загварын баллистик пуужинг Пхеньян хамгийн эртдээ гэхэд 2020 онд туршина гэж таамаглаж байсан ч, Умардын зүгээс цөмийн зэвсгийн хөгжүүлэлтэд анхаарал хандуулж, ахиц дэвшил гаргасаар байгаа гэдэг. Өнгөрөгч хоёрдугаар сард Пхеньян устөрөгчийн бөмбөг туршч, тэр нь амжилттай болсон гэж мэдээлсэн. Гэхдээ Өмнөд Солонгосын Засгийн газар уг мэдээллийг үгүйсгэсэн ч, эсрэгээр тус судалгааны хүрээлэн амжилттай болсныг нь онцолж байсан юм.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.