Зээлийн хүүг бууруулж болдог л юм байна
Малчид арилжааны банкнаас жилийн 29.5 хувийн хүүтэй зээл авч байсан цаг саяхан. Хөдөө хөхөрч, гадаа гандаж, хэдэн малынхаа ашиг шимээр л амьдардаг тэдний хувьд энэ бол өндөр тоо. Гэсэн ч хүний хэрэглээ ямар хязгаарлагдах биш. Наад зах нь үр хүүхэддээ шинэ гэр бэлдэх, сургууль соёлд сургах, өвөлжөө хаваржаа худалдаж авах гэх мэтээр бэлэн мөнгөний шаардлага гарсан үед малчид арга буюу арилжааны банкнаас зээл авч, өндөр хүүд нь дарлуулж байсан гэхэд хилсдэхгүй. Ингэлээ гээд тэд төр засагт бурууг тохож, гомдож туньж байсангүй.
 
Харин саяхнаас Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10 хувь хүртэл бууруулж, малчин өрхөд том бэлэг барьсан юм.
 
Манай улсад нийт 153 мянган малчин өрх байдгаас 120 мянга нь арилжааны банкнаас малчны зээлтэй байдаг гэсэн тоон баримт бий. Ингэхээр дээрх шийдвэр өндөр хүүтэй зээл авсан 120 мянган өрх төдийгүй зээл авахаар зэхэж байсан өрхүүдэд том бэлэг байсан нь мэдээж. Төрийн банк малчны зээлийн жилийн хүүгээ бууруулсан гэсэн мэдээлэл хөдөө орон нутагт салхи шиг тархаж, энэ сургаар зарим малчид ХААН банкнаас авсан зээлээ дарж, Төрийн банкнаас бага хүүтэй зээл авах тохиолдол нэмэгдсэн сураг дуулдсан. Тэр бүү хэл, багийн дарга нар нь зохион байгуулж, малчдаа бага хувийн хүүтэй зээлд хамруулах ажлыг ч шат дараатай зохион байгуулж, эхэлсэн гэнэ билээ.
 
Харин энэ үйл явдал ХААН банкинд том цохилт болсон юм биш биз гэж хардах үндэслэл байна. Хүн бүрт хардах эрх нь нээлттэй шүү дээ. ХААН банкны хувьд иргэд рүү чиглэсэн жижиг зээлийн бодлогыг баримталдаг. Тиймдээ ч, малчид ХААН банкнаас зээлээ татаж, Төрийн банкийг сонгох болсон нь үйлчлүүлэгчээ алдах эрсдэлийг үүсгэсэн байж болох юм.
 
Ямартай ч, Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10 хувь болгож бууруулсны дараа ХААН банк ч гэсэн зээлийн хүүгээ мөн дүнд аваачин бууруулж бусад арилжааны банкинд үлгэр дуурайлал үзүүлсэн. Юу хэлэх гээд байна вэ гэвэл зээлийн хүүг ийм дүнд аваачин бууруулж болдог л юм байна. Бусад төрлийн зээлийн хүүг ч энэ маягаар бууруулбал эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн хэрэг болох биш үү. Цаана нь тэтгэврийн зээл, цалингийн зээл гээд байна. Өнгөрөгч гуравдугаар сард болсон Ахмадын Үндэсний зөвлөгөөн дээр яригдаж байсан гол асуудлын нэг нь тэтгэврийн зээлийн хүү байсан юм.
 
Тодруулбал, манай улсын 240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагаас 60 гаруй хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээлтэй байдаг аж. Ахмадуудын ихэнх нь ийм хувийн хүүтэй зээл авч, зарим нь зээлээ төлж дуусахаасаа өмнө амьсгал хураах тохиолдолд ч байдаг юм билээ. Улсад 30-50 жил ажиллаж, тодорхой хэмжээний татварыг улсад тушаасан тэд тэтгэврийн зээлийн хүүд дарлуулж, өртэй хорвоогоос буцаж байгаа нь харамсалтай биш гэж үү. Нэг талаар банк санхүүгийн байгууллагууд нэг төрлийн зээлийн хүүгээ бууруулж болж байгаа юм чинь бусад зээлийн хүүгээ бууруулах боломжтой нь сүүлийн үед гарч буй шийдвэрүүдээс тодорхой харагдаж буй мэт.
 
Гэхдээ нөгөө талаар банк, санхүүгийн байгууллагуудад зээлийн хүү буурах нь эрсдэл хүлээх нөхцдийг бий болгож мэднэ. Иргэдэд бага хувийн хүүтэй зээл өгч, эсрэгээр өндөр хувийн хүүтэй хадгаламж татна гэдэг боломжгүй л байх. Тэгэхээр шат дараатай зээлийн хүү буурсан шийдвэрүүд сонгууль угтсан шоу байж ч мэднэ. Банкиндаа ч, харилцагчдаа ч эрсдэлгүй хэт өндөр ашиг гэхээсээ илүүтэй нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор тооцоо судалгаатайгаар зээлийн хүүг бууруулах ажлыг эхлүүлсэн гэж найдая. Ямартай ч, зээлийн хүүг бууруулж болдгийг дээрх хоёр банк харууллаа, бусад банк ч гэсэн зээлийн хүүгээ бууруулах цаг тун удахгүй ирэх биз ээ.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-05-05 04:20:46
    нийгмийн даатгалын шимтгэлд баахан мөнгө төлчихөөд тэтгэвэр тогтоолгохоор төлсөн шимтгэлийнхээ45 орчимоор тогтоолгоод байхад ахмадууд ядуу амьдарч зээл авахаас ...
    202.179.26.37
    Мэдэгдсэн Хариулах
  • болноо 2016-05-05 01:10:48
    зээлийн хүүг бууруулж болноо. бүр хүүгүй болгож болноо. хэсэгхэн хугацааны дараа төрийн банкыг ХЭН авах юм болоо. зээлийн хүү бууруулсанаас үүсэх эрсдлийг хэн х...
    183.81.171.98
    Мэдэгдсэн Хариулах