Нам, эвсэлд Батламж гардууллаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын  2016 оны сонгуульд   оролцуулахаар бүртгэгдсэн нам, эвсэлд  өнөөдөр Батламж гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ гэж заасны дагуу 13 нам, 3 эвсэл сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан баримт бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ажлын хэсэг нам, эвслээс ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу нягтлан шалгасан болно. Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж 11 нам, 3 эвслийг Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэсэн  шийдвэр гаргасан тухай тэрээр танилцууллаа.

 Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нам, эвсэл бүртгэсэн тухай тогтоолыг тус тус уншиж танилцуулсны дараа Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монголын Ногоон нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Либерал нам, Хөгжлийн хөтөлбөр намын “ХААН сонголт” эвсэл, Бүгд Найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Монголын Консерватив нам, Ард түмнээ хайрлая нам тус бүрийг   Улсын Их Хурлын  2016 оны сонгуульд  оролцуулахаар бүртгэсэн тухай Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол, Батламжийг тус тус гардууллаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж, сонгуульд шударга, соёлтой оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай гэж ерөөлөө гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.