НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн тухай
Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн найруулга 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн шинэчлэлийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл, тайлагнал, албан татвар ногдуулалт, хасалт болон хөнгөлөлт чөлөөлөлтийг улам боловсронгүй болгож, хөгжингүй орнуудын татварын туршлагаас хэрэгжүүлэхээр хуульчилсан нь татвар төлөгчид татвараа үнэн зөв, ногдуулж төлөх, эрсдлийг бууруулах боломж нөхцөлийг бүрдүүлж байна.
 
  Тухайлбал нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50,0 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэх болон одоо бүртгэлтэй байгаа, босго хэмжээнд хүрээгүй албан татвар төлөгч нь  нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн үүргээс чөлөөлөгдсөнөөр тэдгээрийн татварын ачаалал буурч байна. Дээрх босгыг хангахад  өөрт  ашиглаж байсан үндсэн хөрөнгө болох барилга байшин, тоног төхөөрөмж болон  бусад хөрөнгийг  босго хэмжээнээс илүү дүнгээр борлуулсан ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган  төлөгчөөр бүртгэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн нөгөө талаас  албан татвар төлөгчөөр сайн дураараа бүртгэгдэх босгыг 10,0 сая төгрөгөөр тогтоож, нэмэлт нөхцлүүдийг  шаардахгүй болсноор нэмэгдсэн өртгийн албан татвар суутган  төлөгчөөр сайн дураараа бүртгэгдэх боломжийг нэмэгдүүлсэн.
 
  Нэмэгдсэн өртгийн албан татварын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын  хасалтыг хуурамчаар үйлдэх замаар тайлант хугацаанд төлбөл зохих албан татвараа багасгах,  татвараас зайлсхийх,  ирээдүйд эрсдэл хүлээх боломжийг бууруулж, шударгаар татвараа ногдуулж төлөх нөхцөлийг  хангаж өгсөн. Мөн татварын тайлан гаргах ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацаа зардлын хэмнэлт бий болгожээ.
 
  Монгол улсад оршин суугч татвар төлөгчийн    оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг гадагш  шилжүүлсэн тохиолдолд өмнө хэрэгжиж байсан хуулийн заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж төсөвт төлдөг байсныг  өөрчилж,  зөвхөн  гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тохиолдолд л албан татвар суутгаж байхаар шинээр хуульчилсан нь татварын давхардлыг арилгах, гадны татвар төлөгчдийг дэмжих бодлого баримталсан. 
 
   Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөлөгдөх бараа, ажил  үйлчилгээний төрөл, цар хүрээг өргөтгөж өгсөн. Тухайлбал экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир, дотоодын түүхий эдээр  боловсруулан дотооддоо борлуулсан бүх төрлийн хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн, оршуулгын үйлчилгээ гэх мэт бараа ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр нэмж  хуульчилсан.
 
  Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн өөр нэгт омоохон шинэчлэл бол нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэн явдал юм. Энэхүү тогтолцооны онцлог нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний борлуулалтын орлого нь эцсийн хэрэглэгч иргэдийн худалдан авалтанд төлсөн төлбөрийн мэдээллээр  дамжин татварын албаны нэгдсэн системд бүртгэгдсэнээр орлого, татвараа хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв, тэгш шударгаар тодорхойлж тайлагнан, төлөх механизмыг бүрдүүлэх явдал юм. Үүний дүнд далд эдийн засгийг бууруулах, ирээдүйд улсын төсөвт орох татварын орлого нэмэгдэхийн сацуу  улс орны  эдийн засгийн чадавхид чухал нөлөө үзүүлнэ. Эцсийн хэрэглэгчдэд олгох урамшууллын хоёр хэлбэрийг сонгож хуульчилсан нь Монгол Улсын хувьд дэлхийн бусад улс орнуудаас ялгарах  онцлог болж чадсанаар иргэд маань өгөөжөө хүртэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл иргэн  эцсийн хэрэглэгч  худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгийн 20 хүртэл хувийг  улсын төсвөөс мөнгөн хэлбэрээр буцааж авах боломжтой болсон. Жишээ нь: Иргэн Д-ийн жилийн дундаж орлого /цалин/  10,0 сая төгрөг гэж үзвэл. Иргэн Д  олсон орлогынхоо 8,0 сая төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа ажил үйлчилгээ худалдан авахад зарцуулсан бол тэрээр  жилийн эцэст 8,0*10%=0,8  мянган төгрөг, үүний 20 хувь болох 160,0 мянга хүртэлх төгрөгийг улсын төсвөөс буцааж авахаар байна. Хоёрдугаарт; худалдан авалтын төлбөрийн баримтын дугаараар   сугалааны тохиролд оролцож  20,0 мянган төгрөгнөөс 100,0 сая төгрөг  хүртэлх бэлэн мөнгийг ямар нэгэн татвар суутгуулахгүйгээр  хожих боломжийг бүрдүүлсэн. Дээрх урамшууллын орлого нь иргэдийн амьдрал ахуйд чухал нөлөө үзүүлэхийн дээр хэрэглээгээ хянах, орлогоо үр ашигтай зарцуулах боломжийг ч олгож байна.
 
                                               УТОХГ-ын ХШ-ын хэлтэс.  ТУБ   Б.Очирхуяг
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.