Сураг тасарсан
Их засаг их сургуулийн баруун хойд тал буюу БЗД-ийн IV хорооны нутаг дэвсгэр, хуучнаар оросын цэргийн хотхоны хоёр давхар долоо, боловсролын салбарын ажилчдын орон сууц гэгдэх эдүгээ “сансар” хотхоны дан давхар нийлсэн нийт найман байрны 142 айл “Их өргөө” компаний захирал, УИХ-ын гишүүн Д.Арвины эрэлд хатаад гурван жилийн нүүр үзэж буйгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажлын явц байдалтай танилцах үед оршин суугчид нь сэтгүүлчдэд хандаж, байр сууриа илэрхийлсэн юм.
 
Орон нутгийн ээлжит сонгуулийн дараа ардчилсан намаас нэр дэвшигчид ард түмэнд амласан ёсоороо гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхэд тус хорооны оршин суугчид тун чиг баяртайгаар хүлээж авч, нийслэлийн бусад дүүргийн хороодоос хамгийн түрүүнд газраа чөлөөлсөн юмсанж. Гэвч барилгын ажил хоёр барилгын суурийг хагас дутуу цутгаснаар таг чиг болсон аж. Үнэндээ ч ээлж дараагаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Баганат өргөө” “Нарт”, “Шинэ амгалан”, “Хангай”, “Шинэ толгойт” хороолол ашиглалтад орж буй талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж буйг уншсан, сонссон, үзсэн иргэд бухимдахгүй байх аргагүй шүү дээ.
 
Тиймдээ ч “УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө” компанид итгэл хүлээлгэснийхээ горыг эдэлж байна” хэмээн бухимдсан оршин суугчид биднийг эхлээд нийслэлээс яваа албан тушаалтнууд байна гэж ойлгоод ширүүн угтсаныг нуугаад яах вэ. Тухайн үед хашааныхаа газрыг орон сууцаар солих хүсэлдээ хөтлөгдсөн иргэд эрхэм гишүүнд итгэл хүлээлгэн юу хүснэ, түүнийг нь тушаал авсан цэрэг шиг үг дуугүй биелүүлж, байрныхаа ордерийг хүртэл өгөөд явуулсан байх юм. Ордер ч үгүй, газар ч үгүй болсон оршин суугчид өнөөдөр талын нэг тарж одсон төдийгүй байр түрээслэн амьдарч байсан зарим нь түрээсээ өгч чадахгүйд хүрч айлын хашааны буланд дөрвөн ханат түрээслэн амьдарч байгаа бол түрээсийн мөнгө авч чадаагүй хоцорсон нь ах дүүсдээ нэр нүүрээ баран гудамжинд гарахдаа тулаад байгаа аж.
 
Харин тэдний өмнө олон сайхан зүйлийг ярьж “хамтдаа зүтгэвэл бид чадна” хэмээн оршин суугчдыг уриалж байсан “Их өргөө” компани хэргээ бүтээж аваад л шилээ харуулан одсон бололтой. Ямартай ч иргэдийн газрыг өөрийн болгох үедээ Д.Арвин гишүүн оршин суугчдад болон нийслэлийн удирдлагуудын өмнө хэлж байсан үг нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Эл мэдээллийг бүрэн эхээр нь засваргүйгээр хүргэх нь зөв байх.
 
“Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ” гэх 2014-10-22-ны өдрийн мэдээлэлд “Улсын их хурлын гишүүн Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, сансар хотхоны 142 өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр /2014.10.22/ шав тавих ёслолын арга хэмжээ болов.
 
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, төсөл гүйцэтгэгч “Их өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчулуун нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Арвин барилгын шав тавих ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр “энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөхөд баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчдын хүсэл зорилго ихээхэн хөшүүрэг болсноос гадна Улаанбаатар хотын бодлого ихээхэн дэмжлэг болсныг онцлон хэлмээр байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжиж ажилласан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар болон Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх газрын удирдлагууд, хамт олонд талархаж байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөх болсон нь Баянзүрх дүүргийн ард иргэдийн дэгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй салшгүй холбоотой” гэлээ” хэмээн онцолж, үйл явдлыг гэрчлэх гэрэл зургийг нийтэлсэн байлаа.
 
Харамсалтай нь өнөөдөр “Сансар” хотхоны хуучин барилгын туурыг тойруулж барьсан хашааны завсраар харахад, хагас дутуу цутгаад орхисон барилгын хоёр суурь, хагасыг нь нураагаад орхисон барилгын үлдэгдэл, хятад ажилчдыг байрлуулах зорилгоор нураалгүй үлдээсэн хоёр давхар ВАМ-ын орон сууцны барилгаас өөр нүдэнд өртөх зүйл алга байлаа. Хашааны хаалгыг нэлээд нүдэхэд, 30 хэргэм насны бүсгүй гарч ирэв. Тэрбээр барилгын манаач аж. Түүнээс “ их өргөө” компаний удирдлагууд хаана байдаг тухай асуухад “энд байдаггүй. УИХ-ын гишүүн Д.Арвин л хааяа газраа эргэж ирдэг байснаа өнгөрсөн оны аравдугаар сараас хойш харагдсангүй. Барилгын ажил яагаад эхлэхгүй байгаа талаар мэдэх зүйл алга. Би аравдугаар сараас хойш цалин аваагүй. Саяхан өвдөж, эмнэлэгт хэвтсэн. Нөхөр маань гишүүнтэй уулзаж, цалинг минь авах гэсэн боловч хүлээж аваагүй гэсэн. Оршин суугчид байсхийгээд хашааны хаалга нүдэж, Арвин гишүүнтэйгээ уулзуул, дамжуулж хэл хэмээн шаарддаг. Би гишүүнийг хаанаас олж болохыг мэдэхгүй болохоор жаал загнуулж байгаад л ордог” гээд өөрөө гэмтэй адил хаалгаа зөөлхөн хаасан юм.
 
Сурвалжлах баг “Их өргөө” компаний байгаа байдлыг тэмдэглэж аваад дараагийн барилга руу хөдлөх гэж байтал арваад авгай, хүүхнүүд тойрч хаанаас явааг асууж, хоргоонгоо зарим нь тайлбар хэлүүлэхгүй загнаж гарав. Тэдний маш их бухимдалтай байгааг, эмх замбараагүй дээр дээрээс урсгах үгнээс анзаарч болохоор. “Сансар” хотхоны оршин суугчид түр хороо байгуулжээ. Өөрийгөө С.Цолмон хэмээн танилцуулсан ахимаг насны эмэгтэй түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн нь гэнэ. Тэрбээр дэргэдээ зогсоо эмэгтэй рүү заан “энэ бид хоёр хөлөө хүрэх бүхий л газраар явж байна. Тэгээд ч нэмэр алга. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хүртэл нээлтийн арга хэмжээнд оролцож, тууз хайлчилж байсан атлаа эдүгээ манай асуудлаар ганц ч үг хэлэхгүй юм. Тиймээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хандсан гэв.
 
С.Цолмон: "Их өргөө" иргэдийн газрыг, байрны ордерийг барьцаалж зээл авсан атлаа барилгаа барихгүй хоёр жил боллоо
 
- Тэрбээр “бид яасан азгүй улс вэ. Нийслэлийн бусад хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд хашааныхаа газрыг орон сууцаар сольж, халуун ус хананаасаа аваад жаргаж суугаагаа телевизээр хөөр баяр болгон ярих юм. Тэднийг хараад атаархахдаа байж ядах газраа олж ядаж байна. Д.Арвин гишүүн биднээр тоглож орхилоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдсаны дараахан манай хорооны оршин суугчидтай уулзалт зохион байгуулан “Та бид сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал жил хагасын дараа шинэ орон сууцанд, жаргалтай сайхан амьдарч чадна. Тиймээс та бүхэн надад итгэ. Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” гээд найман байрны газрыг, нийтийн ээзмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерийг авсан. Эл үйл явдлын дараахан хоёр давхар долоон байрны зургааг нь нурааж, оршин суугчдыг орон сууцны барилга ашиглалтад ортол жил хагас амиа аргал гээд цөөн хэдэн айлд байрны түрээс гэж гурван сая төгрөг өгсөн. “Их өргөө” компани хуучин барилгыг нурааж дууссаныхаа дараа баахан хятад ажилчид авчраад хоёр барилгын суурь цутгасан. Эхний хоёр сард өглөө үдэшгүй машин техник ажиллаж, хятадууд унтахгүй шаагилдахыг харсан бид яасан их баярлаж байсан гэж бодно.
 
Гэвч тэр бүхэн урьдаас дэглэсэн жүжиг байсан юм билээ. Банкны ажилтны хэлснээр “Их өргөө” компани барилгын суурь цутгасан дүр эсгэж, түүнийгээ зээлийн эдийн засагч нарт үзүүлж байгаад их хэмжээний зээл авсан байгаа юм. Бас барьцаа болгож иргэдийн орон сууцны ордерыг тавьсан байдаг. Барилгын ажил таг зогссоны дараа танил барилгын инженер маань хятадуудын цутгаад орхисон барилгын суурийг үзээд маш их гайхсан. Суурийн цутгалтын өргөн ердөө тоосгоны хэмжээтэй адил гээд боддоо. Бүхэл бүтэн есөн давхар барилгын суурь тал тоосгоны дайтай нимгэн цутгалттай байгааг юу гэж ойлгох юм. Иймэрхүү бантан зуурч хаяад сураггүй алга болсон.
 
Оршин суугчид Д.Арвин гишүүнтэй уулзах гэж хөөцөлдөөд хоёр жил болж байна. Аргаа барахдаа нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг даргатай уулзаад ч асуудлаа шийдүүлж чадаагүй. Ирэх долоо хоногт НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах учиртай. Тэр хүн л нэг тийш болгож өгч магадгүй гэлээ. Ингээд иргэдийн үгийг хүргэе.
 
Б.Болормаа: "Их өргөө”-өөс түрээсийн мөнгөө олж авмаар байна
 
-Саяхан манай нэг оршин суугч /Боловсролын салбарын ажилчдын байр/ байрныхаа ордерийг банкинд барьцаалж зээл авах гэтэл “Танай байрны ордерыг “Их өргөө” компани барьцаанд тавьсан юм байна. Тиймээс зээл өгөх боломжгүй” гэсэн байгаа юм. Бид компаний барьцаанд орсноо ч мэдээгүй явсан. Энэ тухай гишүүнд утсаар мэдэгдэхэд, “Наад асуудал чинь надад хамаагүй. Та нар барилга барих компани олоод бидэнтэй уулзуул. Тэгээд манайхаас газраа худалдаж авна биз” гэсэн байгаа юм. Манайх хоёр өрөө байранд аж төрдөг байсан. Гэтэл өнөөдөр хадмынхаа дүүгийн хашаанд, Бэлхийн аманд хөөгдөх дээрээ тулан хоног өдрийг өнгөрөөж явна. Тэдний байшин барих гэж байсан газар дээр манайх гэр барьсан юм чинь аргагүй шүү дээ. Д.Арвин гишүүн зарим айлд байрны түрээс гэж гурван сая төгрөг өгсөн гэсэн. Манайд өгөөгүй, хүлээж бай, дараагийн ээлжинд гэж хэлснээс хойш хоёр жил өнгөрлөө. Түрээсийн мөнгөө өгсөн бол ах дүүдээ дараа бололгүйгээр галладаг ч хамаагүй байшин хөлслөх байлаа.
 
Х.Дорж: "Сансар" хотхоныхны амь нас дээсэн дөрөөн дээр байгаа
 
-Зургаа авахуулахгүй шүү. Миний зургийг битгий дараарай. Би төрийн албан хаагч. Гэхдээ хувь хүн. Манайх боловсролын ажилчдын байрны зүүн хойд өнцгийн дамждаг хоёр өрөөнд амьдардаг. Хорооны нутаг дэвсгэрт үйл ажилагаагаа явуулдаг Цагдаагийн 803 дугаар анги ажилчиддаа орон сууц барьж өгч буй. Барилгын ажил явагдаж байхад шөнөжин гудамжаар зуурмаг ачсан том машин хөлхчихнө. Гудамж хэт нарийны дээр жорлонгоо ухаж, дарсаар байгаад газрын хөрс нь сийрэгжчихсэн. Түүгээр хүнд даацын машин явахаар цөмөрчихөж байгаа юм. Хамгийн сүүлд манай гэрийн буланг шүргээд өнгөрсөн. Манай хадам хөгшин тэр буланд унтдаг юм. Азаар тэр шөнө би эзгүй байсан учраас бага хүүг маань өвөртлөөд миний орон дээр унтсандаа л амьд гарсан. Худлаа гэвэл хашаа нурж, байшингийн өнцөг цөмөрснийг очоод хар. Аргаа бараад байраа хэр таарсан үнээр зараад өөр хашаа олж авъя гэж бодовч байрны ордер банкинд байгаа учраас зарах эрхгүй юм билээ.

О.Нармандах: бид хэзээ орон сууцтай болох юм бэ
 
-“Сансар” хотхоны долоон байрны оршин суугчид шинэ орон сууцанд хэзээ орохыг хэлээд өгөөч, дарга нараа. Гурван жил гаруй байр хөлсөлж амьдарлаа, залхаж байна. Манай хоёр хүүхэд яармагаас хичээлдээ явж байна. Өвлийн үдэш тавдугаар ангийн охин маань дүүгээ чирсээр хоёр автобус дамжаад гэртээ ирдэг. Тэгтэл Д.Арвин гишүүн хүүтэйгээ хоёул гэртээ төөрдөг гэж зурагтаар ярьж байсан. Бид тийм зүйл хүсч түүнийг зовоох гэсэнгүй, зүгээр л дахин төлөвлөлтийн дагуу бидэнд олдох хоёр өрөө байрандаа хэзээ орохыгоо л асууж байна. Манайх гурван сая төгрөг авсан. Манайх гурван сая төгрөг авсан. Түүгээр нь эхний жил түрээсэнд өгөөд дууссан. Дараа нь түрээсээ төлж чадахаа байгаад Яармагт эцэг эхээ бараадан хашаанд нь гэр бариад амьдарч байна. “Их өргөө”-д итгэж найдаж явсаар гурван хаврыг үдлээ. Орон сууцтай болгож өгч чадахгүй юм бол байрны минь ордерийг өгчих. Бид газраа, ордероо барьцаалаад өөр аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ хийе. Та бидэнтэй ирж уулзан, амласан амлалтаа биелүүлээч гэж Арвин гишүүнд хэлэх байна.
 
Э. Соёлмаа: Биднийг хүчээр гэрээ хийлгэсэн юм шүү дээ
 
-УИХ-ын гишүүн Д.Арвин хүчээр шахам “Их өргөө” компанитай гэрээ хийлгүүлсэн. Зарим оршин суугчид оросуудаас энэ байрыг худалдаж аваад олон жил болсон атлаа ордергүй байсан юм. Тэднийг ордертой болгосон даруйд эргүүлээд хураагаад авчихсан. Долоон байрны газар гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл хэрэгжихэд талбайн хэмжээ нь хүрэхгүй байсан тул боловсролын ажилчдын байрны газрыг хүчээр нэгтгэсэн. Үнэндээ манай байрныхан дээд долоон байрныхан шинэ орон сууццаа орсны дараа өөрсдөө аль нэг аж ахуйн нэгжид газраа өгөөд орон сууцанд шилжиж орцгооё гэж ярилццаг байлаа. Улаанбаатарт өнөөдөр цорын ганц зөөврийн устай хороо бол “сансар” хотхон. Машинаар ус ирэхгүй хоёр хоноход л бид хувингаа бариад Сансарын айлуудаас ус гуйдаг. XXI зууны монголчууд ингэж амьдарч боломгүй санагдах юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол зөв зүйтэй бодлого. Гагцхүү хэрэгжүүлж байгаа компаниас бүх зүйл шалтгаалж байна. Манай хамаатных Цагаанхуаранд амьдардаг. Тэднийх өнгөрсөн гуравдугаар сард Гангар инвестийн барьсан “Шинэ амгалан” хороололд хоёр өрөө байранд орсон. Бас болоогүй нэг давхарт нь дэлгүүр ажиллуулах нэг өрөө байр нэмж авсан. Улсад нэг ч төгрөг төлөөгүй, зөвхөн хашааныхаа газраар л сольсон. Ямар сайхан амьдарч байна гэж бодно. Гэтэл бид замын тоос, барилгын шороонд дарагдан хоног өдрийг төөрүүлж явна. Бидний дунд сэтгэл санаагаар унаад архи уусаар гудамжинд гарсан хүн бий. Түүний өмнө хэн буруутай юм. “Их өргөө” компани буруутай. Тэд шинэ байртай болгож өгнө хэмээн хуурч орон гэргүй болгоогүйсэн бол эхнэр хүүхэд нь салж явахгүй байсан. Худлаа гэвэл та нар түүнийг хар, шар нохой тэврээд хашааны буланд унтаж байна. Ийм залуу байгаагүй юм. Ийм амьдралаас салгаж өгөхийг Э.Бат-Үүл даргаас гуйж байгааг минь дамжуулж өгөөрэй.
 
...Иргэдийн ярианд худал зүйл байхгүйг тэдний уурлаж бухимдсан харц аандаа л хэлээд өгөх вий. Монгол улсын эдийн засаг хямарч, барилгын компаниудын үйл ажиллагаа зогссон нь үнэн. Гэвч 142 айлын байрны ордерийг банкинд тавьж авсан зээлээ юунд зарцуулсан болоод иргэд гудамжинд гарах нь холгүй явна вэ хэмээн “Их өргөө” компанийн удирдлагуудаас асуумаар байна. Оршин суугчдын хэлсэнчлэн, “Сансар” хотхоны иргэдийн асуудал УИХ-ын гишүүн Д.Арвин болоод түүний хувийн компани болох “Их өргөө”-д хамаагүй болсон юм бол ордерийг нь банкны зээлээс чөлөөлөөд өгчихөөч. Тэгвэл тэд нэгдэж нийлээд барилга барих эдийн засгийн чадамжтай компанитай гэрээ байгуулаад ирэх хавар гэхэд орон сууцны бараа харж мэднэ.
 
Түүнчлэн иргэдинн газрыг барилга барих компанид худалдана гэж хэлснийхээ учрыг эрхэм гишүүн өөрөө л тайлбарлахгүй бол оршин суугчид энэ асуудлын учрыг олохгүй төөрөлдчихсөн явна лээ гэж холбогдох байгууллага хийгээд “Их өргөө”-гийнхөнд хэлэх байна. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 дугээр тогтоолын дагуу “Их өргөө” ХХК нийслэлийн Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан талаар хэлээд Сансар хотхоны газар чөлөөлөлтийн ажил түргэн хугацаанд өрнөснийг онцоллоо.
 
Мөн тэрбээр “Манай улсад дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй байгаа нь газар чөлөөлөлтийн ажил маш түргэн хугацаанд өрнөж буйтай холбоотой юм. Япон улсад 12 жилийн турш газар чөлөөлөх ажил өрнөж байж орон сууц барьсан туршлага байгаа бол БНСУ-д таван жилийн хугацаанд чөлөөлж байна. Харин манай улсад нэг жилийн хугацаанд шийдэгдэж буй нь манай иргэд амьдралаа сайжруулах, тавтай тухтай орчинд амьдрах ямар их эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй байгааг илтгэж байна”гэв. Дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх “Их өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдөн гэрээ байгуулж, иргэдийн ая тухтай, аюулгүй, тохилог, эрүүл орчинг бүрдүүлсэн 1430 айлын 13 давхар, 10 блок сансар хотхоны барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Тус компани нь сансар хотхоны барилгын зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн бөгөөд хуучин сууц өмчлөгч бүрт таван метр.квадрат талбай үнэ төлбөргүй нэмж олгож, оршин суугчдад түр оршин суурьших байрны нөхөн олговор олгосон талаар оршин суугчид хэлэв. Шинээр ашиглалтад орох хотхонд худалдаа үйлчилгээний төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байхаар гүйцэтгэгч компани төлөвлөжээ.
 
Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг, М.Даваадулам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуй. 2016-05-07 13:06:57
    Дахуяа будлиантай авгай даа.
  • см 2016-05-05 03:45:18
    БЗ 2р хорооны иргэдээр тоглож байгаа авгай даа ,Хийж чадахгүй юм бол болиоч ээ,өөр компанид өгмөөр бна
  • bat 2016-05-04 16:23:10
    ih orgoo barilgaa bariad bgaa yum uu ugui yum uu oilgosongui
  • august 2016-05-04 10:01:12
    ЭНЭ АВГАЙ МАН НАМААС АН НАМРУУ ШИЛЖСЭН БАС НЭГ УРВААЧ. ЯАЖ ОЛИГТОЙ ЮМ ХИЙХ ВЭ. ДАХИЖ БЗД-Д ДЭВШИНЭ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ГОРЬДОНО БИЗ. ХАЧИН АВГАЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮ...
  • Батаа 2016-05-04 07:00:49
    Энэ Арвин яаж ч мэдэх нөхөр МАН +д байлаа тэгээд АН-д одоо гадаадын харьяат болсон ч байж мэднэ