Дэлхийн хэвлэл УИХ-ын сонгуулийг онцолжээ
Байгалийн асар их баялагтай, хоёр хөршөөрөө түшүүлсэн улс гэдэг утгаараа Монгол дэлхийн анхаарлыг үргэлж татах болсон. Тиймээс дэлхий дахин манай улсыг аль талаас нь сонирхож, дотоод болон гадаадын том компаниудын талаар гаргаж буй шийдвэрийг аль өнцгөөс нь мэдээлж байгааг онцлон орчуулж хүргэдэг уламжлалтай. Өмнө нь бид улсын эдийн засаг, агаарын бохирдол, уул уурхайн талаар дэлхийн хэвлэлүүдэд хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэж байсан бол энэ удаа сонгууль угтсан таамаг, Энэтхэг, Монголын цэргийн хамтарсан сургуулилт, Хятад Монголын хил дээр гарсан галын талаарх нийтлэл, мэдээллийг орчуулан хүргэж байна.
 

Монголын сөрөг хүчин сонгуульд ялах эсэх нь эргэлзээтэй
 
Ирэх зургадугаар сард болох сонгуулийн талаарх таамаг манай улсад төдийгүй дэлхий дахинаа ч өрнөөд эхэлсэн байна. Тодруулбал, “www. reuters.com” сайтын сэтгүүлч Терренсе Эдвард сонгуулийн төлөв байдлыг таамагласан утга агуулга бүхий нийтлэлийг бичсэн байв.
 
Түүний нийтлэлээс орчуулбал, “...Монголын хоёр гол сөрөг хүчний хооронд байгуулсан хамтарч сонгуульд оролцох хэлэлцээрээс буцсанаар таван жилийн өмнөх хамгийн үсрэнгүй хөгжилтэй эдийн засгийг толгойлж явсан Ардын нам зургадугаар сард болох сонгуульд ялах эсэх нь эргэлзээтэй болж эхлэв. Ардчилсан нам төр барих дөрвөн жилийн хугацаанд гадаад хөрөнгө оруулалт хийгээд эдийн засгийн өсөлт буурсан. Гэсэн ч ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд МАН ялалт байгуулж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Монгол Ардын нам засгийн эрхийг барьж байх үед буюу 2011 онд тус улсын эдийн засаг хамгийн өндөр төвшиндөө буюу 17.5 хувийн өсөлттэй гарч, дэлхийн хүчирхэг эдийн засагтай орны тоонд орж байв. 2009 онд Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөлттэй байсны нөлөөгөөр тус улсад гурван жилийн хугацаанд уул уурхайн оргил өсөлтийн үе үргэлжилсэн. Харин түүнээс хойш дотоодын уул уурхайн секторууд Рио Тинто групптай зөрчилдсөний улмаас саяхнаас л хөдөлж эхэлж байгаа. Үүнээс гадна хөршөөсөө алт, зэс, нүүрсээ импортолдог Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширсанаар хохирол амссан улсын нэг нь уул уурхайгаас хамааралтай Монгол Улс байв. 1990 оноос өмнө Монгол Улсыг нэг намын дор удирдаж байсан МАХН, МАН хамтарч сонгуульд оролцохоор хэлэлцээр хийсэн ч, үр дүн нь амжилтгүй болсон юм. МАН-аас мэдээлснээр хоёр тал суудлын тоон дээрээ харилцан зөрүүтэй байр суурьтай байсан тул санал нэгдэж чадаагүй байна. МАХН-ын хувьд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын удирдлага дор 2012 оны сонгуульд оролцож байсан юм. Гэвч Н.Энхбаяр 2012 онд авлигын хэргээр ял сонсч, улмаар дараа жил нь Ерөнхийлөгчийн зарлигын дагуу өршөөгдсөн билээ. Сант Марал сангаас явуулсан санал асуулгаар Ардын нам Ардчилсан намаас бага зэргийн саналын зөрүүтэйгээр тэргүүлж яваа. Санал асуулгад оролцогсдын 14.6 хувь нь Ардын намыг дэмжсэн байгаа бол 11.1 хувь нь Ардчилсан намыг дэмжсэн байгаа юм. Харин гурав дахь улстөрийн хүчин болох МАХН 6.8 хувийн саналаар гуравдугаарт бичигдсэн байв. Засгийн эрхийг барьж буй Ардчилсан намынхны дунд маргаан дэгдээд буй. Монголын асар том нүүрсний орд болох Тавантолгойн нүүрсний уурхайд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг хөрөнгө оруулагчдын зүгээс гаргасан хэдий ч Ардчилсан намынхан дунд уг ордтой холбоотойгоор дотоодын маргаан дэгдсэнээр гацсан. Засгийн газрын одоогийн тэргүүн Ч.Сайханбилэг 2015 онд энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Гэсэн ч сүүлийн шатны хэлэлцээр төлөвлөгдөөд байх үед УИХ-ын дарга З.Энхболд хориг тавьсан юм” хэмээжээ.
 
 
“Цайны зам” баримтат кино хийнэ


 
www.baikal-daily.ru сайтад Монгол, Хятад, Орос гурван улс хамтран “Цайны зам”- ын тухай баримтат кино хийх гэж буй тухай сайхан мэдээлэл нийтлэгджээ.
 
Энэхүү мэдээллийг монгол хэлнээ хөрвүүлбэл, “...Хятад, Монгол, Оросын телевизийн компаниуд “Цайны зам”-ын тухай цуврал баримтат киноны хамтарсан зураг авалт хийх тухай гэрээнд Хятадын нийслэл Бээжин хотод гарын үсэг зурлаа. Энэ гэрээнд гарын үсэг зурсан нь “Торгоны замын Эдийн засгийн бүс” болон “21 дүгээр зууны Далайн Торгоны зам” санаачилга хэрэгжиж буйн нэг илрэл бөгөөд уран зохиол, кино, телевизийн салбарт гурван талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн алхам боллоо гэж Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх төвийн ажилтан Хуан Жоюэй хэлсэн байна. 30 ангит цуврал киноноос гадна талууд мөн гурван кино бүтээж, "Хятадын соёлын нэвтэрхий толь"-ийг монгол хэлээр хэвлэн, Хятадын ханз, монгол бичиг болон кирилл үсгийг буулгадаг орчуулгын онлайн талбарыг /платформ/ бий болгохоор төлөвлөжээ. Цайны их зам нь Монгол, Оросын нутаг дэвсгэрээр дамжин Европт хүрдэг тэмээн жингийн зам юм. 17 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэлх хугацаанд 13 мянган км урт, ач холбогдлоороо Торгоны замын дараа хоёрдугаарт ордог худалдааны энэ замаар Хятадаас Орос болон Европ руу цай нийлүүлдэг байжээ. Цайны зам нь Монголтой хил залгаа Хиагт, Эрхүү, Новосибирск хотуудаар дамжин Москва, Санкт-Петербургт хүрдэг байв. Цайны их замыг 2016 он гэхэд Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад оруулна гэж Хятадын Соёлын өвийн хэрэг хариуцсан газар найдаж байгаа аж” гэсэн байв.
 
 
Хятад Монголын хилд гал гарчээ
 
www.theguardian.com зэрэг сайтад Хятад, Монголын хилд хээрийн түймэр гарсан тухай нийтлэгдсэн байв. Энэхүү мэдээлэлд “Хятадын талаас 50 гаруй гал сөнөөгч гарч, хээрийн түймрийг газар авхуулахгүйн тулд бүх л чадлаараа ажиллаж байгаа аж. Гал анх Монголын талд гарч, улмаар хэдхэн цагийн дотор Хятадын Өвөр Монголын хил рүү орж ирсэн байна. Түймэр хил дагуу 80 км зурваст дэгджээ. Хятадын хил дагуу гарсан хээрийн түймэр тус улсын автономит бүсийн хоёр ч засаг захиргааны нэгжийн газар нутгийг хамран тархсан хэдий ч, одоогоор хохирлын хэмжээг тооцоолох боломжгүй байгаа юм байна” хэмээн дурьдсан байв.
 
Энэтхэг, Монголын хамтарсан цэргийн сургуулилт эхлэв
 
“thediplomat.com” сайтад Энэтхэг, Монголын хамтарсан цэргийн сургуулилтын талаарх мэдээллийг онцолсон байв.
 
Үүнд “Энэтхэг, Монголын хамтарсан 11 дэх удаагийн “Нүүдэлчин заан” цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ. Энэхүү үйл ажиллагаа энэ сарын 8-нд өндөрлөх бөгөөд НҮБ-ын мандатад зааснаар хоёр орны армийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алан хядлагын эсрэг тэмцэлд хамтран оролцоход чиглэсэн ажээ. Энэтхэгийн талаас хоёр ажиглагч болон Кумаоны армийн салаа. Монголын талаас 60 хүний бүрэлдэхүүнтэй баг хээрийн сургуулилтад оролцож байгаа юм. Энэтхэгийн талынхан босогчид болон алан хядахтай тэмцэх ажиллагааны туршлагаас хуваалцах бөгөөд үүнд танхимын хичээл, үзүүлэх сургалт зэргээс гадна барилгад үзлэг хийх, хүн барьцаалагдсан нөхцөлд хэлэлцээр хийх, зам шалгах, нээх, хөдөлгөөнт хяналтын харуулын цэг гаргах, тагнуулын мэдээ цуглуулах, гараар хийсэн тэсрэх хэрэгсэлтэй тэмцэх зэрэг багтсан байна. Талууд хоёр долоо хоногийн туршид зэвсэггүй гар тулаан, тусгай ханан хаданд авирах зэрэг болон спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж туршлага солилцох ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд анх удаагаа Монголд айлчилсан. Энэ үеэр шашны өв соёл хийгээд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар ярилцсан байдаг” гэжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shuudanch 2016-05-04 15:22:52
    MAN garna. Yankuuda buu gorid.
    150.129.141.216
    Мэдэгдсэн Хариулах