Сайн рекламд саяыг хаяж, тэрбумыг ол
Энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй нь тодорхой. Бүтээгдэхүүний сурталчилгаа хэдий чинээ хүнд хүрч чадна тэр хэрээр борлуулагчтай байдаг нь зах зээлийн зарчим. Хямдрал зарласан тухай сурталчлаад хямдраагүй байсан ч тэнд худалдан авагч пиг байдаг нь сайн сурталчилгааны үр дүн. Тиймдээ ч сайн рекламд саяыг хаяж, тэрбумыг ол гэсэн хууль бизнесийн салбарт үйлчилдэг нь худлаа биш билээ.
 
Энэ сэдвийг яагаад хөндөх болов гэхээр үндэсний үйлдвэрлэгчдийн нийтэд өөрсдийгөө сурталчилж байгаа, танигдаж буй хэлбэр хангалтгүй байгаа нь ажиглагдах боллоо. Үндэсний үйлдвэрлэл манайд хөгжөөгүй биш хөгжсөн. Бид өдөр тутмын хүнснээсээ эхлээд барилгын хавтан, байшин хүртэл босгочихдог боллоо. Гэрээ өвч чимэглэх бүтээгдэхүүнийг ч бид дотооддоо үйлдвэрлэдэг.
 
Гэвч түүнийгээ олон нийтэд хүргэх, сурталчлах талаар манайхан хэтэрхий хайнга ханддаг нь нууц биш. Хэвлэл мэдээллийнхэн нийгмийн үүргээ биелүүлж, “Монголд үйлдвэрлэв”, “Баялаг бүтээгч” зэрэг булан эхлүүлж, түүндээ үндэсний хэдэн компаниудаа урьж үнэгүй шахам сурталчилдаг. Тэхдээ хэвлэл мэдээлэл ч өөрөө адилхан хувийн хэвшил. Тэр болгоныг үнэгүй сурталчлаад байх санхүүгийн чадамжтай биш учраас бүтэн жилээр дэмжиж туслахад хэцүү байдгийг нуух юун.
 
Монгол Улс Аж үйлдвэрийн яамтай болж хүнд, хөнгөн үйлдвэрээ бодлогоор дэмхиж эхэллээ. Хууль эрхзүйн орчин бүх талдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд ашигтай болж дотоодын зах зээлээс халих боломж бүрдчихсэн. Гадны зах зээлээс үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, импортын ижил төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татвар нэмэгдлээ.
 
Харамсалтай нь манай үндэсний үйлдвэрлэгчид өнөөх л төрийг хардаг, биднийг дэмжих ёстой, бид баялаг бүтээж байгаа хэсэг учраас төр дэмжих ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ нь хэвээр, бусдыг гарыг хардаг зангаа тавиагүй гэдэг нь ажиглагдах болов. Дэлхийн зах зээлд өөрсдийгөө сурталчлах талаар бүр нойл заачихсан.
 
Захын жишээ дурьдахад, энд тэндэхийн үзэсгэлэн худалдаанд очиход үндэсний үйлдвэрлэгчид бэрхшээл зовлонгоо тоочно оо. Манайх сэндвичин хавтан хийгээд эхэлчихлээ. Гэхдээ дотор нь дулаан алдуулахгүй байх шилэн хөвөнгийн хэрэгцээ байна. Түүнийг хаанаас олохоо мэдэхгүй байна, худалдан авагч алга хэмээн ярьж байх аж. Гэтэл нөгөө талд өөр нэг үйлдвэрлэгч манайх дулаан алдахгүй эсгий хийчихлээ. Гэтэл үүнийгээ зарах зах зээл алга хэмээн учирлаж суух жишээний.
 
Ухаандаа сурталчилгаагаа сайн хийгээд, бид энд ийм зүйл үйлдвэрлээд байна гэдгээ сурталчлаад олон нийтэд таниулчихдаг бол дулаанаа алдахгүй эсгий, сэндвичин хавтан хоёр нийлээд л үйлдвэрийн зориулалттай байшин барилгын материал гаднаас авахгүй хэмжээнд болгочихож байгаа юм.
 
Өөр нэгэн жишээ дурьдая. Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд Чингис бондыг гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү бондын мөнгөөр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, олон ч үйлдвэр хөл дээрээ боссон. Гутлын, гал тогооны, мод модон эдлэлийн үйлдвэр гэх мэтээр чамгүй урт жагсаалт үүснэ. Ганц нэгхэн эрсдэлтэй зээлдэгч байсныг эс тооцвол бондын мөнгөөр санхүүжилтээ босгосон үйлдвэрүүд одоо зах зээлд хөлөө олчихсон. Хэрвээ тэд сэргэлэн овсгоотой ажилладаг бол нэг нэгнээ дэмжиж, холбогдож ажиллахад болохгүй гэх газаргүй юм. Гутлын үйлдвэр нь бусад үйлдвэрийн ажилчдынхаа гутлыг хийчихдэг. Ноосны үйлдвэр нь хивсний үйлдвэртээ бүтээгдэхүүнээ нийлүүлчихдэг, гал тогооны бүтээгдэхүүний модыг мод модон эдлэлийн үйлдвэр нийлүүлчихдэг бол гаднаас мод авч, ноосны эрэлт хатахын шаардлагагүй юм.

Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид маань өөрсдийгөө сурталчилж, тэр хэрээрээ довоо шарлуулах үзлээр биш дотоодын өөр нэг үйлдвэрлэгчээ дэмжих гэсэн сэтгэлээр ажиллахад гэмгүй болжээ. Алийн болгон төрийн гарыг харж, бид л үйлдвэрлэгч гэсэн сэтгэлтэй явах билээ. Реклам сурталчилгаагаа сайн хийж, нэг нэгнээ дэмжээд ажиллачихдаг бол олон мянган үндэсний үйлдвэрлэгчид дорхноо л хөл дээрээ босчих билээ. Бүтээгдэхүүнээ сайн л рекламд, олонд өөрийгөө таниул. Тэр хэрээр худалдан авагч ирж л таараа.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.