Голомт банкны нэрэмжит “Оюутны ЭШ-ний бага хурал”-д шалгаран үлдсэн шилдэг илтгэлүүдээс толилуулж байна
Голомт банкны хамт оюутан залуусаа дэмжих, амжилттай суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад анх удаа  оюутанд зориулсан багц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үүний нэгээхэн хэсэг болсон Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” энэ жил 15 дахь удаагаа зарлагдаж,  ШУТИС, МУИС, СЭЗДС зэрэг сургуулийн 173 оюутны 109 бүтээл ирснээс сүүлчийн шалгаруулалтад 24 оюутны 16 илтгэл шалгаран үлдсэн бөгөөд шилдгүүд 2016.05.06-нд тодрох юм. Ингээд оюунлаг залуусын шинэ санаачилгын дээжээс толилуулъя.  
 
Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухааны сургууль, Эдийн засгийн тэнхим
Л.Амарбаясгалан, Д.Батдалай

 
АРИЛЖААНЫ БАНКНЫ СИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЭКОНОМЕТРИК ҮНЭЛГЭЭ /хураангуй/
 
Тус судалгааны ажлаар банкны системийн тогтвортой байдлыг нөлөө бүхий тайлбарлагч хувьсагчдаар хэмжиж, Монголын арилжааны банкны төлөв байдлыг нийт системийн хүрээнд авч үзэхээс гадна орон нутгийн түвшинд банкны тогтвортой байдлыг ялган авч харуулах зорилготой юм.
Орон нутгийн банкны салбарын тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг гол компонетын аргаар үнэлэхэд, нийт актив, салбарын тоо, хадгаламж эзэмшигчдийн тоо зэрэг салбарын санхүүгийн чадамжийг илэрхийлсэн гол компонент болон хүн амын нягтаршил, нэг салбарт ногдох газар нутгийн хэмжээ зэрэг хүн ам зүйн талын хүчин зүйлсийг төлөөлсөн гол компонент тус бүр тогтвортой байдалд нөлөөтэй гарсан.
Мөн орон нутаг дахь банкны салбарын хөгжлийн зураглалыг Кластерын шинжилгээ ашиглан байгуулахад ялгаатай 3 бүсчилт гарсан. Иймд орон нутаг дахь банкны салбарын хөгжлийг уламжлалт 4 бүсчлэл (Баруун, Зүүн, Төв, Хангай)-ээр авч үзэх нь зохимжгүй бөгөөд энэ бүсчлэлээр банкны хөгжлийн бодлогыг төлөвлөх нь үндэслэлгүй юм. Харин банкны нийт системийн эрсдэлийг VEСM загвараар үнэлэхэд нийт эрсдэлийн 10.7% -г ам долларын ханшийн хэлбэлзэл, 3.8%-г инфляцийн түвшин, 2.8%-г мөнгөний нийлүүлэлт, үлдсэн 83%-ийг чанаргүй зээлийн хэмжээ тус тус бүрдүүлж байна.
Кластер шинжилгээ:


 
Орон нутаг дахь банкны салбарын тогтвортой байдлын кластерын шинжилгээний үр дүнд 21 аймаг 3 кластерт хуваарилагдсан. Иймээс банкны салбарын орон нутаг дахь зах зээлийг хөгжүүлэх ялгавартай бодлогыг гурван өөр сегментээр авч үзэх нь статистикийн хувьд үндэслэл бүхий зураглал болно гэж үзэж байна.
Кластер 2-т багтсан Булган, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын хадгаламжийн эрэлт буурах нь тогтворгүй байдалд нөлөөлж байгаа учир найдвартай эх үүсвэр татах санхүүгийн зуучлалын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Муу зээлийн хэмжээ дунджаасаа дээгүүр түвшинд очиход Архангай, Төв, Баянхонгор, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод гэсэн Кластер 1-т багтсан аймгууд эрсдэл өндөртэй байх тул зээлийн гэрээ байгуулах нөхцөл, журмаа хатуу барих тал дээр анхаарах хэрэгтэй байгааг энэхүү судалгаагаар тогтоогдсон болно.
 
Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг илтгэлийн эзэдтэй ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.




 Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?
А: Намайг Д.Батдалай гэдэг. Л.Амарбаясгалан бид хоёр МУИС-ийн эдийн засаг, статистикийн төгсөх курсын оюутнууд.  
-           Та бүхэн арилжааны банкны системийн тогтвортой байдлын эконометрик үнэлгээ гэдэг сэдвийг яагаад сонгох болсон бэ?
А: Монгол Улсын санхүүгийн систем нь банк төвтэй, нэг төрлийн төвлөрсөн санхүүгийн зуучлагчийн системээр явж байна гэж хэлж болох юм. Учир нь 2015 оны 4-р улирлын байдлаар санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 97 орчим хувийг банкны салбар дангаараа бүрдүүлж байна. Иймээс банкны салбарыг нэг бүхэл систем болгож загварчлан, тогтвортой байдлын үнэлгээ хийх нь ач холбогдолтой юм.
-           Эконометрик үнэлгээ гэж яг юуг хэлээд байна вэ?
Б: Эконометрик нь эдийн засгийн ухааны судалгааны гол арга хэрэгсэл болдог. Ерөнхийдөө математик статистикийн аргыг ашиглаж нийгэм, эдийн засгийн үзэгдлийг загварчилж, бодит байдлыг хамгийн сайн тайлбарлаж чадах тодорхой шалгууруудыг хангасан аргачлал юм. Тиймээс энэ талаар цогц мэдлэгтэй байснаар нийгэм, эдийн засгийн болоод тодорхой эрсдэлийг урьдчилан таамаглаж, бодлого боловсруулалтад ашиглах бүрэн боломжтой.
-           Манай улсын хувьд энэ үнэлгээг хэрхэн хийж ирсэн бэ? Алдаа, оноо талаас нь дүгнэвэл?
А: Монгол Улсад хийгдсэн банкны тогтвортой байдлын чиглэлээр хийсэн судалгаануудыг харахад ихэвчлэн банкны өрсөлдөөн, дампууралтай холбож судалсан байдаг. Гэхдээ энэ үнэлгээний арга харьцангуй хурдацтай хөгжиж байна. Эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа оюутнууд энэ үнэлгээг судалгаандаа ихэд ашигласан байсан. Мөн сургуулиудад цогц хичээл орж, тусгай бие даасан тэнхим хүртэл байгуулагдаж байгаа нь үүний тод жишээ юм.
 -          Арилжааны банкууд эконометрик үнэлгээг та бүхний санал болгож буйгаар хийдэг болсноор ямар ашиг тустай вэ?
Б: Судалгааны  үр дүнгээс дэвшүүлсэн санал маань бидний анхны судалгааны зорилготой уялдаатай гарсан. Банкны нийт системийн хүрээнд чанаргүй зээлийн хэтрэлт тогтворгүй байдлыг хамгийн ихээр үүсгэж байсан бол, орон нутгийн банкны үйл ажиллагаанд тухайн аймгийн хөрөнгийн төвлөрөл, санхүүгийн чадамж, хүн ам зүйн хүчин зүйлс нөлөөтэй гарсан. Иймээс банкууд чанаргүй зээлд тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хүргэж байна.
-           Дэлхийн бусад улс орны хувьд энэ үнэлгээг хэрхэн хийдэг вэ? Шилдэг туршлагаас нь хуваалцвал?
Б: Европын холбоо, АНУ, ОХУ зэрэг улсад банкны салбарын хүртээмжтэй жигд, тогтвортой байдлыг бүс нутгийн хэмжээнд ханган ажиллахыг зорьдог. Манай улсын  хувьд дээрх улсуудтай адил өргөн уудам газар нутагтай, аймгууд дахь банкны үзүүлэлт,  хүн ам нийгмийн орчин ялгаатай учраас бүс нутгийн ялгавартай бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр банкны систем бүхэлдээ тогтвортой байхад ач холбогдолтой гэж бодож байна.
-           Та бүхний судалгаа бодит амьдралд хэрэгжих ямар боломжтой вэ?
А: Манай судалгааны нэг шинэлэг тал нь банкны нийт системээс орон нутаг дахь банкны салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг ялган авч үнэлгээ хийсэн. Эндээс орон нутгийн банкны зах зээлийг аймгуудын хувьд 15 үзүүлэлтээр Кластерийн шинжилгээ хийж үзэхэд 21 аймаг гурван кластерт хуваагдсан бөгөөд банкууд орон нутаг дахь зээл, хөрөнгө оруулалтын хөгжлийн ялгаатай бодлогыг эдгээр гурван кластериар хэрэгжүүлэх нь зохимжтой гэж үзэж байгаа.  
-           Та бүхний цаашдын зорилго тань юу вэ?
А: Сургуулиа амжилттай төгсөөд, мэргэжлийнхээ дагуу ажиллаж, суурь мэдлэгээ өргөжүүлэн хөгжүүлж, туршлага хуримтлуулан Мэдээлэлд суурилсан өнөө үетэйгээ хөл нийлүүлэн алхана гэж боддог.
Б: Миний хувьд сургуулиа амжилттай төгсөөд цаашдаа санхүүгийн байгууллагад ажиллах сонирхолтой. Ирээдүйд өөрийн олж авсан бага ч гэсэн мэдлэг, туршлагаараа Монгол Улсынхаа мэдлэгт суурилсан хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог.
 
Бусдад түгээх
  • gplus