Эрүүгийн байцаан шийтгэх, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудыг ахмад хурандаа нар эсэргүүцэв
УИХ-ын  чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн  Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн найруулж Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудын талаар цэрэг, цагдаагийн  байгууллагын ахмад хурандаа нар байр сууриа илэрхийллээ. 

Тэд уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх ажилд холбогдох зохицуулалтыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх , мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг тусгах ёстой энэхүү заалт ноцтой зөрчигдсөн гэлээ.Түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй үед ийм чухал хуулийг эзгүй гишүүдийн кнопыг ашиглан баталж, байгаа байдал нь Монгол Улсын Үндсэн Хууль болон УИХ-ын Хууль тогтоох эрх мэдэлд халдсан халдлага хэмээн дүгнэж буйгаа ч мөн энэ үеэр хэллээ. УИХ-ын ХЗБХ-ны ажлын хэсгээс Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцээгүй, гүйцэтгэх ажилтай холбоотой бүлэг хэсэг шинээр нэмсэн нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд харшлах ноцтой үр дагавартай болохыг тэд мөн онцолсон юм.  Энэ хуулийн талаар хурандаа нар дараах зүйлийг ярьсан юм.

Цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Буманнамжид: Аливаа улс орон төрийн байгуулалтаасаа үл хамааран өөрийн улс үндэстний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагуудтай байдаг ба тэднийгээ ерөнхийд нь тусгай алба гэж нэрлэдэг. Тусгай албадын үйл ажиллагаа нь голдуу гүйцэтгэх ажлын арга хэмжээн дээрээ түшиглэж явагддаг онцлогтой байдаг ба түүний үйл ажиллагаатай нь холбоотой бүх зүйлс төрийн нууцын зэрэглэлд хамаардаг нэгдсэн дэлхий нийтийн жишиг байдаг. Энэ дагуу л Монгол улсын тусгай албадын үйл ажиллагаа явагддаг тогтсон шалгагдсан системтэй өөрийн гэсэн онцлог дэг жаягтай байдаг.

Тусгаар тогтносон улс байгаа бол өөрийн гэсэн тусгай албад байх л ёстой, тусгай албадын үйл ажиллагаа нууц, далд байдаг нь дэлхий нийтийн тогтсон жишиг. Тусгай албадын үйл ажиллагаа үндэстний төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад л чиглэгддэг. Гадаад, дотоодын дайсантай тэмцэх гэж л тусгай албад байдаг, тусгай албадын үйл ажиллагаа бүх улс оронд төрийн онцгой нууцад хамаардаг улс үндэстний нүд, чих болж байдаг байгууллага юм. Гэтэл уг хуулиар тусгай албадын үйл ажиллагааг хэт ил тод болгож байгааг эсэргүүцэж байна.

Бэлтгэл хурандаа Х.Загдрагчаа: Тусгай албадын үйл ажиллагааг хянах эрхийг улс төрийн албан тушаалтан, төрийн нууц хадгалах үүрэг хүлээгээгүй шүүгч-энгийн иргэнд өгнө гэдэг нь байж болохгүй зүйл. Үүний цаана тусгай албадын үйл ажиллагааны онцлогтой холбоотой нууцлалыг чанд хадгалах горим, дэглэм эвдрэх улмаар албаны нууц, төрийн нууц задрах, үйл ажиллагаа нь алдагдах гэх мэт өөр олон том эрсдэл дагуулж байдаг.Онц ноцтой, зохион байгуулалттай, авлига албан тушаалын гэмт, хэргүүд болон тагнуул туршуултай холбоотой хэргийг илрүүлж нотлохын тулд нууц далд, гүйцэтгэх ажлын арга хэмжээгээр  илрүүлж, нотолж, тогтоодог ба түүнийг гүйцэтгэх ажил хэмээн албан ёсоор нэрлэдэг. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээлэл,  баримтыг нотлох баримтат тооцохгүй гэж хуульчлах нь гүйцэтгэх  ажил хийлгэхгүй  ба дээрх төрлийн  гэмт хэргүүдтэй Монгол улс тэмцэхгүй гэж албан ёсоор хуульчилсантай адил юм. Энэ нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хор учруулж буй гэмт хэрэг.

Мөн гүйцэтгэх ажлын үе шат бүрийг прокурор хянах нэрийн дор төрийн нууц задрах, мэдээллийн нууц алдагдах  өндөр эрсдэлийг бий болгох нт гүйцэтгэх ажлын чанар, үр нөлөөг эрс бууруулж ач, холбогдлыг нь алдагдуулна. Гүйцэтгэх ажлын архивын мэдээ, мэдээлэлд  чөлөөтэй нэвтэрч үзэх боломжийг хуулиар прокурорын байгууллагад олгосноор төрийн нууц задрах, тухайн ажиллагаанд оролцсон тусгай албадын ажилтан, мэдээлэгчийн нууц алдагдах, хувь хүний болон гэр бүлийн гишүүдийн нэр төр, амь насанд аюул занал учруулах эсрдэлийг бий болгох гэх мэт олон сөрөг үр дагаврууд бий болгох эрсдэлтэй байдаг.

Түүнчлэн хэвлэлийн бага хуралд оролцсон бусад хурандаа нар дээрх хуулийн төслүүдэд  эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг огт тусгаагүйд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Уг хууль энэ чигээрээ батлагдан гарваль Монгол улсын цагдаа, тагнуулын байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орох болно.  Авлигачдад Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй болно. Тиймээс уг хуульд Монгол Улсын  Ерөнхийлөгч хориг тавин ёстой гэв. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.