Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнуудын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт томилолтоор ажиллахдаа мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв. 

Ингэхдээ тэдгээр албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулган хянаж жагсаалтыг гаргасан байна. 

Замын-Үүд дэх Гаалийн газрын мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны 2014, 2015 оны 318 мэдүүлгийг Гаалийн ерөнхий газраас татан авч хянан шалгахад хөрөнгө, орлого, орон сууц, газар, зээл буюу их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан 35 албан тушаалтны 2015, 2016 оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай болжээ. Тус Гаалийн газрын Удирдлагын зөвлөл 2015 онд 19 удаа хуралдаж, давхардсан тоогоор 45 асуудал хэлэлцсэн байхад тухайн хуралд оролцсон удирдах ажилтнуудаас нэг ч мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. 

Тус газрын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхдээ хамаарал бүхий этгээдийг дутуу бичих, орлого, урамшуулал, банкны хадгаламжийн хүүг мэдүүлээгүй, хөрөнгө, зээл, авлагын талаар мэдүүлээгүй, эх үүсвэрээ бүрэн гүйцэд тайлбарлаагүй зэрэг зөрчлийг түгээмэл гаргасан байв. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажиллаж байгаа буюу Удирдлагын зөвлөлийн хуралд оролцон асуудал шийдвэрлэж буй албан тушаалтнууд мэдэгдэл, тайлбар гарган ажиллах шаардлагатайг ажлын хэсгийнхэн зөвлөлөө. 

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.