Улсаа хамгаалж ирсэн
УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль мажоратори тогтолцоо буюу хүнийг шууд сонгох Үндсэн хуулийн агуулгын хүрээнд явагдах нь тодорхой боллоо. Сонгууль болохоос бараг сарын гаруйн өмнө Цэцийн шийдвэрээр намын жагсаалтаар сонгогддог явдал үгүй болж, нэр дэвшихийг горилогчид хуульд ямар өөрчлөлт оруулахыг хүлээзнэсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид тухайн тойрогт нэр дэвшигчдийг "имэрч" барьж үзэж байж сонгох боломж бүрдлээ гэсэн үг.

Одоогийн байдлаар намууд гурван хувилбар дээр төвлөрч ярьж байна. Парламентад суудалтай улс төрийн намуудын дунд яригдаж буй энэ гурван хувилбараас алиныг нь сонгохоос эл сонгуулийн хувь заяа хамаарах юм. Тухайлбал, эхнийх нь 20:8 буюу хөдөөгийн сонгуулийн 20 тойрогт нэг нэг мандат нэмж, нийслэлийн зургаан тойргоос хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр хоёр, бусдад нь нэг мандат "амсуулах" хувилбар. Нөгөө нь намын жагсаалтын 28-ыг хот, хөдөөд тэнцүү буюу 14:14-өөр нь хувааж хуваарилах хувилбар юм. Гурав дахь хувилбар нь 16:12 буюу хөдөөд 16, хотод 12 мандат нэмэх санал юм байна. Ингэхдээ жижиг, том мажораторийн аль хувилбараар нь сонгууль явуулахыг УИХ шийднэ. Жижиг 76-гаар сонгууль явбал нэг намаас нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөж тэмцэлдээд байхгүй давуу талтай. Өрсөлдөөн зөвхөн намуудын хооронд явагддаг болохоор энэ хувилбар руу намууд "хошуурч" буй бололтой.

Сонгуулийн мандатыг хаана хэрхэн хуваарилах талаар улстөрчдийн байр сууриас үзвэл МАН-ынхан хөдөөд түлхүү хуваарилах байр суурьтай байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 20:8 гэсэн хувилбар нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой бөгөөд хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан сонгуулийн мандатын тоог тогтоох Үндсэн хуульд заалттай нийцэх ёстойг онцолж байгаа. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Монгол Улс зөвхөн хүм амаас гадна, нутаг дэвсгэрээс бүрддэг. Монгол Улсын сум, багийн иргэд бол аюулгүй байдлын баталгаа юм. Тэр утгаараа мандатыг хөдөө арай илүү өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Харин АН-ынхан хотын мандатын тоог илүү нэмэгдүүлэх байр суурь баримталж буй. Хотоос илүү санал "зулгаах" горьдлого тээж буй учраас тэд мандатын тоог нь ахиу нэмэх санаархлаа сонгуулийн шинэ хуультай зэрэгцүүлэн тавиад бараагүй. Энэ саналаа нийслэлд улсын хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч байгаатай холбон тайлбарласаар ирсэн.

Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоовол Үндсэн хууль зөрчинө. Энэ үүднээс нь авч үзвэл хөдөө, орон нутаг, хил хязгаарт амьдарч ирсэн ард иргэд бол улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн "хилчид" бөгөөд тэдний төлөөллийг нэмэгдүүлэх ёстой гэдэг талаас нь тайлбарлаж байгаа МАН-ын байр суурь зөв харагдаж байна.

Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Тэгэхээр аль болох хөдөөгийн ард иргэдийн төлөөллийг УИХ-д нэмэгдүүлэх ёстойг энэхүү тоо баримт харуулж байна.  Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь буюу нийслэлээс УИХ-ын гишүүд "бөөндөж" сонгогдвол зөвхөн нийслэлийн асуудал тойрч ярьдаг олон гишүүнтэй болно. Бүх зүйл нийслэлд төвлөрнө. Хөдөө нутаг эзгүйрч, нийслэл хот бараадсан их нүүдэл ч улам ихэснэ. Нийслэлийн хүн амын нягтралыг дагаад утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг тулгамдсан олон асуудал бий болно гээд тоочвол сөрөг үр дагавар ихтэй. Тиймээс аль болох улсын хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалан суугаа хөдөөгийн ард иргэдийнхээ төлөөллийг УИХ-д нэмэгдүүлэх, дуу хоолойг нь төр засагт хүргэхэд хууль тогтоогчид анхаарах биз ээ.
 
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Асуулт 2016-04-29 09:35:26
    За бас нэг сайн дурын уран сайханч хилийн цэргийн хурандааг их хуралд оруулж ирэх нүү