Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны 7 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

Мөн дугаарт,  Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг батлах тухай Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтлэв.

Энгийн гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын стандартад нийцсэн байх бөгөөд паспортын чипинд тухайн иргэний мэдээлэл, биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ), зургийг агуулсан байхаар мөн энгийн гадаад паспорт дахь эцэг (эх)-ийн нэр, нэр, регистрийн дугаарын кирилл үсгийг латин үсгээр хөрвүүлэхдээ Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан “Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэл” үндэсний стандартыг баримталахаар  уг журамд тусгагдсан байна.          

Түүнээс гадна энгийн гадаад паспорт 5, 10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх, энгийн гадаад паспортыг 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгох, Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болох ажээ.

Журамд, энгийн гадаад паспортыг ямар байгууллага олгох, түүнийг авахад ямар баримт бичиг бүрдүүлэх, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхийг хэрхэн олгох зэрэг асуудлыг журамласан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Сонгуулийн тухай хуулийн зарим заалт,  хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...”  гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

Мөн  Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.