Хэн юу хэлэв
Р.Бурмаа: Салбарын нэр барьж хэдхэн хүн дарамтлах гэж оролдож байна

-Хүнс хөдөө аж ахуйн яам, Газар тариалан эрхлэгчдийн дунд үл ойлголцол үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Төрөөс өгдөг тэтгэмжээ голсон тариалан эрхлэгчид өнгөрсөн долоо хоногт салбарынхаа сайдтай уулзахаар ирсэн ч Р.Бурмаа сайд уулзахаас татгалзаж зугтсан гэх мэдээлэл ч гараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар Р.Бурмаа сайд хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, “Арилжааны банкнаас зээл авахад хугацаа их шаардаж байна гэдэг гомдол санал тариаланчдаас их ирдэг. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар буюу энэ сарын 21-нд “Монголын тариалан корпораци” байгуулахаар шийдвэрлэж тогтоолоо ч баталгаажууллаа. Корпорациа хуулийн этгээдээр буртгүүлж, татвар гаальд бүртгүүлэхээр ажиллаж байна. Энэ бол төрийн өмчит корпораци. Сангийн яам, ХХААЯ-наас үйл ажиллагаанд нь хяналт тавина. Гэтэл тариаланчдын нэр барьсан хэдэн хүн ХХААЯ-нд ирж хууль бус шаардлага тавин дарамтлахыг оролдож байна. “Газар тариалан” холбооныхон жил гаруйн хугацаанд худал мэдээлэл хийсэн. Харин бид салбараа тогтвортой ажиллуулж, хөгжүүлэхийн төлөө олон саад бэрхшээлийг даван ажиллаж байна. Ер нь сайдад нөлөөлж, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч доромжилдгоо зогсоох хэрэгтэй. Намайг сайдаар ажиллаж байхад ингэхийг би зөвшөөрөхгүй. Тариаланчдын нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хазаарлуулахгүй. “Газар тариалан” холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авсан.
Энд хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн бий. Тийм учраас тэднийг одоо зээлд хамруулахгүйгээ ил тод хэлсэн. Тухайлбал, Гацуурт”-ын Л.Чинбат гурван тэрбумын өртэй, зээлээ төлөхгүй байж эргээд дарамтлах оролдлого хийж байна" хэмээн ярьжээ.
 
Ц.Нямдорж: Монголд шударга ёс өнчирч байна
 
-УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн news.mn сайтын сэтгүүлч Ж.Нямсүрэнд өгсөн “Үнэн ганцаардаж, Шударга ёс өнчирч байна даа” гэсэн гарчигтай ярилцлага өнгөрөгч долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Хэзээний л шударга шулуухан ярьж орхидог эрхэм гишүүний улс төрд өнөөдөр үүсээд буй эргэлзээтэй, эс бөгөөс анхаарал татсан асуудлаар өгсөн ярилцлага тэр хэрээрээ анхаарал татлаа. Эрхэм гишүүн МАХН-тай нэгдэх эвсэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ер нь Н.Энхбаяртай юм ярьж хэрэггүй байдаг юм. Үндсэн санааг нь шууд унших хэрэгтэй. Юм яривал хариултаа хэлэхгүй тойруулаад хуураад байдаг үндсэн “натур”-тай хүн. Энэ талаар дахиад яриад хэрэггүй биз” хэмээн ярьжээ.
 
Мөн өдгөө олны анхаарлын төвд буй пропорциоаналь тогтолдоо Үндсэн хуулийн зарим зүйл заалттай зөрчилж байна гэсэн Цэцийн дүгнэлтийн талаар “Пропорциональ систем чинь Үндсэн хуулийн зөрчил гэдэг нь анхнаасаа илт байсан. Үндсэн хуулийн заалтад ямарч өөрчлөлт ороогүй байхад таван удаа мажиратор сонгууль хийчихээд зургаа дахийг нь холимог болгож, пропорциональ элемент оруулчихсан. Арван хоёр онд болон сая Сонгуулийн хуулийг батлахад би оролцоогүй. Үүнийг эсэргүүцээд хууль батлалцах процесст нь оролцоогүй юм. Пропорциональ систем Үндсэн хууль зөрчсөн гэж ярьдаг хүн манай намын бүлэгт надаас өөр байгаа эсэхийг мэдэхгүй. 2012 онд Сонгуулийн хуулийг өөрчилж, холимог системээр явуулах, мөн хар машинаар санал тоолох шийдвэр гаргахад манай бүлэг 45 суудалтай байсан. Бас сонгууль тулчихсан байхад нийслэлийн Сонгуулийн хууль баталж, Ардчилсан намд том бэлэг барьсан нь маргашгүй үнэн. Монголд үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байна даа. Төрийн шийдвэр, ардын санаа хоёр их хол зөрж байна. Жишээ нь, хүн дайрч алсан этгээд “Анхаар, шударга ёс явж байна” гэсэн лоозон барьчихаад хөдөө орон нутагт хуульчид, шүүгчидтэй уулзалт хийж тавлаад явж байна. Ингээд байхлаар чинь энэ төрд хэн итгэх юм” хэмээн хатуухан шүүмжлэл хэлээд авчээ.
 
 Ч.Улаан: Би өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн
 
-Пропорциональ систем Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарсны дараа МАХН-ын гшпуүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарна гэх мэдээлэл гарч эхлэв. Тэгвэл УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан энэ талаар тайлбар өгчээ.
 
Тэрбээр, “Би тэгж шалихгүй асуудлаар гомдоллож, улиглаад явдаг хүн биш. Өөрийн байр сууриа хэний ч өмнө, хэзээ ч хэлчихнэ. Тийм дэл сул яриа бол таавар төдий зүйл. Ирээдүйд болох зүйлийг битгий хэл, өнгөрсөнд болсон зүйлийг ч ойлгохгүй байх үе хүний амьдралд байдаг юм. Би өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн. Тэгэхээр манай хоёр намыг тэс өөр намууд гэж ойлгоод байдаг. Гэтэл нэг том мөрөн гол байхгүй юу. MAH, МАХН чинь нэг мөрөн голын хоёр нэр юм. Том мөрөн юм бол холыг зорих замдаа саад бэрхшээл тулгарна шүү дээ. Одоо бол тодорхой хэмжээний саад тулгарсан учраас хоёр салаалчихаад байна гэж хэлж болно. Цаашид урсгалаараа нийлнэ. Хоёр, гурав хоногийн өмнөөс тийм мэдээлэл гараад байна. Хэн гаргаад байгааг нь мэдэхгүй, би өөрөө бас гайхаад байж байна. МАХН-аас гарах талаар ямар нэгэн өргөдөл өгөөгүй. МАН-д элсэх асуудал ч байхгүй. Өөрөө ч мэдээгүй байж байгаад өөр намд элсэнэ гэж байхгүй шүү дээ” гэсэн хариулт өгчээ.
 
Мөн эвслийн бүлгийнхээ үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдгаа ч энэ үеэр хэлсэн байна. Ч.Улаан гишүүн “Шударга ёс” эвсэл төгс биш зохион байгуулалттай. Яагаад гэхээр эвслийн бүлгийг удирдан зохион байгуулдаг удирдах зөвлөл гэж байдаг. Гэтэл эвслийн удирдах зөвлөл дөрвөн жилийн хугацаанд огт ажил хийгээгүй. Яагаад гэвэл анхнаасаа буруу зарчмаар
буюу 30:70 гэдэг зарчмаар байгуулчихсан. Тэгэхээр 30 хувийн бүрэлдэхүүнтэй хүмүүс нь орж ирээд цөөнх болно биз дээ. Тэгш харилцаа байхгүй. Ингээд бүлгийг намууд өөр, өөрсдөө удирдан чиглүүлэх гэж оролдсон. Үүнээс болж нэгдмэл байж чадаагүй. Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог гурав гарсан. Булгийн даргыг нэн даруй томилох хэрэгтэй. Гурван давхар дээлтэй бүлгийн даргатай хэцүү байна” хэмээн ярьсан байна.
 
Н.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд мэдлэг боловсролоо жаахан дээшлүүллээ
 
-МАХН-ын Бага хурал өнгөрөгч лхагва гарагт хуралдаж, шат шатны сонгуульд дангаараа оролдох шийдвэр гаргасан билээ. Тэд МАН-тай эвсч орох гэсэн ч бүтэлгүйтэж, улмаар ИЗНН-тай ярилцсан ч мөн л гурван даргын хоёр нь эсэргүүцэж, хамт эвсэл болж байсан МҮАН нь мөн эвсэхээс татгалзсан учраас дангаараа сонгуульд орно гэдгээ мэдэгдэв. Мөн намын дарга Н.Энхбаярын хувьд энэ удаагийн сонгуульд оролцох эсэх болон өөрийг нь ялтай эсэх талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад “Намайг ялтай, ялгүй гэж ярьж байгаа. Гэхдээ яриад байх зүйл байхгүй. Би ялгүй. 2009 оны Өршөөлийн хуулиар надад хүчээр тулган, хэлмэгдүүлж байсан 263 гэдэг зүйл өршөөлд хамрагдсан. Тиймээс ялтайд тооцох асуудал байхгүй. 2015 оны Өршөөлийн хуулиар надад тулгаж байсан 150.3 гэдэг зүйл хамрагдсан учраас ялтай байдал өршөөгдсөн. Гэтэл үүнийг улстөржүүлээд, Н.Энхбаяраас айгаад сонгуульд оруулахгүй гэсэн атгаг санаа өвөрлөсөн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг хиймлээр бий болгож, эргэлзээ төрүүлж, сонгуульд оролцуулахгүй байгаа хүслээ биелүүлэх гэж зүтгэж байгаа.
 
Гэхдээ энэ сонгууль Н.Энхбаяргүй болвол ардчилсан биш сонгууль болно. Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй. Гэхдээ зохиомол хэрэг үүсгэж, сонгууль болохоос өмнө шийдвэр гаргах гэж улайрч байгаа. Утгагүй асуудлуудыг над дээр тулгаж, айлган сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа. 2012 онд миний мэдлэг боловсрол УИХ-ын гишүүнээр ажиллахад хурэхгүй гэсэн үндэслэлээр намайг сонгуулиас хассан. Энэ хугацаанд би мэдлэгээ жаахан дээшлүүлсэн” гэв.

Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ggg 2016-05-02 05:42:36
    Gahai bolimoor yum
  • ах 2016-05-02 05:38:33
    Нямдорж бод шударга үг хэлдэг шударга биш хүн Энхбаяр бол хэзээч боловсоролтой байгаагүй хэзээч боловсорол олж авч чадахгүй хүн
  • иргэн 2016-04-29 22:22:35
    Нямдорж гишүүн үзэлдээ үнэн ч байсан бол намын жагсаалтанд орж, УИХ-ын гишүүн болох хэрэггүй л байж дээ. Жагсаалтаар гишүүн болсон шиг санагдах юм.
  • Аанаа 2016-04-29 15:45:58
    Улс төрийн тэнэг малууд