Ирцгүй парламент
УИХ-ын чуулганы тамхимд гишүүдийг гуйж, залж авчирдаг болов. Сандал ширээ, сайд дарга нарын тухай л биш бол гишүүд ирдэггүй. Тэд 76-уулаа. Гэвч 10 хүрэхгүй гишүүн чуулганы танхимд суугаад хууль хэлэлцэж байвал гайхах хэрэггүй. Тэд цөөхүүлээ суугаад сурчихсан. Ирцээ өгчихөөд л гараад явчихна, хэвшил болчихсон. Байнгын хороо ч  ирцгүй. Дөрвөн хүнтэй байнгын хороо хуралдаж л байдаг. Өнөөдрийг хүртэл УИХ-ын чуулганы танхимд 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ суугаад хууль баталж, шийдвэр гаргаж байсан нь өдрийн од шиг. Хурал товлосон цагтаа ч эхэлж байсан түүхгүй. УИХ-ын эрхэм гишүүд ажлаа тасалдаг муу зантай. Тэд ийм хүмүүжилтэй, ёс суртахуунтай.
Энэ парламентийн хувь заяа анхнаасай ээдрээтэй, элдэв асуудлаар дүүрэн байв. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа анхдугаар чуулганаа Л.Цогоор  удирдуулан УИХ-ын даргаа сонгосноос үүдэлтэй маргаан хэсэгтээ дэгдсэн…

Үндсэн хуульд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагаа явуулна. Гаргасан хуульдаа хяналт тавина. Хэрэгжилт гишүүдээр дамжин хэрэгжинэ” гээд заачихсан. Тэгвэл “Тэд үндсэн хуулиа зөрчиж байна” гэчихвэл хэтрүүлэг болохгүй. Хуралдаандаа ч суугаагүй хүн хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэдэг домог биз дээ. Иймээс тэд хууль зөрчигчид. Дээрээс нь тэднийг хуулийн зөрчилтэй парламент гэдгийг Цэц баталсан. Цэцийн шийдвэрээр 76 гишүүний 28 нь Үндсэн хуулийн зөрчилтэй. Бодит байдал ийм.

Өнгөрсөн лхагва, пүрэв гарагийн чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэх гэж УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж нар ёстой л эр хүний арван гурван мэхээ шавхаж суугаа харагдсан. Гуйж, нэрсийг нь зарлаж янз янзын л арга хэрэглэж суугаа харагдсан.

Лхагва гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдааныг завсарлуулсан.
Ингэхдээ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагт эхлүүлэхээр болов. Гэвч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 15.20 цагийн орчимд үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэлсэн юм.  Бүтэн өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хэлэлцүүлгийг арайхийж дуусгав.

Энэ байдал пүрэв гарагт ч давтагдав. Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах болсон ч гишүүд гарч явсаар санал хураах боломжгүй болов.

Чуулган эхлэхэд АН-ын бүлгээс 22 нь, МАН-ын бүлгээс 22 , “Шударга ёс” эвслийн бүлгээс гурван гишүүн, Иргэний зориг ногоон намаас нэг, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог, тус бүр хүрэлцэн ирсэн увж цувж гарч явсаар бас л санал хураах боломжгүй болчихов.

УИХ-ын дарга З.Энхболд ирцээ бүрдүүлэхийг шаардсан ч гишүүд танхимд орж ирсэнгүй. Иймээс үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Харин үдээс хойших хуралдаан мөн 14 цагаас товлосон ч 40 минутын дараа эхэллээ. Гишүүдийн ирцийг бүрдүүлэх УИХ-ын дарга багагүй хичээж байгаа харагдсан. Тэрбээр чуулганы танхимд орж ирсэн гишүүн бүрийн нэрийг дуудаж, баярласан талархсанаа дуулгаж байв. Тэдний үнэн төрх энэ.

Эрхэм 76 урилга, заллагаар ажлаа хийсэн болж дөрвөн жилийг үдлээ. Тэд хоёр сарын дараа яг энэ өдөр ард түмний шүүлтүүрт очих нь баярлууштай хэрэг.

УИХ-ын 2016 сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентийн ирц бүрэн, бүтэн байх болтугай.

П.УНДРАМ
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2016-04-30 13:32:39
    ene 76 dahin songokh hereggui. Hiideg ajil ni huraldaa suukh l biz dee. ajlaa hiihgui ene 76 tsalin gej awdaggui baihdaa
  • БАЯР 2016-04-29 02:00:55
    БУШУУХАН ТАРААЧЭЭ
  • Батаа 2016-04-29 00:20:21
    Та нарыг хуралдаж чадахгүй ЭМ сайдаа томилж чадахгүй байхад сумын эмнэлэг нурж хүн нас барлаа