Нийгмийн хамгааллын салбарынхан Чингисийн талбай дээр ажиллаж байна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрийг угтан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх, сурталчлах зорилго бүхий Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд болж байна.Нээлттэй өдөрлөгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагууд, зургаан дүүргийн хэлтэс нэгжүүд оролцож салбарын үйлчилгээ авах, санал хүсэлтээ илэрхийлэх боломжоор ханган ажиллаж байна.



Өдөрлөгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал болон 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, ерөнхий газар болон төвийн зургаан дүүргийн газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Монгол улсын нийгмийн даатгалын байгууллага хөгжлийн 74 жилийг туулж, өдгөө Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж, зарлага санхүүжилтийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч(иргэд)-д шуурхай үзүүлэх, үйлчилгээнд дэвшилтэт хэлбэр нэвтрүүлж, тооцоолол судалгаа хийх болон бусад чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж, Монгол улсын хүн амын нийгмийн баталгааг ханган ажиллаж байна.

Нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авсан нийт үйлчлүүлэгчийн тоо 5.2 саяд хүрчээ

Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд 41.6 мянган ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэж. 810.0 мянган даатгуулагчийг албан журмын даатгалд. 190.0 мянган даатгуулагчийг сайн дурын даатгалд, нийт 1.0 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан байна. Мөн 362.8 мянган тэтгэвэр авагч, 215.7 мянган тэтгэмж авагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох ажлыг нийслэл. орон нутагт шуурхай зохион байгуулж ажиллалаа. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авагчдын тоо 2015 онд давхардсан тоогоор 4.6 сая хүрч, нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авсан нийт үйлчлүүлэгчийн тоо 5.2 саяд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон ба 2012 оны дүнтэй харьцуулахад үйлчлүүлэгчийн тоо 600.0 мянган хүнээр өсөж, ажлын ачаалал эрс нэмэгдсэн ч ч нийгмийн даатгалын байгууллага орон тоо, хүний нөөцөө нэмэлгүйгээр    амжилттай    зохион     байгуулж    иржээ.
 

Нийгмийн даатгалын сангийн орлого тогтмол өсөж байна

Нийгмийн даатгалын сангийн орлого хамралт өсөж байгаатай уялдан жил бүр нэмэгдэж, 2012 онд 798.8 тэрбум төгрөг байсан бол 2015 оны эцэст 1.2 их наяд төгрөгт хүрч даруй 48 хувиар өсжээ. Мөн 2012 онд 30.5 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн бол энэ тоо жил дараалан өсөж, 2015 оны байдлаар 41.6 мянгад хүрч, 11.1    мянгаар    өссөн    байна.2012-2016 онууд хэдийгээр эдийн засгийн хямралтай, ажил олгогчдын хувьд хүндрэлтэй байсан ч нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг 2012 онд 110.9, 2013 онд 104.8, 2014 онд 91.3, 2015 онд 97.1, 2016 оны эхний 2 сарын байдлаар 108.0 хувиар биелүүлжээ. 

Нийгмийн даатгалын салбар сүүлийн дөрвөн жил хууль эрхзүйн эрс шинэчлэл хийжээ

Нийгмийн хамгааллын салбар тэр дундаа нийгмийн даатгалын салбарт 2012-2016 онуудад хууль эрх зүйн эрс шинэчлэлт хийсэн жил байлаа. Нийгмийн даатгалын тогтолцоо тэр дундаа тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийсний дүнд олон эерэг бөгөөд бодит үр дүн гарав.
-“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030/”
“Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай” хууль
“Хамтын тэтгэврийн тухай” хууль
“Ажилласан жил нөхөн тооцох тухай” хууль
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль -“Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль /шинэчилсэн найруулга/
-“Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,
-"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай",
-“Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,
-“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” зэрэг иргэдийн амьдралд бодит тусгалаа олсон хуулийн өөрчлөлтүүд хийгдсэн байна.



2016 оныг нийгмийн даатгалын системийн хэмжээнд “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх замаар иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.