Шүлсээ хаявал торгоно гэсэн яалаа
Монголын хууль гурав хоног гэцгээдэг. Хэн хэзээ хэлснийг нь хэлж үл чадах эл үг үнэхээрийн үнэн аж. Бид чинь алив юмыг шинэ соргог дээр нь жигтэйхэн сүртэй хулээж авчихаад гурав хоноод л мартаж орхих юм даа. Саяхан л Тамхины тухай хууль гарч, гудамж талбайд тамхи татвал 5-50 хүртлэх мянган төгрөгөөр торгох болсон байна гэхчилэн амаас ам дамжсан сурталчилгааг хийж, тамхи татаж байгаа нэгнээ боль энэ тэр болж байсансан.
 
Гэтэл одоо гудамжаар амандаа тамхи зуусан нөхөр хээв нэг алхаж байхтай алхам тутамд тааралддаг. Түүнийг хууль зөрчлөө хэмээн хариуцдага тооцож байгаа албан тушаалтан, хууль сахиулагч гэж алга боллоо. Яг үнэнийг хэлэхэд, тамхи ч яахав, татаад хаясан ишийг нь дүүргүүдийн ТҮК-ий ажилчид шүүрдээд авчихна. Тэгээд ч эцсийн эцэст хүн өөрөө л хохирч, уушгины өмөн үү тусч зовно шүү дээ.
 
Харин гудамж талбай, байшингийн булан тохой хийгээд хаа тааралдсан газраа нохой адил сарьж зогсох эрчүүдэд хариуцлага тооцохгүй бол болохгүй нь ээ. Саяхан хэдхэн хоногийн өмнө Ланд- 200 унасан залуу эр Драмын театрын өмнөх зогсоол дээр мапшнаа тавиад хар гүйхээрээ очоод Хүүхэлдэйн театрын зүүн өнцгийг түшиж зогсч байгаад шээхийг харлаа. Хэлэх үг олдсонгүй, дэмий л болиоч, новшоо хэмээн орилохоос хэтэрсэнгүй. Бидний ухамсар ийм төвшинд очтолоо доройтжээ. Хүүхэлдэйн театр гэдэг маань юу билээ. Урлагийн ариун сүм. Гэтэл унаж яваа машинаасаа дор үзэх хүн байх аж. Үнэндээ тэр эр хэзээ ч машиныхаа дугуй руу шээхгүй л байхгүй.
 
Бас нэг зүйл. Нийслэлийн явган хүний замаар алхаж нэг үзээрэй. Алхам тутамд чинь нус, цэр тааралдах вий. Өвлийн хүйтэн, цас унасан үед нус, цэр тэр бүр мэдэгддэггүй аж. Урь орж цас хайлахаар өвөлжин тош болтлоо хөлдсөн шээсэн дов хайлан цасны шар устай нийлэн хаа сайгүй урсахтай зэрэгцээд цардмал зам дээрх нус цэр тосон толбо лугаа адил тодорч түүн дээр нь та бид гишгэлээд гэртээ орох юм. Орон сууцныхан ч яах вэ, нэг юм үүдэндээ гутлаа тайлаад ордог байх. Гэр хорооллынхны зарим нь тэр чигээрээ гэрийнхээ хойморт гараад суучихаж байгаа шүү дээ. Бөөн нян тээж орсон гутлын мөр дээр нь бяцхан үр нь мөлхөж, газарт унагасан боовныхоо үлдэгдлийг амандаа аваад хийж байгаа.
 
Магадгүй өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хямралд өртөн хямарч ядаж байхад дээр нь нэрмээс болоод байгаа улаанбурхан, салхинцэцэг, сүрьеэ зэрэг агаар дуслаар халддаг онц аюултай өвчин хүчтэй дэгдэж, вирус нь баргийн эм, тарианд дийлдэхгүй амь бөхтэй оршиж буйн үндэс нь өнөө булан тохойд шингэж хоцорсон шээс, гутлын уланд наалдан гэрт орох нус, цэрэнд байгаа гээд буруудахгүй л болов уу.
 
Монгол Улс ирэх долдугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орцгоосон. Зуны дунд сарын халуу шатсан өдрүүдэд эх оронд минь хөл тавих тив тивийн ноёдыг Азийн цагаан дагина хэмээгддэг Улаанбаатар хот маань шээсээ үнэртүүлээд угтаж, зарим нь халдварт өвчин тээгээд буцчихвал тэрнээсээ эс юм болно шүү дээ.
 
Энэ мэтчилэн булан л олдвол шээж, зогтусаад л нус цэрээ хаядаг байдалтай цаг алдалгүй тэмцэх цаг болжээ. Нөгөөтэйгүүр, хэрэгжүүлэхгүй бол мянга хууль батлаад ч яах юм. Эдүгээ батлагдсан зарим хууль тогтоомжид хяналт тавих эзэн, хариуцах байгууллага, албан тушаалтныг сайн дурын ажилтнууд, цагдаагийн албан хаагчид гээд орхисноос хууль амьдрал дээр гууль болоод өнгөрөх юм.
 
Тухайлбал, бидний өдөр тутамдаа сахиж мөрдөж, биелүулэх учиртай Архи, Тамхи, Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэрлэж болно. Хуульд заасанчлан сайн дурын албан хаагчид гэдэг маань хэн юм бэ. Түүнийг гаднаас хараад сайн дурын ажилтан байна гэж яаж таних юм. Түүнд хууль зөрчсөн этгээдийг торгох эрх зүйн үндэс зөвшөөрөл бий билүү гээд ярьвал зөндөө зүйлийг хөндөж болохоор. Тэгээд ч манайхан сайн дурын ажилтныг тоох нь юу л бол. Магадгүй тэр сайн дурынхан нь өндөр настны тэтгэвэртээ суусан, хорооны идэвхтэй хэдэн гишүүд л байх биз. Торгох эрхгүй өвгөн, эмгэн хуулийн заалт яриад зогсч байх нь ч инээдтэй.
 
Тиймээс хуульд зөрчсөн этгээдэд тооцох хариуцлагын механизмыг хүчтэй болгоё. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч оноогоо хасуулсаар эцэст нь жолоо барих эрхээ хасуулдаг. Энэ заалт жолооч нарын зүрхэд орсон. Хэн бүхэн л оноогоо хасуулахгүйн төлөө элдэв зөрчил гаргахгүйн төлөө хичээж буй. Түүн шиг гудамж талбайд нус, цэрээ хаясан, шээсэн иргэнд ноогдуулах торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дуйцэхүйцээр торгоё л доо, яадаг юм. Талхны мөнгөтэй нь ярихгүй бол сэхээрэх ухаан үгүй аж, энэ монголчууд чинь.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2016-04-27 22:05:33
    Turguulaas gadna humuus uhamsartai bj surmaar ym gadaad yavj bval huuliin ygshital bieluulendee.yadaj eruul mendee buduj uvchin enees chini uusej bg shuu dee
  • иргэн 2016-04-27 07:41:15
    Торгоно гэхээр хаана байна тэр торгох хүн нь. Хэлсэн хүн нь бараг зодуулах шахна. Б.Бааст гуайн Бат -Үүлд бичсэнээр хэдэн төгрөг өгөөд хөдөөд нь явуулмаар байн...
  • Иргэн 2016-04-27 06:01:46
    Суурь хүмүүжилгүй,хотын соёлд суралцаагүйчүүд тэгдэг юм.Иймд иргэдээ талонтой болгоод,Хэв журмын цагдаа нарт эрх олгоод, торгоод тэмдэглээд байхад өөр болно доо...
  • фцу 2016-04-27 03:44:55
    Ухаанд нь ухана ишиг унасан үхэр Монгол гэдэг л үнэн үг юмдаа
  • Шүлс, цэрээ хаясан хүнээр эргүүлээд доло 2016-04-27 03:01:14
    Шүлс, цэрээ эр эмгүй, хөгшин залуугүй заваартал хаях юм энэ бүдүүлэг монголчууд. Хаясан хүнээр нь эргүүлээд долоолгож цэвэрлүүлээд байвал хашрах байлгүй.
  • soyol 2016-04-27 02:45:23
    Мөн хотын үзэмж охидын хувцаслалттай холбоотой байдаг. Зохицоогүй дотуур нарийн өмд богино цамц өмсөөд алцайж майжийсан юмнууд явахаа болимоор байна,
  • soyol 2016-04-27 02:41:53
    тиймээ, сургуулиуд дээр нийгмийн ажилтан нь ийм наад захын соёл зааж баймаар байна мөн оюутнууд хөдөлгөөн гаргаачээ.
  • Торгоод өгөөчээ !  2016-04-27 02:01:11
    Торгууль тавиад өгөөчээ !!! Энэ орц хонгил бүгд шүлс акууркаар дүүрлээ !!!