Шатахууны үнэ 10-250 төгрөгөөр буурчээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жижиглэнгийн үнээ 50-100 төгрөгөөр буулгах боломжтой гэж үзсэн. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед шатахууны үнийг бууруулахыг ШӨХТГ-аас уриалсан нь үр дүнгээ өгч эхэлжээ.

Тодруулбал, энэ сарын 1-ээс эхлэн “Монсуль” ХХК , “Петрожамп” ХХК , “Тэс петролиум” зэрэг компаниуд нийслэлийн хэмжээнд үнээ бодитоор тогтоож, бусдаасаа 80-120 төгрөгөөр хямд шатахуун борлуулж эхэлсэн нь таатай мэдээ болоод байлаа. ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр энэ талаар “Манай байгууллагаас явуулсан судалгаагаар шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үнээ 50-100 төгрөгөөр буулгах боломжтой гэж гарсан. Эдийн засгийн хямралтай, иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх бүр муудаж байгаа энэ үед шатахууны үнэ буурах нь өргөн хэрэглээний барааны үнэ буурхад түлхэц болох юм. Тиймээс манай байгууллага шатахуун түгээх компаниудад үнээ бууруулахыг уриалсан. Уриалгыг маань нааштай хүлээн авч зарим компаниуд үнээ бууруулж эхэллээ. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч мөн үнээ бууруулна гэдэгт итгэлтэй байна. Бид үнээ бууруулж хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж байгаа “Монсуль” ХХК , “Петрожамп” ХХК , “Тэс петролиум” байгууллагуудад “Хэрэглэгчээ дээдэлсэн хамт олон” өргөмжлөл гардуулсан. Бид байгууллага, ААН-үүдийг заавал торгох биш энэ зарчимаар харилцан ойлголцож ажиллах зорилтыг тавьж ажиллаж байна ” гэсэн юм.

ШӨХТГ-аас дуулгаж байгаа бас нэгэн таатай мэдээ бол “Петровис”, “Шунхлай”, “Содмонгол” шатахуун түгээх компаниуд орон нутагт жижиглэнгийн үнээ 10-250 төгрөгөөр буулгаж байгаа явдал юм. Тодруулбал, баруун бүсд 150-250, хангайн бүсд 30-160, төвийн бүсд 10-50 төгрөгөөр шатахууны үнэ буурчээ.

Тэгвэл томоохон шатахуун түгээх компаниуд нийслэлийн хэмжээнд үнээ бодитоор буулгаж эхэлсэн нь ШӨХТГ-аас хэрэгжүүлсэн шатахууны үнэ бууруулах ажлын гол үр дүн боллоо. Шатахууны үнэ буурч эхэлснээр өргөн хэрэглээний барааны үнэ буурах нь тодорхой. Энэ нь иргэдийн амьдралд ч таатай нөөлөө үзүүлэх юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.