“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг цаашид  хэвийн үргэлжилнэ, үргэлжлэхгүй
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн архивын нууц дүрс бичлэгүүд өнгөрсөн нэгдүгээр сард алдагдаж, цахим ертөнцөөр тархсан. Энэ хэрэг явдлын дараа тус нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар мэдээлэл хийж, зохион байгуулалттайгаар  маш том  бүлэглэлийн хийсэн хэрэг. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой явагдсан ажиллагаа боллоо. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагынханд хандаж байна хэмээн мэдэгдэл хийж байсан.

Тэгвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд нууц бичлэг алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогоод, уг хэрэгт ямар нэгэн гадны нөлөө байхгүй, бичлэг алдагдсан хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хэвлэлүүдээр гарсан. Харин үүнийг худал мэдээлэл хэмээн Херо энтертайнментийн уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр мэдэгдлээ.

Тэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худлаа мэдээлэл тараасанд харамсаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн тус студийн архивын бичлэг алдагдсан хэргийг шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусаж байгаа ч тэдэнд албан ёсоор хариу мэдээлэл ирүүлээгүй байгаа аж. Мөн дээр гарсан мэдээлэлтэй холбоотойгоор цагдаа, прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх  хариу ирээгүй хэмээн тэд албан ёсоор мэдэгдлээ. 

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр “Херо энтертайнмент”ийн ерөнхий найруулагч Б.Батзориг тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн ярьсан зүйлсийг үгүйсгэж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг цаашид үзэгчдэд хэвийн хүрсээр байх болно гэж мэдэгдлээ. Тодруулбал П.Анужин өнөөдөр мөн мэдээлэл хийж, нууц бичлэг алдагдсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас албан ёсоор уг асуудлыг шийдвэрлэх хүртэл нэвтрүүлгээ  түр хугацаанд түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр энэ талаараа өөрийгөө нэвтрүүлгийн санаачлагч , албан ёсны өмчлөх эрхтэй эзний хувьд ийн түдгэлзүүлж буйгаа хэлсэн юм.

Харин түүний дараа мэдээлэл хийсэн “Херо энтертайнмент” студийн уран бүтээлчид нэг хүний саналаар энэ олон хүний ажлыг үгүй хийж болохгүй. Тус нэвтрүүлгийн албан ёсны өмчлөгч  нь Б.Баатар, П.Анужин нар учир  уг нэвтрүүлгийг  гаргах эсэхийг дан ганц хүний саналаар шийдвэрлэх боломжгүй. Тиймээс уран бүтээлч, нэвтрүүлгийн багийнхны саналаар цаашид хэвийн үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ. Мөн П.Анужин мэдээлэл хийх үедээ бичлэг алдагдсан үеэс эхлэн нэг ч нэвтрүүлгийн зурганд ороогүй гэдгийг хэлсэн юм. Харин Херогийнхон энэ хугацаанд 10-аад нэвтрүүлгийн бичлэгийг хийжээ. Цаашид тус нэвтрүүлгийг “Дэлхийн Монголчууд” хэмээх нэрээр үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.