Австрийн эрх баригч нам түүхэн ялагдал хүлээлээ
Сири зэрэг иргэний дайн тулааны хөлд нэрвэгдсэн Ойрхи Дорнодын улсаас ирэх дүрвэгсдийн урсгалд дарагдаад буй Австрид Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгуулийн санал xypаалт боллоо. Улмаар хэт барууны үзэлтэй улстөрийн хүчний нэр дэвшигч олонхийн саналыг авч, шийдвэрлэх сонгуулийн санал хураалтад оролцохоор болсон байна.
 
Австрид зургаан жилийн хугацаанд нэг удаа Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль зохион байгуулагддаг юм. Харин энэ удаа болсон сонгуулийн санал хураалтад зургаан хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс дурвэгсдийн эсрэг хатуу чанга бодлого баримтлахыг шаардаж ирсэн “Эрх чөлөө” намын Норберт Хофер хамгийн олон буюу 36 хувийн санал авч ялалт байгуулжээ.
 
Гэхдээ тэрбээр энэ удаа 50-иас илүү хувийн санал авч чадаагүй тул Ногоон намын нэр дэвшигч Апександр Ван дер Беллентэй ирэх сарын 22-ны өдөр болох шийдвэрлэх санал хураалтад өрсөлдөх юм. Александр Ван дер Беллен эхний санал хураалтад 20 орчим хувийн санал авсан байна. Харин эвслийн Засгийн газрыг бүрдүүлж буй “Нийгмийн ардчилал”, “Ардын нам”-ын нэр дэвшигчид тус бүр 10 орчим хувийн санал авснаар тус улсын дараагийн төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөнөөс хасагдлаа.
 
Энэ бол эрх баригч хүчнүүдийн хувьд түүхэн ялагдал байсан юм. Сонгуулийн дүн нэгэнт гарсны дараа “Эрх чөлөө” намын дарга Хайнц Кристиан Штрахе “Энэ бол шинэ улстөрийн эрин үеийн эхлэл юм” хэмээн ялалтаа зарлажээ. Харин Ерөнхий сайд Вернер Фэйманны “Нийгмийн ардчилал нам” болон тус намтай эвссэн төв барууны үзэлт “Ардын нам” энэ удаагийн сонгуулийн санал хураалтад хамрынхаа урдуур таслуулав. “Ардын нам”-ын нэр дэвшигч Ардреас Коль 11 хувийн санал авсан бол “Нийгмийн ардчилал” намын нэр дэвшигч Рудольф Хандсторфер ч мөн яг ижил хувийн санал авчээ.
 
Ерөнхий сайд Вернер Фэйманнсонгуулийн үр дүнгийн талаар “Бид илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулах дохио боллоо” хэмээжээ. Түүнчлэн сонгуулийн дүнг дүрвэгсдийн урсгалтай холбон тайлбарлах тохиолдол олон байна. Австрийн Засгийн газар эхэндээ Сири зэрэг иргэний дайны хөлд нэрвэгдсэн улсаас ирсэн дүрвэгсдийг элдэв шалгуургүйгээр хүлээн авч байсан ч, энэ он гарсаар хүлээн авах дүрвэгсдийн тоонд хязгаар тогтоосон байдаг. Дүрвэгсдийн урсгал, тэднийг хүлээн авсан зэрэг нь одоогийн Засгийн газрын үнэлэмжийг бууруулж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд шууд нөлөөлсөн хэмээн зарим эх сурвалж онцолж байгаа юм.
 
Австрийн хувьд Ерөнхийлөгчийн улс төрийн эрх мэдэл тийм ч их биш. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 70 жилийн хугацаанд Нийгмийн ардчилал, эсвэл Ардын намын аль нэгээс нь Ерөнхийлөгч сонгогддог уламжлал тогтоод байжээ. Харин энэ удаагийн сонгуулийн үр дүн 70 жилийн хугацаанд хэвшсэн тогтолцоог эвдэж, хоёр нам түүхэн ялагдал хүлээлээ. Одоогоор ирэх сарын 22-ны өдөр болох шийдвэрлэх шатны сонгуулийн санал хураалт анхаарал татаж байна. Орон нутгийн хэвлэлд бичсэн таамгаас харвал, “Ногоон нам”-ын нэр дэвшигч ялалт байгуулж магадгүй байгаа гэнэ. Эхний шатны санал хураалтад “Эрх чөлөө” намын нэр дэвшигч хамгийн олон хувийн санал авсан хэдий ч, шийдвэрлэх шатны сонгуулийн санал хураалтын дүн төлөвлөснөөс өөрөөр гарч магадгүй байна.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.