Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 20 хүнд үнэ төлбөргүй хийнэ

Төрийн харьяаллын сонгодог урлагийн байгууллагууд Элэгний хорт хавдрын эсрэг нэгдэж, “Элэг нэгт Монголчууд” санд тоглолтынхоо орлогыг хандивлах болсон тухай өчигдөр Улсын драмын эрдмийн театрт тэдээлэл хийлээ. Энэ үеэр “Элэг нэгт Монголчууд" сангийн удирдах зөвлөлийн гишүүн, МУГЖ Т.Ариунаагаас зарим зүйлийг тодрууллаа.
 

-“Элэг нэгт Монголчууд” уриан дор элэгний хорт хавдрын эсрэг урлаг, соёлынхон нэгдэх боллоо. Энэ өвчний эсрэг яагаад нэгдэх болсон бэ?

-Байгаль орчны хүчин зүйл, хүний зохистой хэрэглээ, амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй энэ өвчлөл монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд хөнөөлт аюул болж байна. Манай оронд 15 мянга гаруй хорт хавдартай хүн амьдардаг гэсэн судалгаа бий. Жилд дунджаар таван мянган хүн хорт хавдраар өвдөж, түүнээс гурван мянга гаруй хүн нь нас бардаг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Нийгэмд хөнөөлт өвчний уршиг, нас баралтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний чадамжийг сайжруулах, ард иргэдэд зөв зохистой мэдээллийг түгээх зүй ёсны шаардлага тулгараад байгаа юм. Тиймээс урлагийнхан бид нэгдэж, энэхүү өвчнөөр шаналж байгаа хүмүүст туслахаар болсон. Элэгний хорт хавдарын эсрэг төрийн урлагын байгууллагууд нэгдсэн. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид нэгдсэн юм. Мөн хөдөө орон нутгийн байгууллагууд нэгдэж байгаа. Хамгийн гол нь элэгний хорт хавдартай хүмүүс элэг шилжүүлэн суулгах хагалгаа.
 
-Элэгний хорт хавдартай хүмүүст зориулж хандивын тоглолт тоглохоор болсон гэсэн. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид энэхүү үйл ажиллагаандаа зориулж нэг өдрийн тоглолтыг зориулах болно. Тоглолт тавдугааар сарын 14-нд болно. Тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театр “Ромео Жулеть” жүжиг, Улсын филармонийн хамт олон сонгодог тоглолтууд, Дуурийн театр “Үүлэн заяа”, Дуу бүжгийн чуулга “Их хатдын домог” гэсэн шилдэг тоглолтуудаа тавдугаар сарын 14-нд үзэгчдэд хүргэнэ. Гэхдээ эдгээр тоглолтуудын цаг өөр байгаа.
 
-Тоглолтын орлогыг “Элэг нэгт Монголчууд” санд хандивлах уу?

-Тийм. Бид тоглолтоос олсон бүх орлогоо “Элэг нэгт Монголчууд” санд хандивлана. Эхний тоглолтын сонгодог урлагийнхан нэгдэж хийх болсон. Рок попын хамтлаг, дуучдаа ч гэсэн энэхүү аянд нэгдээрэй гэж уриалмаар байна. Бид халдвартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхийн тулд нэг тэрбум төгрөгийг НИТХ-аас Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Хэрвээ шийвэрлэж чадахгүй бол ард түмэндээ уриална. 100 мянган хүн 10 мянган төгрөг, 200 мянган хүн таван мянган төгрөг хандивлах юм бол энэ мэс заслыг эх орондоо хийх боломжтой болох юм. Энэ өвчнөөс болж жилд 160 хүн гадаад руу явж, 40-60 мянган ам.долларын хагалгаанд орж байна. Тэгэхээр бид элэгний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр шаналж байгаа хүмүүст туслах юм.
 
-Элэг  шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нутагшуулахад нэг тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Үүнд юуг оруулж байгаа вэ?

-Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулахын тулд эмч нарыг сургалтад хамруулах, өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийг авах шаардлагатай. Нэг тэрбум төгрөг үүнд зарцуулагдана. Тухайлбал, хэдийгээр элэгний мэс заслын эмч нар 4-5 жил суралцаж, мэдлэг боловсрол эзэмшиж байгаа боловч үүнийг цааш хөгжүүлэхийн тулд баг хамт олноор нь гадаадад орон зайн сургалтад хамруулах хэрэгтэй байдаг. Тиймээс элэг шилжүүлэн суулгах багийн гишүүд болох 25-30 хүний хоёр удаагийн сургалтад хамруулна. Үүнд 40сая төгрөг зарцуулагдаж байгаа.
 
Мөн мэс заслын үеийн унтуулгын хяналтын монитор, элэгний тайралтад хэрэглэх Cusa dissection, Цус тогтоох түлэгч аппарат, Rapid infusion, Cell saver, эрчимт эмчилгээний тасгийн монитор болон зориулалтын ор, 24 цагийн бөөрний диализын аппарат, зөөврийн рентген аппарат, элэгний хатуурал тодорхойлох ЭХО аппаратыг нэн тэргүүнд авахаар төлөвлөсөн. Аппарат болгон тус бүр үнэтэй.
 
Жишээлбэл, элэгний тайралтад хэрэглэх Cusa dissection 350 сая, мэс заслын үеийн унтуулгын хяналтын монитор гурван ширхэг нь 125 сая, элэгний хатуурал тодорхойлох ЭХО аппарат гэхэд л 250 сая байх жишээтэй. Мөн бид эдгээр тоног төхөөрөмжийг авбал эхний 20 хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийж өгнө. Энэ мэтчилэн олон хүнд тусалсан, олон хүнд үр дүн нь хүрсэн ажлыг хийх юм.
 
-Мэс засалд үнэгүй орох хүмүүсийг хэрхэн бүртгэж байгаа вэ. Одоогийн байдлаар хэчнээн хүн бүртгэсэн бэ?

-Хэрвээ бид элэгний мэс заслыг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг авбал эхний хагалгаа арванхоёрдугаар сард амжилттай болох юм. Бид эхний удаа 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал үнэ төлбөргүйгээр хийнэ. Монголд эмч нар, боловсон хүчин нь байна. Төрийн дэмжлэг байхгүй. Мөн аппарат тоног төхөөрөмж нь дутуу байдаг. Халдвар судлалын үндэсний төвд долоо хоногийн лхагва, пүрэв гарагг элэгний хорт хавдартай хүмүүсийг бүртгэж байгаа. Одоогийн байдлаар 200 гаруй хүн бүртгүүлсэн байна.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.