Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Батлан хамгаалах яам Их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг болоод гурван жилийг үдлээ. Эхэндээ нийслэлийн их дээд сургуульд хэрэгжиж байсан энэ хөтөлбөр хөдөө орон нутгийн зарим дээд сургуулиудад хэрэгжиж, оюутан залуус зуны амралтын хугацаанд цэргийн эрдэм боловсрол эзэмших боломж бүрдсэн. Хэрэгтэй цагт эх орон дуудахад буугаа бариад зогсох боловсролтой залуусыг бэлтгэсэн энэ хөтөлбөрт иргэд ам сайтай байдаг. Эрдмийн мөр хөөчихсөн хүүгээ цэрэгт явуулж чадахгүй ч зуны турш цэргийн наад захын эрдэм боловсрол эзэмшүүлчих гэсэн бодолтой аав, ээжүүд оюутан цэрэгт хуүхдээ явуулахын тулд очер дараалал үүсгэх болсон. Тэгвэл оюутан залуусыг ганцхан зуны улиралд цэрэгт татахаас гадна цас зудтай үед, эсвэл хаврын мал төллөлт, ноолуур самнах гээд ид ачаалалтай үеэр малчдад туслах хүч болгон явуулах саналыг малчид гаргах болжээ.
 
 
Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан “Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр Завхан аймгийн Яруу сумын аймгийн сайн малчин С.Төөмөө “Малчин цэрэг” хөтөлбөр бий болгох тухай санал гаргасан юм. Тэрбээр, “Оюутан цэрэг хөтөлбөр шиг малчин цэрэг хөтөлбөр байвал яасан юм бэ. Тэгвэл залуус хөдөө гарч малаа маллаж, ам бүл цөөхөн малчин бидэнд тусалж дэмжээд явчихна. Цэргийн албаа ч хаачихна. Эсвэл оюутнуудыг хавар малчдад туслах байдлаар явуулж, түүнийг нь бие даалт болгоод явчихаж болно. Тэгвэл залуус нэг жилийн хугацаанд мал маллах ухаанд суралцаад явчихна шүү дээ” хэмээн ярьжээ.
 
 
Малчдын хувьд яах аргагүй хаврын ид ажлын үеэр хүн хүчээр дутдаг нь нууц биш. Тэр тусмаа олон малтай, нас дээр гарсан малчид туслах малчин олох гэж аргаа бардаг. Хун бүхэн хот хүрээ газрыг зорих болсон энэ үед туслах малчин болж хөдөө амьдардаг хүн ч цөөхөн болсон. Малчид өндөр үнэ төлж хэцүү нэртээр явж байсан, эсвэл хотын төвд ажилгүй, амьдралгүй явж байгаа нэгнийг туслах малчинаар авдаг ч эргээд тэдгээр хүмүүс нь аминд нь хүрч, хэдэн малыг нь зарж үрж, хулгайлахаа юман чинээ тоохгүй байгаа тохиолдол бишгүй олон бий. Саяхан гэхэд л хэцүү нэртэд хоригдож байгаад суллагдсан залууг хэдэн малтай болгох гэж сайн санаалж дэргэдээ амьдруулсан хоёр хөгшинийг өнөөх хүн төрхтэй араатан хөнөөж орхиод явчихсан хэрэг гарсан билээ.
 
Тиймээс хүн бүл цөөтэй малчдын хувьд эрсдэлтэй алхам хийхээс илүүтэй, хэдэн малаа зуданд тавьж туухыг илүүд үзэх болжээ. Социализмын үед оюутан залуус намар нь тариа буудай хураалтад ажиллаж, хавар нь илгээлтийн эзэд хэмээн мал төллөлт, ноос ноолуур самнах ажилд тусалдаг байлаа. Малчид хэзээ ч залуусыг үнэгүй ажиллуулах хүмүүс биш. Ар гэрт нь шөлний ганц хонь, самнасан ноолуурынх нь мөнгөнөөс тодорхой хэмжээний урамшуулал өгч л орхино.
 
Тиймээс бодлого боловсруулагчид энэ талаар анхаарч ам бүл цөөтэй малчдад оюутан залуусыг туслуулах, хөдөөгийн амьдралаас суралцах талаар анхаарахад гэмгүй болжээ. Тухайлбал, Анагаахын оюутнууд ид ачаалалтай үед буюу халдварт өвчин их үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар ажиллах боломжтой гэсэн шийдвэр саяхан гарчээ. Ингэснээр эмч эмнэлгийн ажилчдын ачааллаас хуваалцахаас гадна залуус практикт гарч мэдлэг олж авна гэсэн үг.
 
Тэгвэл Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудыг хавар малчдад туслах хүч болгон явуулж яагаад болохгүй гэж. Хаврын ид ачааллын үед хээлээ даахгүй малыг хэрхэн аврах, цагаан хорхойтой, тураалд орсон, турьгүй болж хэвтэрт орсон малыг хэрхэн өндийлгөх талаар чамгүй туршлага хуримтлуулах дадлагын орчин тэнд бэлхнээ байгаа юм биш үү. Тиймээс малчдад туслах, мал маллах ухаанаас суралцаж буй хоёр сарын ажлыг нь дадлагын ажил гэж тооцоод оюутнуудаа туслах малчнаар явуулахад буруудах зүйл лав алга. Ядахдаа л таван хошуу малынхаа талаар багахан ч гэсэн мэдлэгтэй болох нь тодорхой.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dadal  2016-04-26 05:39:38
    zov shuu hhervee tsereg avbal bi avna
    82.113.99.149
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-04-26 00:07:15
    Yamar niigemd amidarch baigaagaa meddeg boloosoi, eniig bichsen durak.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах