АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар танилцуулав
Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.

Үүнтэй холбогдуулан Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.04.25/ хуралдав.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар “Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар танилцууллаа.

Ажлын хэсгийн хуралд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон ажлын хэсгийн гишүүд, бусад албаны хүмүүс оролцов.
 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар танилцуулгадаа, “ Энэ оны 4 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хамгийн эхний арга хэмжээ Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хорооны хуралдаанаар Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зохион байгуулалтын талаар ярилцана. Энэ үеэр уулзалтыг зохион байгуулахад гарсан алдаа оноо, сургамж юу байсан талаар тайлан тавих хүсэлт гаргасан. Энэ дагуу хүн болгон хариуцсан чиглэлээрээ дүгнэлт хийж, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалагт өгөх нь зүйтэй. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хамгийн эхний уулзалт болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Төрийн ордны зарим хэсэгт сүүлийн үед хийгдээгүй байсан засвар үйлчилгээг хийсэн Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбор газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улсын Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани, Эрчим хүчний яам зэрэг байгууллагууд идэвхтэй ажиллалаа. Мөн арга хэмжээний бүх интерьер, дизайны ажлуудыг хариуцан зохион байгуулсан “Саунд оф Монголиа” ХХК-ний хамт олон засал чимэглэлийн чиглэлээр сайн ажиллаж, өөрсдийн санаачлагаар нэлээд олон газар “Пресс центр” болон гадаах үйлчилгээ зэрэг төлөвлөгдөөгүй байсан олон зүйлүүдээр туслалцаа үзүүлсэнд талархалтай байна. Мөн анх удаа уулзалтын арга хэмжээг зохион байгуулахад аюулгүй байдал талаас шинэлэг олон арга хэмжээ авч ажиллалаа. Хамгийн түрүүнд “badge” буюу мандатын шинэлэг технологийн шийдлийг туршсан бөгөөд үүнд Төрийн тусгай хамгаалалтынхан зөв зохион байгуулалттай, шийдлээ олж ажилласан. Мөн гадуур, дотуур хамгаалалт болон нисэх онгоцны буудлаас төлөөлөгчдийг хүлээн авч зочид буудалд байрлуулах үйлчилгээ үзүүлэхэд Гадаад хэргийн яам өндөр зохион байгуулалттай оролцлоо. Түүнчлэн унаа, автобусны үйлчилгээнд ажилласан Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Замын цагдаагийн хамт олон, Иргэний харьяа, шилжилт хөдөлгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон өндөр зохион байгуулалттай ажиллалаа. Мөн хурлын үйл ажиллагааг дамжуулж, мэдээлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын 62 сэтгүүлч, зураглаач, гэрэлзурагчид ажилласны зэрэгцээ уулзалтын талаарх мэдээ, мэдээлэл дамжуулах интернэт холболтыг хийж гүйцэтгэхэд Үндэсний Дата төв, Төрийн холбоо, Кибер аюулгүй байдлын газар хүчин чармайлт тавьж ажилласныг энд дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвхтэй оролцож сайн ажилласан Төрийн ёслолын алба, УИХ-ын Тамгын газар түүний дотор Гадаад харилцааны хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст талархал илэрхийлье.

Мөн арга хэмжээний хүрээнд сайн зохион байгуулалттай хамтран ажилласан бүх байгууллагад талархал илэрхийлж байна” гэлээ.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Үндэсний хорооны хуралдаанаар АСЕП-ын уулзалтын үеэр гарсан алдаа оноо, сургамжийн талаар ярилцахаар төлөвлөж байна. АСЕМ-ын 11 дүгээр уулзалтын хүрээнд болсон анхны хурал болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулахад ажлын хэсгийнхэн өөр өөрсдийн чиглэлээр бүгд хичээл зүтгэл гаргаж, хуралдааныг амжилттай зохион байгуулахад нэг зорилготой ажиллаж чадсан гэж үзэж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.