“Солар импульс” хөлөг номхон далайг гатлав
Нарны эрчим хүчээр ажилладаг “Солар импульс-2” хөлөг онгоц АНУ-ын Калифорни мужид хүрчээ. Дэлхийг тойрох аялалаа өнгөрсөн жил эхлүүлсэн шинэ эрин үеийн   нарны эрчим хүчээр ажиллах хөлөг  номлон далайг хөндлөн гулд аялах  зорилтоо ийн амжилттай биелүүлсэн байна.

Хавайн арлаас ниссэн “Солар Импульс” нисэх онгоц Номхон далай дээгүүр 56 цаг нислэг үйлдэж, АНУ-ын Калифорни мужид амжилттай газарджээ. “Номхон далайг гаталлаа, миний найз” хэмээн Хавайгаас Калифорни хүртэл онгоцыг жолоодсон швейцарийн нисгэгч Бертранд Писсард газардахаасаа өмнө хэлжээ. Солар Импульс-2 хөлөг Калифорни мужийн Сан Францискогийн зүүн өмнөд этгээдийн Монтайн виев дэх Моффетт нисэх буудалд газардсан байна. Өнгөрсөн жил Арабын нэгдсэн Эмират улсаас аялалаа эхлүүлсэн уг хөлөг нийтдээ 13 удаагийн цуврал нислэг хийх бөгөөд эдүгээ есийг нь амжилттай биелүүлээд байгаа юм.

Зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү нисэх онгоцны далавчин дээр нарны гэрлээс эрчим хүч үүсгэгч 17 мянган хавтан суурилуулжээ. Эдгээр хавтан нь нисэх онгоцыг өдрийн цагт эрчим хүчээр хангахаас гадна шөнө ашиглах эрчим хүчийг батерейд нөөцлөх зарчмаар ажилладаг юм байна.

Ингэснээр нисэх онгоц нарны эрчим хүчээр хоног дамнан нисэх боломж бүрджээ. Өнгөрсөн онд Абу Дабигаас гарсан “Солар Импульс” Оман, Энэтхэг, Мьянмар улс, Хятадын Чончин, Нанжин хотын чиглэлд цуврал нислэгийг  сар гаруйн хугацаанд амжилттай үйлдсэн юм. Үүний дараа Номхон далайг хөндлөн туулж, Хавайн аралд газардах хүнд давааг хоёр дахь оролдлогоороо амжилттай туулсан байна.

Аяллын хугацаанд батерейнд хэт халалтын улмаас гэмтэл гарсныг засварлахын тулд Хавайд “Солар Импульс”-ын дэлхийн тойрон аяллыг найман сарын хугацаатай түр зогсоож, сая үргэлжлүүлсэн нь энэ ажээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.