Франсуа Олланд улиран сонгогдох уу
Францын дараагийн төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгууль ойролцоогоор жил орчим хугацааны дараа болно. Гэсэн ч тус улсын одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд дараагийн сонгуульд ялалт байгуулах магадлал улам бүр буурч байгаа тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байна. 2015 оны арваннэгдүгээр сард нийслэл Парис хотноо болсон террорист халдлагын дараа Ф.Олланд улс даяар онц байдал зарлаж, аюулгүй байдлаа чангатгасан бөгөөд үүнийг дагаад дэмжигчдийнх нь хувь ч, өссөн үзүүлэлттэй байсан юм.
 
Гэвч сүүлийн үед ажилгүйдлийн төвшин огцом өссөнтэй холбогдуулан одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдох эсэх нь бүрхэг болж байгааг олон нийтийн судалгааны дүн харуулсан байна. Ерөнхийдөө сүүлийн үед явуулсан ихэнх судалгааны дүнгээр Франсуа Олландын дэмжигчдийн хувь
тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Гэхдээ олон нийтийн санаа бодлыг өөр тийш эргүүлэхийг зорьсон Олланд энэ сарын 14-ний өдөр телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ “жилд хөдөлмөр эрхлэлтийг 150 мянгаар нэмэгдүүлнэ” хэмээн амлаж, цаашдаа ч ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээ онцолж байсан гэдэг.
 
Тэрбээр зүүний хүчний эрх баригч Социалист намаас 2012 оны сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж байсан юм. Тухайн үед сонгуулийн үр дүнд Евро бүс анхааралтай ажиглаж байсан тул Олланд сонгуулийн компанит ажлынхаа үеэр Европын Холбооны гишүүн орнуудын өрийн хямралыг шийдвэрлэж, улсынхаа дотоодын эдийн засгийг хэвийн төвшинд авчрахаас гадна ажил эрхлэлтийг тогтвортой төвшинд тасралтгүй нэмэгдүүлнэ гэх амлалтыг өгч байжээ. Сонгуулийн дараа ч тэрбээр энэ амлалтдаа баттай зогссоор байсан аж.
 
Гэсэн ч, энэ оны хоёрдугаар сард ажилгүй иргэдийн тоо 3.59 саяд хүрч өнгөрсөн хугацаанд байгаагүй муу төвшинд хүрсэн байна. Иймээс одоогийн Ерөнхийлөгчдөө иргэд нь итгэл алдарч эхэлжээ. Францын шинэ төрийн тэргүүнийг сонгох дараагийн сонгууль 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр болно. Энэ сонгуульд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч тунан үлдэх юм.
 
Харин тавдугаар сарын эхээр болох шийдвэрлэх санал хураалтаар шинэхэн Ерөнхийлөгчийн нэр тодрох учиртай. Сөрөг хүчний хувьд энэ оны арваннэгдүгээр сард нэр дэвшигчээ тодруулах бөгөөд Ерөнхийлөгч асан Саркози, экс Ерөнхий сайд Ален Жюппе нарын эрхмүүд нэр дэвшиж магадгүй байгаа гэнэ. Хэрэв Бүгд найрамдах намаас Ален Жюппе өрсөлдөхөөр болбол Франсуа Олландын чанга өрсөлдөгчдийн нэг болох нь гарцаагүй. Ямартай ч саяхан явуулсан “BVA” компанийн судалгааны дунгээр Бүгд найрамдах намын Саркози, Жюппе нарын аль нь ч нэр дэвшсэн бай Франсуа Олланд шийдвэрлэх сонгуульд оролцож чадахгүй гэсэн үр дүн гарчээ.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.