Ойрын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тойрсон олон үйл явдал өрнөлөө. Одоогоос таван жилийн өмнө сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдэд 1072 ширхэг хувьцаа байх ёстой. Хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг. Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Харин үлдсэн бүх иргэн 1072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн. Тэгвэл эдгээр иргэд ойрын өдрүүдэд хувьцаагаа нэг сая төгрөгөөр худалдаалахаар бүр оочерлож үзэв. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа 1072 хувьцааны эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг онцолж байна.
 
“1072 ХУВЬЦААГАА ЗАРЖ БОЛНО” ГЭЖ ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН КОМПАНИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ

2016.04.23: “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хувийн компани 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн цуурхал өнгөрсөн хоногуудад асуудал дагуулав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол-Тайваний төвийн ойр орчмоор энэ сарын 12-ны өдрөөс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг зарж борлуулж байна” гэх мэдээллийн дагуу иргэд олноор цугларч, хонон өнжин оочер дараалал үүсгэснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ухуулга сурталчилгаа хийсний ачаар тарааж чадсан байна. Дээрх мэдээлэл худлаа байсан бөгөөд Засгийн газраас одоо хүртэл хувьцаагаа зарж борлуулах, арилжаанд оруулах эрхийг нээгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа гэсэн үг юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс иргэдийг хууран мэхэлж, “Манай компанид бүртгүүлж, үнэт цаасны данс нээлгээд та хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болно. Улмаар манай гадна хувьцаа худалдан авч байгаа хүмүүст зарах боломжтой” гэх мэт худал мэдээллийг иргэдэд өгсөн гэх “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-д Эрүүгийн хуулийн 161.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус компани зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, их хэмжээний орлого олсон нь тогтоогджээ.
 
ИРГЭДИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ЮУ
 
2016.04.21: Сүүлийн өдрүүдэд “Урт цагаан” худалдааны төв орчимд иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Иргэдийн дунд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна гэх зар тарж, улмаар иргэд хувьцаагаа худалдах зорилгоор цугларах болсон. Бүр хувьцааг 800 мянгаас 1.5 сая төгрөгөөр худалдаж авч байгаа, 10-аас дээш хүн буюу ах дүүгээрээ хувьцаагаа зарж байгаа бол бүр ч өндөр үнээр авах гэнэ гэсэн яриа амнаас ам дамжсаар олон хүнд, “үхмэл" хувьцаагаа амь оруулахаар ийнхүү шөнөжин өдөржин дугаарлах болжээ. Түүгээр ч барахгүй хувьцаа худалдаж авч байгаа нөхдүүд цагдаа нараас айгаад ихэвчлэн шөнийн цагаар авах болсон гэнэ. Мөн саяхан “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”- ийн гадна “Иргэн та Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулж авсан уу. Хувьцааг зарж, худалдан авах, гэрээслүүлж, \өвлүүлэх, бэлэглэх барьцаанд тавих эрхтэй” гэх зарлал өлгөсөн байжээ. Энэ мэдээллийн дагуу иргэд олноороо цуглаж, хятадуудад хувьцаагаа зарна хэмээн хүлээх болсон гэнэ. Энэ талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Д.Ангар “Засгийн газраас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэгүй өгсөн. Харин гадуур хувьцааг 800 мянгаас нэг сая төгрөгөөр авч байна гэсэн цуу яриа гарсан бололтой. Уг нь техникийн хувьд боломжгүй. Үнэхээр гудамжинд зарагдаад байгаа бол хууль хүчнийхэн шалгах ёстой” гэсэн хариултыг өгөөд байгаа юм.

1.7 САЯ ИРГЭН ХУВЬЦААГАА БАТАЛГААЖУУЛААГҮЙ БАЙНА
 
2016.02.16: Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа олгосон ч монголчууд өдий хүртэл энэ хувьцааны үр шимийг үзээгүй. Тийм ч учраас энэ хувьцааг арилжаалах, бэлэн мөнгө болгох сонирхол иргэдэд байгаа юм. Энэ талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагай “Хувьдааны үнэ өсч, бас буурч болно. Арилжаалах эрх нээгдээд хүмүүс зараад эхлэхээр өндөр үнээр худалдаж авах сонирхолтой нь аваад эхэлнэ. Ерөнхийдөө үнэгүй өгсөн хувьцаа учраас хүмүүс үнэ цэнийг нь сайн ойлголгүй эхэндээ унана. Энэ үед хүмүүс ихэнх хувьцааг төвлөрүүлээд авчихна. Хувьцааг авсаар байгаад зарах хүнгүй болоод эхэлмэгц буцаад өсөөд эхэлнэ. Үхмэл байгаа 1072 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжааг 14 хоногийн дотор нээчихнэ. Хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой’’-н хувьцаа гэж гарна. Хүн болгон биржид хандаж авна, зарна гэсэн захиалга өгснөөр арилжаалах боломжтой болно. Өмнө нь буюу 2012 онд иргэд нэг сая төгрөгөө авъя гээд Засгийн газарт өргөдөл гаргаж байсан. Тэр нь буцаад 1072 хувьцаа болж бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр албан ёсоор дансаа нээж байж авна. Одоо 2.5 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байгаагаас 800 гаруй мянган иргэн нь үнэт цаасаа баталгаажуулж дансаа нээлгэсэн. Тэгэхээр 1 сая 700мянган иргэн дансаа баталгаажуулах хэрэгтэй байна.Үнэт цаасны дансыг нээх байгууллагууд нь брокерууд буюу үнэт цаасны компаниуд байдаг. Өнөөдрийн байдлаар 50 гаруй үнэт цаасны компани байгаа. Тэднээр дамжуулж дансаа нээлгэнэ. Нэг хувьцаа нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэ үнээрээ хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад эхэлнэ. Арилжааны явцад үнэ дээшээ доошоо хэлбэлзэнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш 503 өргөдөл хүлээн авсан. Үүнээс өмнө мөнгөө авч чадаагүй иргэд буцаагаад хувьцаагаа авахтай холбоотой 8000 хүний өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 1000-аас дээш хүн нэг асуудлаар өргөдөл годмол гаргавал өндөр түвшинд хүлээн авч шийдвэрлэдэг. Тиймээс хувьцаагаа борлуулах хүсэлтэй иргэд өргөдөл гаргаж шийдвэрлүүлээсээй гэж хүсч байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.
 
1072 ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЭХЛЭЭГҮЙ ГЭВ
 
2016.04.15: Сүүлийн үед үнэт цаасны зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны дансыг иргэдэд нээж, өргөдлийг хүлээн авснаар хувьцааг эргэлтэд оруулж бэлэн мөнгө болгож байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/ болон Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. МҮЦАЭХ -ны нарийн бичгийн дарга Ц.Хуяг “Энэ асуудалтай холбоотой байгууллагуудтай мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ” компанийн удирддагуудтай уулзаж, иргэдэд нааштайгаар , шийдэхийг ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш унасан уед 1072 хувьцааг арилжаалах нь цаг үеийн хувьд тохиромжгүй гэж үзэж байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаанаас 2.475.201 иргэдийн 2 тэрбум 550 сая хувьдаа хадгалагдаж байна. Нийт 553 аж ахуй нэгжид 8.4 сая ширхэг хувьцаа бий. Үлдсэн хувьцаа төрийн мэдэлд бүртгэлтэй ажээ. 1072 ширхэг хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон аль нэг хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй арилжаалах эсэх нь төр засгаас хамаарах асуудал тул энэ талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байв. Мөн иргэд бэлэн мөнгө авна гэхээсээ илүү хувьцааныхаа дансыг нээлгэчхээд тухайн үнэт цаасны компаниараа дамжуулж хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдээллийг авах хэрэгтэйг зөвлөлөө. Харин иргэд хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа 60 гаруй компанийн аль ч хувьцааг худалдаалах, арилжаалах боломжтой гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг бүртгэхдээ УБЕГ-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрын хүний хөгжил сангаас хишиг хувь хүртсэн иргэдийн мэдээллийг үндэслэн иргэдийн хувьцааны бүртгэлийг хийсэн тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн мэргэжилтэн ярилцлаа.
 
Сэтгүүлчийн өнцөг

 
ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА “ТАРХИ УГААХ” ХЭРЭГСЭЛ БОЛЛОО
 
Төр засгийнхан Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, асар их ашиг олоод, иргэддээ ногдол ашиг хүртэл өгнө гэж мөрөөдөж байсан цаг саяхан. Бүр дүрдээ итгээд, иргэн бүрт 1072 хувьцаа хүртэл өгсөн. Одоогийн байдлаар 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгэж, 1072 ширхэг хувьцааны бичилтээ хийлгэсэн гэсэн албан бус тоон мэдээлэл ч байна. Ямар ч байсан иргэд хувьцаанд найдаж, нэг л өдөр ногдол ашиг гэж мөнгө авна гэж горьдож суугаа. Түүний хажуугаар Тавантолгойн хувьцаагаар бизнес хийгсэд ч эхнээсээ гарч ирлээ. Хоёр ч компани “Манай компанид хувьцаагаа бүртгүүлээд. зарж болно” гэх утгатай мэдээлэл тарааж, иргэдээс 5000 төгрөг авч байсан нь илэрч, хуулийн байгууллагынхан шалгаж эхлээд байна.
 
Түүнээс гадна “Урт цагааны орчимд хятадууд Тавантолгойн хувьцааг
сая төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн цуурхал тарсан. Улмаар цуурхалд итгэсэн хүмүүс Урт цагаан орчимд цугларч, тааралдсан болгоноосоо шахам “Хувьцаа авах юм уу” гэж асуусан талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Энэ мэтээр эхнээсээ иргэдийн “тархийг угааж”, мөнгөтэй болох гэсэн хүсэл дээр нь дөрөөлж, бизнес хийж эхэллээ. 1072 хувьцаагаа зарж, хэдэн төгрөг олж л байвал жаахан нааштай үг хэлсэн хүн бүхэнд итгэхээр байна.
 
Ер нь Тавантолгойн 1072 хувьцаа гэх хий хоосон зүйл иргэдийн сул тал болж хувирлаа. Улстөрчид хүртэл “Сонгуулийн дараа Тавантолгойг хөдөлгөөнд оруулна. Намайг л сонго” гэвэл сонгохоор болчихож. Уг нь бол Засгийн газраас одоо хүртэл хувьцаагаа зарж борлуулах, арилжаанд оруулах эрхийг нээгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа гэсэн үг юм. Зүгээр л хий хоосон хэдэн тоо.
 
Гэхдээ нөгөө талаар иргэд хувьцааны талаар ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй болох нь энэ бүх үйл явдлаас харагдлаа. Захын нэг компани гарч ирээд, хувьцааг чинь зарна, мөнгөтэй болгож өгнө гэж хэлэхээр итгэж л байна. Гар дээр нь хувьцаа гэж ганц ширхэг цаас ч байхгүй байхад шүү дээ. Мөн хятадууд нэг сая төгрөгөөр авч байна гэхээр л өч төчнөөнөөрөө гүйж очиж байна. Ердөө л мөнгөтэй болохын төлөө шүү дээ. Тийм болохоор иргэдээ жаахан ухааруулж, мэдлэг, мэдээлэлтэй болгох ажлыг хийхгүй бол хэний ч өгөөш болж болохоор байна шүү дээ. Ард түмний амьдрал ядуу байгааг мэдэж байна. Ихэнх нь л хэцүүхэн амьдралтай байгаа. Гэхдээ мөнгө өгнө л гэвэл юугаа ч аваачаад зарчихаар байж боломжгүй. Тавантолгой мөрөөдөл байж болно. Гэхдээ бас хөдлөөд, эргэлтэд орж, бидэнд ашиг тусаа өгөхийг ч огт үгүйсгэх аргагүй шүү дээ. Тийм болохоор бага ч болов найдаад байж байхад болохгүй юу байх вэ. Хувьчлалын үеэр иргэд цэнхэр, ягаан тасалбараа архинаас ч хамаагүй өгөөд, дууссан. Одоо хэд нь амаа барьдаг билээ.
 
Тавантолгой тийм хэмжээнд хүрч, ам бариулахгуй байх л даа. Гэхдээ хуучин түүхүүд бидэнд сургамж үлдээснийг мартаж боломгүй л байна. Гэх мэтээр иргэдийг жаахан ухааруулах, сэхээрүүлэх цаг болж. Тавантолгой ашигтай болбол хувцаа ямар их хэрэг болохыг. Ашгаа өгдөггүй юм гэхэд бусдын өгөөш, “тархи угаалтад” автахгүй байх хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй болгох талаар яриад байна.
 
Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-05-18 23:59:30
    Ард түмэн чинь үнэхээр хэцүү амьдар ч байгаа болохоор хувьцаагаа зарж байна.Ажилтай хүмүүс нь цалингын зээлтэй хөгшид нь тэтгэврийн зээлтэй бна шүү дээ
  • иргэн 2016-04-25 14:06:27
    Бухын доодхыг харж үнэг турж үхэв гэдэг болох нь, 5 толгой ашигтай ажиллаад иргэдэд ногдол ашиг өгнө гэсээр байтал хүний хорвоогын хугацаа нь дуусч байна.Худлаа...