Сонгууль угтсан содон шийдвэрүүдтэй долоо хоног
УИХ-ын 2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд улс төрийн амьдрал сонин үйл явдлуудаар дүүрэн өнгөрч байна. Өнгөрөгч долоо хоногт ч  сонгууль угтсан содон шийвэрүүд олны анхаарлын төвд байв.

МАН, МАХН эвсэхгүй

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт МАН-ын УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ олон нийтэд зарлав.  Уг нь МАН, МАХН-ынхан эвсэж УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор уулзалдаж байсан ч шийдэлд хүрч чадсангүй. Тиймээс МАН-ынхан хуулийн хугацаанд амжиж дангаараа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хүргүүлэв. МАН-ынхан Н.Энхбаяртай нэгдэж ирэх сонгуульд оролцох итгэл дүүрэнг байсан ч тэд шийдвэртэй хариу өгсөнгүй. Ингэснээр МАН сонгуульд дангаараа оролцох болов. Харин МАХН-ны зүгээс эвсэх яриа дуусаагүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсээр байв. Тэд хамтрах асуудлаар МАН-нд санал тавьж ч үзэв. Угаасаа хуульд намууд сонгуульд хэрхэн оролцох эсэхээ энэ сарын 28-нд мэдүүлэхээр байгаа. Тиймээс МАХН-ынхан үүнээс өмнө МАН-ыг хамтрах асуудлаа дахин бодож үзэх санал тавив. Тэд баасан гараг хүртэл МАН-тай эвсэх асуудлаа эцэслээгүй байна. МАХН-ынхан харгалзаж үзэх, хүлээлтийн хугацааг МАН-д өгсөн хэрэг л дээ. Харин МАН-ын гаргасан шийдвэрээсээ буцсангүй, МАХН-нд ч ямар нэг хариу өгсөнгүй.

Пропорциональ тогтолцооны заалтыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болов. Хурлаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”. 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэсэн заалтыг хүчингүй болгож байгаа гэсэн үг юм. Пропорциональ тогтолцооны заалтыг хүчингүй болгосон гэсэн үг. Гэхдээ асуудал хараахан эцэслэгдээгүй. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг УИХ хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаж дээрх асуудлыг дахин хэлэлцэнэ. Харин энэ бол эцсийн шийдвэр байх юм.

Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт боллоо

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцсон байна. АSEP-ийн уулзалт амжилттай зохион байгуулагдаж үүний үр дүнд тунхаглал баталлаа. Парламентын төлөөлөгчид салбар хуралдаанд идэвхитэй оролцсон бөгөөд уулзалт найрсаг хамтын ажиллагааны уур амьсгалтай болж өнгөрлөө. АСЕМ-ын бэлтгэл гэж хэлж болох ASEP-ийн уулзалт нь АСЕМ-ын  20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Уулзалтын явцад улс орны илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал санаачлагууд нь  ASEP-ийн есдүгээр уулзалтын тунхаглалд тусгагдах учиртай аж. Учир нь энэхүү тунхаглалыг АСЕМ-д танилцуулах юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянгад хүргэв

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж 240 мянган төгрөг болгох шийдвэр гаргаснаа пүрэв гарагт мэдээлэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  хоёр  жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Гэвч хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний 07 тоот тогтоолоор сард 192 мянган төгрөг буюу нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож  мөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй өнгөрсөн байдаг байна.
Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 20-ны хурлаараа хэлэлцээд 04 тоот тогтоол гаргаж  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх аж.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.