СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал болж байна
СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өчигдөр “Blue sky” зочид буудалд албан ёсоор нээлтээ хийлээ.
“Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулж буй уг хуралд хуралд Бразиль, ОХУ, Хятад, Колумб, Солонгос, Япон гэх мэт нийт 13 орны 22 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Уг үйл явдлын талаар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, СоцИнтернийн олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хүндэт Ерөнхийлөгч, Италийн Парламентийн гишүүн Пиа Локатилла, СоцИнтернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “НАМЭХ-ын холбоо СоцИнтернийн олон улсын байгууллагатай хамтран Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаагаа Соц Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг зохион байгуулахаар нэг жилийн өмнө шийдвэрлэсэн. Энэ хурал маань өнөөдөр эхэлж байгаад баяртай байна.

Энэхүү хуралд СоцИнтернийн олон улсын байгууллагын гишүүд, хүндэт Ерөнхийлөгч гэх мэт 13 улсын 22 зочин ирсэн. Хурлаараа бид гурван чухал асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн өнөөгийн байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар хэлэлцэж, итгэлүүд тавигдана.

Хоёрдугаарт, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуудлаар олон улсаас ирсэн зочидтойгоо санал бодол, туршлага солилцоно.

Гуравдугаарт, ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх болно” гэв.

Эхний илтгэлийг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар тавихаар бэлтгэжээ.

Энэ талаар СоцИнтернийн олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хүндэт Ерөнхийлөгч, Италийн Парламентийн гишүүн Пиа Локатилла ярихдаа “Танай улсад ээлжид хурлаа хийж байгаад баяртай байна. Манай СоцИнтернийн олон улсын байгууллага дэлхийд хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа улс төрч эмэгтэйчүүдийн байгууллага. Бид нар 100 жилийн тэртээ үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай байгууллага улс төрд дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах, нийгэм дэх эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурлалтыг эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой. Аливаа улс орны улс төрийн намд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх буюу квот гэдэг системийг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэгт бидний зорилт оршдог. Өнөөдөр дэлхий дахины 192 улсаас 120 улс нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квот систем хэрэгжиж байна. Тэдгээр орнуудаас хэд хэдэн улс орнууд квот системийг амжиллтай хэрэгжүүлж байгаа. Тэр туршлагыг энэхүү ээлжит бус чуулганаараа ярилцана” гэв.

Дэлхий даяар 3 эмэгтэй тутмын 1 нь ямарваа нэг хүчирхийлэлд өртдөг, эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийн цалингийн 60-75 хувьтай тэнцдэг, дэлхийн олон оронд шашин, ёс заншлын улмаас насанд хүрээгүй охидын эрх зөрчигдөж байгаа гэх мэтчилэн олон тулгамдсан асуудлууд байсаар байгаа нь СоцИнтернийн хурлыг олны анхааралд оруулж байна.

Бүс нутгийн түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бодитой нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тодорой зорилго зорилтыг үе шаттайгаар улс орнууд өөрсдийн онцлог нөхцөл байдлыг харгалзан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэхийг зөвлөсөн “Улаанбаатарын тунхаглал “-ыг энэ удаагийн хурлаас батлан гаргах ажээ.

Түүх сөхвөл анх Германы иргэн Клара Цеткин тэргүүтэй эмэгтэйчүүд эрхээ хамгаалах зорилгоор Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулах шийдвэр гарган, Герман улсад Европ, Америк, Ази тивүүдийн 58 орны төлөөлөгчдийг оролцуулсан анхны Бага хурлыг 1907 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулснаар Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага байгуулагджээ. Өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Канад, Англи, Австрал, Бразил зэрэг 130 гаруй улс орнуудын Зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэн НҮБ-д бүртгэгдсэн хүчирхэг олон улсын байгууллага болсон байна.

СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр үргэлжлэх юм.
 
Б.Дэжид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б,Алтан цэцэг  2016-12-13 07:45:04
    эмэгтэйчүүд хүүхдийн асуудал нэн хүнд байна. гэр бүлийн хүчирхийлэл их боллоо эрчүүд эхнэрээ араар тавих нь энгийн асуудал болжээ
  • ZOCHIN 2016-04-23 04:47:49
    gadniihniig M A NAMIIN HURAL BOLGOJ SUULAJ GUTAAJ BAIN UUNIIG OILGUULAD UGEH ZALUUS BAIDGUMUU HARSAAR BAITAL MUUN M A NAMIIN HURAL BAINAA
  • Zochin 2016-04-23 04:04:55
    Olon ulsiin sots interniin hurliig MAN-iin emegteichuudiin hural bolgochih yumaa, busad namiin emegteichuudiin teleelel yagaad oroltsoogui yum