Зайсан толгой орчмын иргэн, ААН-үүдийн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээнд шалгалт хийлээ

Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Хан Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан толгой” орчмыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, өнгө үзэмжийг сайжруулах, тохижуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжтай Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Хан Уул дүүрэг, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын газрын төлөөлөл орсон.

 Ажлын хэсгийн эхний хурал болж, Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын газраас товч мэдээлэл хийсэн. Мэдээллийн хүрээнд холбогдох бүх байгууллагынхан оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зайсан толгой болон Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын бүсэд байрлаж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус бүсэд байрлаж, газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нь тохижилтондоо огт анхаарахгүй, хог хаягдал, эвдэрсэн хашаа хайс хашлага ихтэй байгаагаас гадна ихэнхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг зөрчил илрэв.

Мөн амралтын газруудад нь гэмт хэрэг их гардаг, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Тиймээс ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн чиглэлээр хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг нь хангаж байгаа эсэхэд дахин хяналт тавихаар боллоо.

Ард иргэд Зайсанд баячууд амьдардаг, хамгийн сайхан газар гэж боддог ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинтой, хогондоо дарагдсан хотын өнгө үзэмжинд нөлөөлсөн газруудын нэг болсон байна. Тиймээс Зайсанд амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна тохижилт, эрүүл ахуйдаа анхаарах цаг болжээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.