Би том болоод байшин баривал өөрөө загварыг нь гаргана
Амьдрах чадварын хичээлээр олон зүйлд суралцаж байгаа. Би том болоод байшин баривал өөрөө загварыг нь гаргаад барина. Бас хамаатан садангууддаа ч гэсэн байшингийнх нь загварыг нь гаргаж өгнө гэж боддог хэмээн цовоо дуугаар хүүрнэх хүүг 58-р сургуулийн 7 б ангийн сурагч Ганболдын Оюунбат гэдэг. Би түүнтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн”-ийн үеэр уулзсан юм.

- Амьдрах чадвар сургалтын үйл ажиллагаа хичээл ямар санагдаж байна вэ?

-Энэ хичээл маш сонирхолтой. Хамгийн гол нь бид нар баг болж ажилладаг. Өөрсдөө бүх зүйл дээр оролцож төлөвлөгөө гаргадаг. Их сонирхолтой. Хүүхэд бүр хичээлдээ идэвхтэй оролцож гол нь бид бүгдээрээ нийтэч нэг санаатай байж чаддаг.

-Энэ хичээл орж эхэлснээс хойш танай ангийн хүүхдүүдэд яаж нөлөөлж байна вэ? Чамд ажиглагдсан зүйл байна уу?

-Манай ангид 1-р ангиасаа 7 анги хүртлээ ярьж байгаагүй нэг хүүхэд байсан. Тэгтэл энэ намраас эхлэн Амьдрах чадварын хичээл орох болсноор хоёрхон хичээлийн дараагаас тэр хүүхэд их сайн ярьдаг болсон. Би өмнө нь юм ярьж байхыг нь бараг л мэдэхгүй. Ерөөсөө дуугардаггүй хүүхэд байсан юм. Хааяа л нэг ганц 2 үг хэлдэг байсан. Харин одоо маш сайн ярдаг. Хичээлд идэвхтэй оролцдог болсон. Би их баяртай байгаа.



58-р сургууль өөрсдийн гэсэн музейтэй болохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэхүү төлөвлөгөөг “Амьдрах чадвар сургалтын үйл ажиллагаа” хичээлийн хүрээнд хүүхдүүд өөрсдөө санаачлан боловсруулсан бөгөөд  сургуулийн багш захирал эцэг эхчүүд хүүхдүүдтэй хамтран ажиллаж байгаа гэлээ.

Ингээд 58-р сургуулийн  Монгол хэлний багш Х.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр сургуулийн түүхээ судалж түүхийн музейтэй больё сэдвээр өнөөдөр хичээл заасан юм.

-“Амьдрах чадвар сургалтын үйл ажиллагаа” хичээл хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Энэ хичээл долоо хоногт хоёр цагаар ордог. Манай сургууль энэ хичээлийн нэг цагийг 80 минутаар тавьж өгсөн нь хүүхдүүдэд маш сайнаар нөлөөлж байна. Хүүхдүүд аливаа зүйлийг хийхдээ  хэд дахин хэмжиж шалгаж нягталж байж хийдэг болсон. Дурдаад байвал олон сайн зүйлүүд ажиглагдаж байгаа.Нөгөөтээгүүр хүүхдүүд Сургуулийн түүхээ судлах ажлын хүрээнд түүхийн музейтэй болох ажлын эхлэл тавигдсан. Хүүхдүүд 58-р сургуулийг төгссөн хүмүүстэй уулзаж их мэдээлэлтэй болж байгаа. Тэгэх тусам хүүхдүүд сургуулиа төгсөн гарсан үе үеийн төгсөгчдөөр улам илүү бахархах сэтгэлтэй болж байна. Одоо сурагчид музейн загвараа хийж эхэлсэн. Музейн хаана нь юу байх вэ гэдгээ хүртэл төлөвлөсөн байгаа.
       
Мөн музейтэй болохын тулд санхүү хэрэгтэй. Тиймээс хоёрдогч түүхий эдийг цуглуулах саналыг дэвшүүлэн сургууль дээрээ аян зохион байгуулсан. Эхний тооцоогоор хамгийн доод тал нь 434,000 төгрөг цугларах боломж байгаа нь харагдаж байна. Аян хараахан дуусаагүй байгаа.

-Зөв Монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжиж эхлээд дөрвөн жил өнгөрлөө. Энэ хугацаанд хүүхэд болон багш нарт тийм л өөрчлөлт гарлаа гэж хэлбэл та юуг онцлон дурдах вэ?

-Өмнө нь багш нар их ярьдаг байлаа. Хүүхдүүдээр бараг л юм яриулахгүй шахуу. Харин одоо эсрэгээрээ. Багш нар чиглүүлээд өгвөл хүүхдүүд маш сайн судалж дүн шинжилгээ хийж байх жишээтэй. Мөн хүүхдүүдтэйгээ уралдан мэдээ мэдээллийг авч байхгүй бол заримдаа тэднээс ч хоцрох магадлалтай.Энэ өнгөрсөн дөрвөн жилийг өмнөх он жилүүдтэй харьцуулахад багш болоод хүүхдүүдэд маш их өөрчлөлт гарсан гэж би хэлж чадна.  

Ярилцсан баярлалаа.  Танд ажлын өндөр амжилт хүсье.
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.