Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Авлигатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолоор, байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болжээ.

Тогтоолд, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг шинэчлэн баталжээ.

Энэ журмын зорилго нь шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоож, уг цахим хуудсанд мэдээлэл тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд

төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит хуулийн этгээд, үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч нь шилэн дансны цахим хуудсанд Шилэн дансны тухай хууль болон энэ журамд заасны дагуу холбогдох мэдээллийг тавих үүрэгтэй юм.

Энэ тогтоолд зааснаар, байгууллага бүр өөрийн цахим хуудсанд шилэн дансны цэстэй байх бөгөөд шилэн дансны цэс нь хэдэн дэд цэстэй байх, тэдгээр нь ямар мэдээллээс бүрдэх, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээд, үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, түүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллага ямар хугацаанд ямар мэдээллийг нийтэд мэдээлэх, шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хэн, хэрхэн эрхлэн хөтлөх, шилэн дансны нэгдсэн цахим хуудасны хэрэглэгч хэн байх, хэрхэн тайлагнах зэрэг асуудлыг дээрх тогтоолоор нарийн журамлажээ.

Тухайлбал, шилэн дансны цэс нь төсөв/гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, бусад, Сангийн яамны мэдээлэл гэсэн дөрвөн цэстэй байхаар, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоон болон чанарын үзүүлэлтийн төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 4 дүгээр сарын 25-ны дотор цахимаар, төрийн өмчит аж ахуйн нэгж нь цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ хийгдсэнээс хойш зарлагын гүйлгээ бүрт түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбарын хамт 7 хоногийн дотор цахимаар, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн талаарх улирал бүрийн мэдээллийг дараа сарын 15-ны дотор цахимаар мэдээлэх ёстой ажээ.

Мөн шилэн дансанд мэдээлэл тавьсан албан тушаалтан, тухайн асуудал хариуцсан нэгж нь байршуулсан мэдээллээ улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албанд дараа сарын 15-ны дотор тайлагнахаар байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.