Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг Монгол Улсын агаарын тээврийн болон дэд бүтцийн хөгжлийн том зангилаа болох учиртай. Бид иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд орох нэгэн чухал үйл явдлын гэрч болж байна. Ховд хотын нисэх буудалд том оврын онгоц анх удаа газардлаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МИАТ компанийн БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцохдоо хэллээ.

Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэлээд Ховд болон баруун бүсийн аймгууд аялал жуулчлалын төв, мөн БНХАУ, ОХУ-ын зах хязгаар нутгийн хотуудын ачаа тээвэр, зорчигч тээврийн зангилаа болох учиртай. Засгийн газар энэ боломжийг хангахын төлөө ажиллана гэлээ.

Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээхүйц үйл явдал болж байна. Энэ том ажлыг эхлүүлсэн иргэний нисэхийн салбарын хамт олонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүслээ.

БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд болон аймгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл, иргэний нисэхийн салбарынхан оролцлоо.

Агаарын тээврийн салбарынхны санаачилга ажил хэрэг болж, орон нутагт том оврын онгоц нислэг хийж байна. Нислэгийг тогтворжуулснаар энэ ажил үр өгөөжөө өгнө. Зөвхөн баруун хязгаар биш дараагийн ээлжинд зүүн аймгуудад том онгоц нисдэг болно. Чойбалсан хотын нисэх буудлыг засч тохижуулах ажлыг хийнэ гэж Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ.

Улаанбаатараас Ховд хүрэхэд автомашинаар 100 гаруй мянган төгрөгийн зардлаар 2 хонож ирнэ. Харин 200 мянган төгрөгийн зардлаар БОИНГ онгоц хөлөглөөд хоёр цагийн дотор Ховд хотод ирэх боломж бүрдлээ гэж зорчигчид ярьж байна. 

Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.

Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч гуравдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж байсан юм.

Орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл солибол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой. Энэ нь аялал жуулчлал хөгжихөд тустай. Тухайлбал, Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, агаарын компанийн нэг тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчдад ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулах боломж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгоход санаачилгатай ажиллах шаардлагатай гэж салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгч байсан  өгч байсан нь ажил хэрэг боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-22 07:32:25
    Сонгуульд зориулсан ажлаа энэ АН болих хэрэгтэй, одоо АН-ыг ард түмэн сонгохгүй, дахиад улс орноороо тоглуулахгүй,