Бүгдэд хамаатай Цэцийн шийдвэр
Үндсэн хуулийн тулгуур зарчим нь УИХ-ын гишүүн ард түмнээсээ шууд сонгогдоно гэсэн байдаг. Харин манай улсын хувьд өнгөрсөн 2012 оны сонгуулиар дээрх зарчмаа зөрчсөн гэх. Энэ тухай Цэц өнгөрсөн долоо хоногт  хуралдсан хуралдааныхаа дараа нийтэд мэдээлэв.

Ер нь дэлхийн улс орнууд мажоритар, пропорциональ, холимог гэсэн гурван сонгуулийн системийг түгээмэл ашигладаг байна. Холимог гэдэг нь мажоритар, пропорционалийн аль алины элементийг багтаасан ойлголт. Манай улсын хувьд парламентын сонгуулийг 1992 оноос явуулж байгаа бөгөөд ингэхдээ мажоритар системийг баримталж байсан.

Харин 2012 оны сонгуулиар хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбараар 28 гишүүнийг сонгосон. Өөрөөр хэлбэл, тухайн нам 28 хүртэлх хүний нэрийг жагсааж, намынхаа авсан саналын тоог хувь тэнцүүлэн бодож гишүүн болох хүний тоог жагсаалтын эхнээс гаргасан. Мөн олонхийн буюу мажоритар тогтолцолцоогоор 48 гишүүнийг сонгосон юм. Аймаг, нийслэлийг олон мандаттай тойрог болгон хувааж, тэндээс нэр дэвшигчийг сонгосон.

2016 оны УИХ-ын сонгуулийг ч энэ байдлаар явуулахаар Сонгуулийн тухай хуульд тусгасан байв. Харин энэ сарын 14-нд Үндсэн хуулийн Цэц хуралдаж Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1.1 дэх заалт буюу “хувь тэнцүүлсэн (пропорциональ)”, 120 дугаар зүйлийн гурав дахь хэсэг “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг шүүхээр болсон юм.  Энэ тухай шийдвэр өнөөдөр гарна.

Гэвч өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэсэн шийдвэрийг Цэц гаргаж байв. Нэг заалтаар эсрэг тэсрэг дүгнэлтийг Цэц гаргалаа гэсэн үг. Үйл явцад дүгнэлт хийсэн учир мэдэх хэсэг үүнийг цэвэр хуйвалдаан гэх. Тэдний таамаг АН, МАН-ын тохироо гэх мэтээр үргэлжилсээр байх. Угаасаа энэ асуудал АН, МАН-ын хүсэл сонирхол нэгдсэн цагт л биелэлээ олно. “Үндсэн хууль зөрчилдөж байна” гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхэд тэдний сонирхол нэгдэнэ гэсэн ойлголт байж таарч байгаа юм.

Уг нь ямар заалтаас үл хамааран сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт өмнөх хуулиудад байсан. Харин сүүлд батлагдсан Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй, хасагдсан. Гэвч УИХ-ын тогтоолд сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалт хүчинтэй хэвээрээ байгаа. Иймээс тогтоолоо дагах хэрэгтэйг зарим улс төрчид сануулсаар байна.
2016 оны УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулах тухай хуулийг хэлэлцэж байхад МАН-ынхан “Манай нам 100 хувь мажоритар системийг дэмжинэ” гэсэн байр суурьтай байсан. Гэвч АН-ынхан 28:48 тогтолцоогоо цааш үргэлжлүүлэх байр сууриа хамгаалж үлдсэн. Гэвч сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа байхад Цэц 2012 оныхоо шийдвэрийг эргэн харахад хүрлээ. Бид ирэх зургаадугаар сарын 29-нд ямар байдлаар сонгуулиа явуулах нь өнөөдрийн Цэцийн дүгнэлтээс хамаарна.

Цэц Үндсэн хуулийн тулгуур зарчмаа баримтлах уу үгүй юу гэх асуулт ч өнөөдөр хариултаа авна.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үгээр тоглохоо боль 2016-04-22 04:52:50
    Холимог, эсвэл пропорционалаар сонгуулиа явуулдаг улс орнуудад гишүүд нь ард түмнээсээ сонгогдсон хүмүүс биш гэсэн үг үү. Аль ч тохиолдолд ард түмний л сонголт ...
  • adgiiin muuhai  2016-04-22 01:13:22
    haldashgui darhan baidal ni buuranguuut namnaad bai ATG aa. bad buutai humuus mini ee.