Хэн юу хэлэв
Д.Дорлигжав: Р.Чингисийг огцруулахад улс төрийн шалтгаан байхгүй


 
-Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнгөрөгч лхагва гарагт Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн билээ. Тэгвэл Д.Дорлигжав энэ үйлдлээ ямар нэг улс төрийн шалтгаангүй хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
 
Тэрбээр, “Би энэ асуудлыг Ерөнхий сайдад тавьсан нь үнэн. Огцруулах асуудлыг хөндөх хэд хэдэн шалтгаан байна. Батлагдсан дүрэм журмаа зөрчиж шийдвэр гаргадаг, хоёрдугаарт, нийгмийн сэтгэлзүйг сайн ойлгохгүй, байдлыг хурцатгасан байдлаар ажиллаж, хариуцсан яамандаа тухайн үед нь мэдээлэл өгдөггүй, үйл явдал болоод өнгөрсөн хойно бид хэвлэлээс мэдэж байх жишээтэй. Энэ мэт удирдлагын шинж чанартай асуудал гараад байгаа. Тиймээс би Ерөнхий сайдад санал тавьсан юм. Огцруулах асуудлыг тавихад улс төрийн ямар нэг шалтгаан байгаагүй. Ерөнхий сайдад энэ асуудлыг би биечлэн тавьсан учраас хэвлэл мэдээллийнхэн энэ талаар мэдээгүй байж магадгүй. Цагдаагийн байгууллага л юм бол Хуульзүйн яамтайгаа харилцдаг, харьяалагддаг байх ёстой. Үгүй бол даргыг нь томилсон Ерөнхий сайдынхаа шууд удирдлага дор ажиллах хэрэгтэй. Ингэж хоёр эзэнтэй мэт явж ажлыг цалгардуулж болохгүй” хэмээн ярьжээ.
 
Дашрамд дурьдахад, огцруулах асуудал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн Баянгол зочид буудалд байрлах хоёр компанид санхүүгийн шалгалт хийхдээ тусгай хүчин дайчилсан, мөн нийгмийг айдаст автуулсан, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хорьсон атлаа салбарын сайддаа гурван настай хүүхэдтэй хэмээн худааа мэдээлэл өгсөн зэрэг нь Р.Чингисийг албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэх мэдээлэл байгаа юм.
 
Х.Тэмүүжин: Н.Энхбаярын ял Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар өршөөгдчихсөн


 
-УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуулийн зургадугаар зүйл заалт буюу “ялтай байдлын хугацаа”-г өршөөсөн асуудлыг хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг нууцаар хэлэлцсэн гэх мэдээлэд цацагдаад байгаа билээ. Энэ заалтыг хууль хэрэгжүүлэгчид мөрдөхгүйгээс өмнө ял эдэлж байсан олон ч хүн өршөөгдөхгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин энэ тогтоолыг АН-ынхан Н.Энхбаярт зориулан батлах гэж, улмаар Н.Энхбаярыг ялгүй болгож сонгуульд нэр дэвших боломжоор хангах нь гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тайлбар өгчээ.
 
Тэрбээр, “Хууль зүйн байнгын хороо ямар нэг асуудлыг нууцаар хэлэлцээгүй. Хууль зүйн байнгын хороон дээр хуулийг нэг мөр ойлгохтой холбоотой тогтоол гаргахгүй бол асуудал үүсч байна гэдэг л зүйл болсон. Энэ нь Өршөөлийн хуультай холбоотой. Яагаад гэвэл Өршөөлийн хуулийн зургадугаар зүйлд дөрвөн хугацааг өршөөсөн байгаа. Тэрний нэг нь “ялтай байдлын хугацаа”-г өршөөсөн. Үүнд Ерөнхийлөгч хориг тавиагүй. Хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хууль зүйн байнгын хороон дээр АТГ-ын энэ мэдүүлгийн талаар ярьсан. Харамсалтай нь АТГ-т Өршөөлийн хуулийг тайлбарлах эрх байхгүй. АТГ хэн нэгэн албан тушаалд томилогдох гэж байгаа хүнд сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлдог болохоос биш түүнийг ял эдэлж байгаа, эдэлж байсан эсэх талаар дүгнэлт гаргах эрх ямар ч хуулиар АТГ-т олгогдоогүй. Бүрэн эрхийнхээ хүрээнд ялтай гэдэг хугацаа өршөөгдсөн гэдэг нэгдсэн ойлголтыг өгөх хэрэгтэй. Энэ бол ганцхан Н.Энхбаярын асуудал биш юм. Цагдаагийн тодорхойлолт авч байгаа бүх хүнд хамаатай. Н.Энхбаярын тухайд өмнө нь авсан ял, гэмт хэргийнхээ тухайд бол өршөөгдсөн. Харин одоо шалгагдаж байгаа болон цаашид шалгагдах хуулийн асуудал дээр урьдчилан хэлэхгүй шүү дээ. Н.Энхбаярын асуудал гэж харах шаардлагагүй л дээ. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх гэж байгаа хүн бүхэнд хамаатай асуудал юм. Н.Энхбаяр гэдэг хүнийг “ялгүй болгох хугацаа нь дуусаагүй тохиолдолд албан тушаалд томилохыг хориглосон” гэдэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 онд өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдсөн” хэмээн ярьжээ.

Мөн Хуульзүйн байнгын хорооны дарга ч энэ тогтоол зөвхөн Н.Энхбаярт зориулагдаагүй хэмээн тайлбарласан юм.

С.Оюун: Ахын минь хэргээр улс төрийн шоу битгий хийгээсэй


 
Ардчиллын алтан хараацай нарын нэг С.Зориг агсаны төрсөн өдөр энэ сарын 20-нд буюу өнгөрөгч лхагва гарагт тохиолоо. Тэрээр амьд байсан бол өдгөө 53 нас хүрэх байжээ. Тэгвэл талийгаачийн хөшөөнд түүний дүү ИЗНН-ын дарга С.Оюун болон журмын нөхөд нь цэцэг өргөсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун сэтгүүлчдэд өдгөө ид шалгагдаж буй ахынхаа хэргийн талаарх санал бодооо хуваалцлаа.
 
С.Оюун гишүүн хэлэхдээ “Манай гэр бүл бол хохирогч. Хохирогчийн хувьд энэ хэргийг илрээсэй гэсэн байр суурьтай байдаг. Тэр хэвээрээ байгаа. Энэ хэргийн илрүүлэлтийн мөрдөн шалгалтын явцад бид ямар нэгэн байдлаар эерэг сөрөг байр суурь илэрхийлж ирээгүй. Мөн хэн нэгнийг тусгайлан юмуу аль нэг байгууллагыг цохон нэрлэж энэ хэрэгт буруутгах эсвэл зөвтгөх байр суурь баримталдаггүй. Учир нь, энэ хэрэг илрээгүй. Шалгагдаж дуусаагүй Эцэслэгдээгүй учраас бидний зүгээс аль нэг талд дүгнэлт хийх нь зохисгүй гэж боддог. Хуулийн байгууллагад итгэсэн хэвээр байгаа. Зарим хүмүүс гайхдаг байх. Гэвч бидэнд өөр арга байхгүй. Энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа хүмүүст итгэх нь зүйтэй. Эндээс ямар нэгэн хүн улс төрийн шоу битгий хийгээсэй гэж олон нийт хүсдэг. Бидний байр суурь ч үүнтэй ижил байгаа” гэв.
 
Харин энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороо мөн л лхагва гарагт хэлэлцүүлжээ. Энэ үеэр УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат энэ хэргийг шалгах явцад төрийн нууцтай холбоотой мэдээ, баримт авагдсан учраас төрийн нууцад хамааруулан шалгаж байгаа. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ тайлбарласан байна.
 
Монголын мэдээ
Б.Эрхэс
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.