Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалаа. Гишүүдийн олонх нь уг асуудлыг хэлэлцэхийг дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр, засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгажээ.

Батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон байна.

Төсөлд, Монгол Улсын цэргийн байгуулал, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинээр бүлэг нэмж, батлан хамгаалах асуудлаарх эрх бүхий субъектүүдийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж, зохион байгуулах болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрийн болон орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинэчилж тусгасан байна.

Төвийг сахих бодлого нь батлан хамгаалахын салшгүй хэсэг мөн бөгөөд Батлан хамгаалах яам нь үндсэн чиг үүргийн яам байх, батлан хамгаалах салбар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чиглэл рүү явах, батлан хамгаалахын бодлогоор дамжуулан эр хүн, эх оронч иргэнийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, дэлхийн хөгжлийн хандлага, хоёр хөршийн хөгжлийн бодлого түүний дотор үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг харгалзаж бодлогоо уялдуулах, насан туршийн боловсролын дамжлага бааз нь батлан хамгаалах салбар байх, хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойш тавилгүй яаралтай хэлэлцэж батлах зэрэгт   гишүүдийн санал чиглэгдэж байв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.