Ж.Батболд: Хууль ёсны ан агнуурыг бий болгох ёстой
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор  Ж.Батболдтой УИХ-аар хэлэлцэж байгаа Галт зэвсгийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим заалтын талаар ярилцлаа.

-Галт зэвсгийн тухай хуу­лийг УИХ-аар хэлэлцэж бай­гаа. Хуу­лийн өөрчлөлтөд БОНХЯ-ны­хан ихээхэн орол­цож байна гэ­сэн. Энэ талаар яриа­гаа эхлэх үү?

-Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж бай­гаа. Энэ хуулийг зохистой гар­гуулахын төлөө БОНХЯ өн­дөр амбицтай оролцож бай­на. Яагаад ингэж байна гэ­хээр Мон­гол Улсад батлан хамгаала­хын салбарын буу­наас гадна 47 мян­ган галт зэв­сэг  байгууллага, ир­­гэний гар дээр байна.

Үүнээс 44 мянга нь ангийн буу.  Манай улсад бүртгэлтэй галт зэвс­гийн 94 хувь нь ангийн буу байна гэсэн үг юм. Ямар буугаар ан хийх, ямар бууг худалдаалах, ир­­гэдийн гарт очлоо гэхэд зо­риу­­лалтын дагуу хэрэглэх гэх мэтээр Галт зэвсгийн ту­хай хууль энэ бүх асуудлыг зохи­цуу­­лах шаардлагатай байна.

Буу бол аюултай зүйл. Галт зэвсгийн т­у­­хай хууль гэдэг маань үнэн хэ­рэг­тээ ангийн бууны хууль гэж ойл­­гож болно. Иймээс БОНХЯ маш хариуцлагатай, идэвхитэй орол­­цож байна. Манай яамны орол­цоог Хууль зүйн яамнаас дэм­жиж, хамтарч байгаад баяр­тай байгаа.  

-Галт зэвсгийн тухайн хуульд автомат буюу байл­даа­­ны буугаар ан хийхийг хо­риг­­лох  зүйл заалт оруулж бай­гаа гэж яригдаж байсан. Үнэн үү? Яагаад?

-Галт зэвсэгтэй холбоотой хам­­гийн төвөгтэй нэг зүйл нь байл­дааны буу, сумаар ан хийж байгаа яв­дал юм. Яагаад байл­дааны буу гэж то­дот­гож хэлж байна вэ гэ­хээр цэр­гийн зориулалтаар үйлд­­вэр­­лэ­сэн бууг ашиглаж ан хийж бай­на. Нэгдүгээрт, цэр­гийн бай­­­­гуул­лагад ашиглаж бай­­сан бууг иргэдийн гарт бэ­лэг, ху­дал­даа­гаар очсон СКЗ, Вин­­тов, СВД  зэ­рэг мар­кийн цэ­вэр байл­­дааны буу.

Хоёр­ду­гаарт, ОХУ-ын зэвсэг­лэлд бай­сан АКА, СКЗ зэрэг байл­даа­ны бууг үйлд­вэрийн аргаар өөр­­чилж Тигер, Сайга, Вепер гэх мэт өөр нэрээр гар­гасан, ан амьтныг олноор сүйтгэдэг ав­томат буу ма­най ул­сад олон тоо­г­оор орж ир­сэн яв­дал. Эдгээр буугаар ан хийж байгаа нь бидний тооцоогоор амьтан хө­нөөх устгах чадварыг  хэдэн арав дахин нэмэгдүүлж байна. Ан­гийн болон байлдааны буу юугаа­раа ялгаатай байдаг вэ гэхээр ан­гийн буу механик замагтай бай­д­аг. Харин байл­дааны буу нь автомат.бай­даг.

Өөрөөр хэл­бэл, буу өөрөө өөрий­гөө цэ­нэг­лэж бай­вал ав­томат, хүн хийж байвал ме­ханик гэсэн үг. Дэл­хийн ихэнх оронд механик замагтай буу­гаар ан агнахыг зөвшөөрсөн бай­даг. Монгол орны хувьд ан амьтан нь жилээс жилд цөөрч байгаа ийм нөхцөлд автомат буу ашиглах шаардлага байх­гүй.

Энэ бол манай улсын нэн даруй шийдэх асуудал. Өн­дөр хөгжилтэй ан амьтан нь хан­галт­тай өссөн ангуурын бүс ну­таг ангийн бүс нутаг бий бол­гочихсон, ангийн соёл, ёс зүй нь төлөвшсөн орныг дуурайж ав­то­мат бууг анд хэрэглэх шаард­лага байхгүй. Жинхэнэ уламж­лалт механик замагтай буу ашиглах ёстой. Сүүлийн үед ав­томат, хагас автомат буу гэж яригдаад байгаа. Хагас автомат буу гэдэг нь гох дарахад нэг сум гарахыг хэлээд байх шиг байна. Гэхдээ би түрүүнд хэл­сэн. Буу өөрөө өөрийгөө цэ­нэг­лэж байвал автомат гэсэн үг.

Гэ­тэл хүмүүсийн толгойг эр­гүү­лээд хагас автомат яриад бай­на. Ан амьтан ганцаараа явах нь ховор. Ихэвчлэн сүр­гээрээ явдаг. Тэгвэл буудагч нү­дэнд туссан амьтнаа буу­дах болохоос бүх амьтныг шарх­­дуулах ёсгүй. Автомат буу  өөрий­гөө цэнэглэдэг учраас амь­танд хор хөнөөл ихтэй. Нэг амь­тан агнахын тулд буудагч бүх амьтныг сэглэх боломжтой гэ­сэн үг. 

-Сумны хувьд ч гэсэн ял­гаа­тай байдаг биз дээ?

-Ангийн болон байлдааны буу­ны өөр нэг ялгагдах шинж нь сум. Байлдааны бууны сум нь ган бүрээстэй. Мөн ни­сэл­тийн хурд өндөр байдаг болохоор байн­даа хүрээд нэвт гараад яв­даг. Өөрөөр хэлбэл, хөнөөл ба­га­тай. Цэргийг алах биш жаг­саалаас гаргах зориу­лалттай хий­сэн байдаг.

Одоогоор байл­даа­ны сумыг хүмүүс ан агнах­даа  хэрэглэх нь их байна.  Байл­дааны сумаар ан амьтан агнахаар амь­тан шарх аваад давхиад яв­чихдаг. Ан хийсэн нөхөр ч бууд­сан ангаа авлаж чадалгүй хоцор­дог. Байлдааны автомат буу, су­­маар буудуулаад шарх авсан амь­­тан  хэсэг хугацааны дараа хаа нэг газар очоод үхдэг.

Нөгөө ан хийсэн нөхөр дараагийнхаа амьт­­­ныг шархдуулахаар цааш яв­­даг. Харин ангийн бууны сум хар ту­галгатай, тал бүрээстэй бай­­даг. Хар тугалга хортой бай­даг бо­лохоор амьтныг оноход ихэвч­лэн үхэлд хүргэдэг бянттай. Ан­гийн бууны сум нь бянтныхаа зу­­раа­саар  бүрээс нь задарч, зад цо­­хиж  амьтанд үхлийн шарх өг­дөг.

Үүгээрээ ялгаатай. Тиймээс маш хурдан хугацаанд сумлагддаг хө­­нөөл багатай сумтай буу нь (байл­дааны сумтай автомат) ан амьт­ныг авладаг биш олноор нь там­ладаг буу юм.  

-Та 44 мянга гаруй бүртгэл­тэй ангийн буу байгаа гэ­сэн. Үүнээс автомат буюу байлдаа­ны зориулалттай нь хэдэн буу байна вэ?

-Ангийн 44 мянган буу бай­гаа­гаас зургаан мянга гаруй нь автомат буу байна. Энэ нь нийт ан­гийн бууны 13 хувь гэсэн үг. Тэгэ­хээр галт зэвсгийн тухай хууль  зур­гаан мянган автомат бууны асууд­лаас болж түр хойшлоод бай­гаа юм. Хууль нийтийн эрх ашгийн төлөө гарах ёстой.

Одоо УИХ-д оруулж байгаа хуулийн төсөл бол нийтийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалах эрх ашигт нийцсэн төсөл. Зургаан мянган автомат буунаас болоод энэ хууль гацах ёсгүй. Гэхдээ эдгээр буунууд ч гэсэн хүний хувийн өмч. Энэ дээр л тогтож гарцыг зөв олох нь чухал. ОХУ өөрдсийнхөө үйлдвэрлэсэн Тигер, Сайга, Вепер зэрэг буугаар ан хийхийг хориглочихсон.

Үйлд­вэр­лэгч орон өөрсдөө эдгээр буу­нуу­дыг ан хийхэд гарах хор хө­нөө­лийг тогтоогоод хориглосон шийдвэр гаргасан. Бүр 2009 онд хориглох шийдвэр гарсан байдаг.

-Хэрэв хууль энэ төслөөрөө батлагдвал зургаан мянган ав­то­мат буугаа яах вэ. Хуулиар ан хий­хийг хориглосон бо­ло­хоор юунд ашиглахад тохиромжтой вэ?
-Юуны түрүүнд хуульд автомат бууг ангийн зориулалтаар импорт­лохгүй байхаар тусч байгаа тул тоо нь нэмэгдэхгүй. Харин 6000 буунд хэдэн хувилбар байж бол­но. Зургаан мянган бууны гурван мян­га орчим нь малчдын гар дээр бай­на гэсэн судалгаа бий.

Тиймээс малчдын бууг  зөвхөн хотондоо хэрэглэх буюу малаа араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглах эрхийг олгоход  хуулийн төсөлд  явж байна. Харин ан агнахаар үүрч явбал асуудалд орох болно.   Гэхдээ автомат бууг малчдад дахиад олгохгүй гэсэн үг. Одоо байгаа бууг ашиглаад дуусгана гэсэн үг. Үлдсэн автомат бууг үндсэндээ ангийн хоббитой хүмүүс буюу  нийслэлийн иргэд эзэмшиж байна.

Тэдгээрийг анд ашиглах эрх олгохгүй. Ашиглаж байсан буугаа цуглуулгын маягаар хадгалж эсвэл буудлагын газруудад спорт маягаар хэрэглэж болно. Өөр нэг хувилбар нь маш өндөр татвартайгаар ангийн зориулалтаар үлдээж болох юм. Жишээ нь, ангийн зориулалттай буу эзэмшиж байгаа иргэн бууны татварт арван мянган төгрөг төлдөг бол автомат буутай иргэн зуун мянган төгрөгийн татвар төлнө гэдэг ч юм уу.

Энэ мэт олон арга байж болох юм. Бүр нэг муу хувилбар нь  төр тэдгээр хүмүүсийн бууг худалдаж авч устгах. Эдийн засгийн чадавхитай баян оронд ийм практик байдаг. Гэвч Монгол Улсад ийм боломж бий билүү. Энэ асуудал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал.

Гурван мянган хүнд зориулж буу худалдаж авалгүйгээр шийдээсэй гэж хүсч байна. Үнэнийг хэлэхэд, бололцооны амьдралтай маш олон хүн автомат буу хэрэглэж байгаа нь нууц биш. Энэ хүмүүсийг автомат буугаар ялангуяа байлдааны сумтай автомат буугаар ан агнахаасаа сайн дураараа татгалзаасай гэж уриалмаар байна.  Болж өгвөл буугаа зургийн аппаратаар солиоч гэмээр байна. Бүр болдоггүй юм бол тийм буугаа зүгээр гэртээ хадгалчихаач. Тэглээ гээд та хоосон хонохгүй шүү дээ.

-Галт зэвсгийн хууль батлагдахад ямар нэгэн гацалт байна уу. Ан хийх сонирхолтой гишүүд энэ хуулийг дэмжихгүй байгаа гэх яриа байна лээ?

-Бид галт зэвсгийн хуулийн талаар хоёр ч удаа УИХ-ын нилээд хэдэн гишүүнд танилцуулга хийсэн. УИХ-ын гишүүдээр буудлага хийлгүүлж энэ талаар мэдээлэл өгсөн. Бид ан агнуурыг аюулгүй хийх, байгаль, экологи, ан амьтдын тоо толгой, өсөлт хөгжлийг илүүтэй анхаарсан нийгэмд тохирсон хуулийн төсөл са­­наачилсан болохоор дэмжигдэнэ гэж бодож байна.

-Хууль бус ангийн хор хөнөөл өнөөдөр Монгол Улсад ямар хэмжээнд хүрээд байна вэ?

-Нэн ховорт тооцогдох амьтдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байна. Тухайлбал, хүдэр, бөхөн, хулан, ховроос баавгай, буга, хойлог, хар сүүлт зэрэг амьтдыг хүмүүс маш олноор агнаж устгаж байна шүү дээ. Жишээлбэл, хар сүүлт гэдэг амьтан арваад жилийн өмнө 44 мянган тоо толгой байсан бол өдгөө 12 мянга хүрэхгүй үлдсэн байна. Баавгайг хоног тутамд нэгийг устгаж байна.

Жилд бараг баавгайн 365 ширхэг арьс зөвхөн урд хил дээр хураагдаж байна шүү дээ. Элбэг байдаг амьтдаас тарвага, цагаан зээр, чоныг үй олноор нь хөнөөж байна. Сүхбаатар, Дорнод зэрэг аймагт чоныг автомашинаараа хөөгөөд нэг дор бараг 20-30-аар нь автомат буугаар хөнөөдөг.

-Хамгаалалтад авсан газ­руудад ан амьтдын тоо толгой өсч байна гээд мэдээлэл хийдэг. Үнэхээр өсч чадаж байна уу?

-Монголын орны тусгай хамгаалалт болон нөхөрлөлийн, иргэдийн, аль нэг байгууллагын хамгаалж байгаа газарт л өнөөдөр ан амьтад тайван амьдарч өсч  эхэлж байна. Сүүлийн цөөхөн жилд ан амьтдыг хамгаалах ажил идэвхтэй өрнөж байгаа. Үүний ачаар тодорхой бүс нутгуудад ан амьтдын тоо толгой өсч байна.

Тарвагаар жишээ авахад Хустайн нуруунд тарвага 1980-аад онд Монголд тарвага байсан хэмжээнд хүртэл өссөн. Ан амьтан ингэж их ховордсон нь ан агнуурын тансаглал Монголд хэрээс хэтэрснийг илтгэж байгаа үзүүлэлт.

Хүн өөрөө бий болгодоггүй мөртлөө байгалийн бий болгосон амьтдыг хобби сонирхол төдийгөөр устгадаг энэ байдлыг зогсоохоос өөр арга байхгүй. Монгол Улсад өнөөдөр бүртгэлтэй 44 мянган анчин үнэхээр ан хийх гээд байж, сууж чаддаггүй юм бол хууль ёсны ан агнуурыг бий болгох ёстой. 

-Агнуурын бүс нутагтай болох яригдаад л байдаг. Ямар шатандаа яваа бол?

Дэлхийн бараг бүх орон ангийн хишгийг хүртдэг газар нутаг буюу агнуурын бүс нутагтай байдаг. Харамсалтай нь манайх л байхгүй. Үүнийг БОНХЯ хийнэ. Бид агнуурын бүс нутаг хаагуур байх вэ, гадаад орнуудын туршлага гээд тал бүрээс нь судалж байна. Ер нь үүнийг хувийн хэвшилд хариуцуулаад явна гэсэн зарчмын чиглэлтэй байгаа.

Амьтны тухай хууль ийм бүс нутаг байхаар заалт байдаг ч ер хэрэгждэггүй юм. Энэ асуудлаар эрхзүйн зохицуулалт хийх, судлах зэрэг олон асуудал байгаа.

-Агнуурын бүс нутгийг иргэн, аж ахуйн нэгж, улсын хэн нь ч хариуцсан бай тодорхой шалгууртай байна байх?

-Ер нь бол агнуурын бүс нутгаас улс түрээс авдаг. Харин хариуцаж авсан иргэн, аж ахуйн нэгж нь тухайн нутаг дээр ан амьтдыг өсгөж үржүүлэх боломжийг бүрдүүлж, түүн дээрээ үндэслэн хууль ёсны агнуур хийлгэх эрхтэй байдаг. Үүнтэй холбоотой хууль, журмуудыг удахгүй гаргахаар ажиллаж байна. Одоогоор Газрын тухай хуульд агнуурын бүс нутгийг газрын нэгдмэл санд оруулах асуудал тулгамдаад байгаа.

Мөн агнууртай холбогдох үнэлгээ, тариф, хэнд хариуцуулах вэ зэрэг асуудлуудыг Герман, Польш зэрэг улсын туршлагаас судалж, төрийн бус байгууллага, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Агнуурын бүс нутгийг хариуцуулахад хувийн аж ахуйн нэгж, иргэнд түрээслүүлэхэд дэлхийд ийм жишиг байна, манайх ингэж хийе, агнуурын бүс нутгийг ингэж зааглая, ямар үнэлгээтэйгээр, аль бүс нутгийг өгөх вэ, эрхийг нь тендер зарлаж олгох уу гэх мэт тодорхой, асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсгүүд ажиллаж байна.

Өөр нэг чухал зүйл нь Монгол орны хэмжээнд агнуурын бүс нутаг хаана хаана байж болох вэ гэдэг судалгааг хийлгэхээр зэхэж  байна. Жишээ нь Өвөрхангай аймгийн нутагт байдаг Өгшгийн нурууг аргалын агнуурын бүс нутаг, Өмнөговь аймгийн тийм нурууг янгирын агнуурын бүс болгох гэх мэтээр хаана агнуурын бүсүүдийг байгуулах вэ гэдгийг эхлээд судалгааны байгууллагаар судлуулах юм. 

Өнөөдөр ангийн зөвшөөрөл  авсан иргэн хаана, хэдэн амьтан агнасныг хянах бололцоо бараг байхгүй. Хэрэв агнуурын бүс нутгийг бий болгочихвол хууль ёсны агнуур бүгд хяналттай болно. Хамгийн гол нь ан амьтад харж хамгаалах, зохистой ашиглуулах эзэнтэй болно.

Нөгөө нэг чухал ач холбогдол нь агнуурын ан амьтад бүхий газар эдийн засгийн эргэлтэд орно. Энэ нь эргээд хүмүүс, нийгэм, хувийн хэвшил ан бүхий газраас ашиг хүртэх, нийгмийн баялаг бүтээгдэх боломжтой болдог. Эдийн засгийн энэ хөшүүрэг нь эргээд ан амьтныг өсгөх рүү түлхдэг. Монголд өнөөдөр 44 мянган иргэн ан хийх сонирхолтой байна гэж үзвэл түүнийг дэмжиж хууль ёсны агнуурыг хөгжүүлье гэж байгаа хэрэг. Үүнээс нийгэм эдийн засгийн олон сайн үр дагавар гарна. Наад зах нь татварын суурь шинэ төрлөөр өргөжинө,  маш олон ажлын байр шинээр бий болно.

Энд би нэг жишээ татъя. ХБНГУ Монгол Улсаас дөрөв дахин бага газар нутагтай, Тэнд 340 мянган анчинтай. Анчид нь агнуурын бүс нутагтаа очиж ан хийдэг. Тэр бүс нутагт нь 700 мянган хүн ажиллаж байдаг. Хувийн хэвшил нь жилд нэг тэрбум еврог зөвхөн агнуурын бүс нутагт хөрөнгө оруулалт хийдэг.

Түрээсээр улс нь олон зуун мянган евро авдаг байх юм. Ийм их хөрөнгийг газар, ан амьтныхаа эдийн засгаас босгож чадаж байна. Иймээс тэд “Манайд ирээд ан хий, хорхойгоо дар, цөөлөөд өгөөч” л гэсэн сурталчилгаа байхаас бус тоо толгой нь цөөрч, ховордож байна гэж гомдоллодоггүй гэсэн.

-Нэг үгээр хэлбэл Монголын байгаль, ан амьтад тодорхой эзэнтэй болно, эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг юм байна?

-Одоогийн тогтолцоо бол хэн нэгэн гахай агнах гэтэл хэнээс, хаанаас зөвшөөрөл авах нь тодорхойгүй, нөгөө хүн нь ажил дээрээ байдаггүй гэх мэт бэрхшээл олон. Харин агнуурын бүс бий болгож, агнуурыг хууль ёсны болгосноор бүх юм тодорхой болно. Агнуурын бүс нутаг эзэнтэй болно.

Ангийн сонирхлууд агнуурын бүс нутаг руу чиглэнэ. Нөгөө хүн зэрлэг гахайн агнуурын бүсэд  шууд очно. Хариуцсан хүнтэй нь уулзаад, төлбөрөө төлчихнө, бусад асуудлаа цэгцэлчихнэ, ангаа хийнэ, хэдийг агнасан тоо баримтаа үлдээнэ, хяналтад орно.

Өөрөөр хэлбэл, бид хэн, хэзээ, хаана ямар галт зэвсгээр ан хийх вэ гэдгийг хянадаг, холбоотой асуудлыг Галт зэвсгийн тухай хуульд оруулчих юм бол үүнийг дагаад хууль бус ан хумигдаж, хууль ёсны ан цэцэглэж, ан амьтдыг ч хомроглон устгахгүй болох юм. Мөн олон хүн ажилтай болж, зэрлэг байгаль эзэнтэй болж, улс татвар авдаг тогтолцоог бий болгохыг бид хүсэж, хичээж байна. Удахгүй ийм сайхан тогтолцоотой болгох зорилт тавин зүтгэж байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • salhi 2014-12-06 08:34:42
    ugui dee henii zahialgaar huuli sanaachlaad bga um be delhii niit naad zevsgiig chin angiin zopiulaltaar ashiglaj bgaa chineeh eh ornoo bodloo yu
    62.122.208.185
    Мэдэгдсэн Хариулах
    • salhi 2014-12-06 08:41:53
      chinii yraid bgaa german ireed naad buugaar chin buudah uu haha boliopoo hogshoon naad ulgeree 3 nastai huuhdede yriarai
      62.122.208.185
      Мэдэгдсэн Хариулах